Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал өнөөдөр Бүгд найрамдах Словак улсын хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга Магдалена Лако Барташёватай хамтран ажиллах санамж бичигт үзэглэлээ. Хоёр улс мал аж ахуй, тэр дундаа сүүний чиглэлийн үхрийн тоог нэмэгдүүлэх болон газар тариалан, шинжлэх ухааны чиглэлээр хамтран ажиллах юм байна.
Манай улсын хүн амын тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын иргэдийн 90 гаруй хувь нь импортын хуурай сүүгээр найруулсан сүүг хүнсэндээ хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн иргэд жилд 90 орчим сая литр сүүг хэрэглэдэг бөгөөд үүний 10 сая литр сүүг л Улаанбаатарын ойр орчимд амьдардаг иргэд нийлүүлдэг аж. Иймээс сүүний чиглэлийн 7500 үхрийг гаднаас авч ирэн нутагшуулж, тоо толгойг нь 12000 мянга болгосноор Улаанбаатарыг 100 хувь үнээний шингэн сүүгээр хангах боломж бүрдэх аж. Үүний санхүүжилтийн гуравны нэгийг Чингис бондын хөрөнгөөр хийх бөгөөд санхүүжилт болох 27.7 сая ам.доллар нь “Голомт” банкинд байршжээ. Харин үлдсэн гуравны хоёрын санхүүжилтийг гаднаас буюу Словак улсын жишгээр оруулж ирэх аж.
Ирэх жилийн өдийд гэхэд сүүний чиглэлийн, үржлийн 4500 үхэр Монголд орж ирсэн байх юм байна. Харин ойрын таван жилдээ нийслэлийн бүх иргэн хүнсэндээ үнээний шингэх сүү хэрэглэх аж.
эх сурвалж: засаг.мн