Баянхонгорчуудын сонголт Л.Элдэв-Очир гишүүн УИХ дахь “дуу цөөтэй”-тэйчүүдийн нэг байлаа. Дээх нь үед үүнийг “короля” гэж нэрлэдэг байсан юм. Гэхдээ энэ парламентад үг хэлдэггүй камерт өртдөггүй гишүүд дэндүү олон байгаа учраас дуу цөөтүүд гээд бүхэл бүтэн бүлэг хүртэл байгуулчихаад байгаа юм л даа.
Эрх баригчид хүүхдийн мөнгийг алгачлахгүй өгнө гэсэн амлалт даа хүрч чадахгүй байгаа учраас УИХ дахь дуу цөөтийн бүлгээ ажиллагаанд оруулж, тэднээр ард иргэдийн дургүйцлийг төрүүлэм үг хэлүүлж, магадгүй үүгээрээ олон нийтэд танигдаад аваг гэж төлөвлөсөн ч байж болох юм.
Харин Л.Элдэв-Очир гишүүнд тун эвгүй даалгавар оногджээ. Тэрээр олон жил MCS компанийн удирдах албан ажилласан чадвартай бизнесмэн хүн. Тэр ч утгаараа мөнгөний амтыг маш мэднэ. Гэтэл төрөхдөө л хөрөнгөтний гэрт мэндэлчихсэн Н.Номтойбаяр, О.Содбилэг нарын амнаас гарах ёстой баймаар амьдралаас хэт тасарчихсан үг бизнесмэний амнаас тэр тусмаа дуу цөөтэй Л.Элдэв-Очирын амнаас гарах нь тэр.
Тэрээр хүүхдийн мөнгөний асуудлыг хэлэлцэж байх үеэр “Эцэг эхчүүдийг хүүхдийн мөнгө аваад л амьдарч байна. Ажил хийхээс залхуурч байна. Таван хүүхэдтэй айлын эцэг эх сардаа 100 мянган төгрөг аваад түүгээрээ тансаглаж байна. Одоо эмч, багш нар ажлаас гарч хүүхдийн мөнгө авах гэж улайрч эхэллээ. Халамжийн бодлогыг зогсоо” гэх утгатай зүйл ярьж олон нийтийн дургүйцлийг хүргэв.
Бодоод үзье. Энэ нийгэмд 100 мянган төгрөгөөр долоон ам бүл битгий хэл нэг хүн ч сар амьдрахад бэрх. Ямар 21 мянга риалити шоу биш. Хүн л юм хойно иднэ, өмсөнө, бас амьдарч байгаа учраас тодорхой зардал гарна. Гэтэл 100 мянган төгрөг аваад л тансаглаад хэвтэж байна гээд эрхэм гишүүн хэнэг ч үгүй ярьчихлаа. Гишүүдийн хэлэх үгийг туслахууд нь бэлтгэж өгдөг л дөө. Тэгэхээр Л.Элдэв-Очир гишүүний туслах л амьдралаас хэт тасарчихсан нэгэн байж гэж ойлголоо. Өнөөдөр багш, сувилагчид сар бүр гар дээр авдаг 500 мянган төгрөгийн цалин хаанаа ч хүрэхгүй хэцүү байна гээд эсэргүүцэж, цалин нэмүүлэхээр тэмцэж байна. Амьдрал дээрх бэлээхэн жишээ, баримт байна шүү дээ. Гэтэл таван хүүхэдтэй айлын эцэг эх сард 100 мянган төгрөг аваад л хэвтэж байхыг хүслээ гэж ярьж байгаа хүн бол ерөөсөө Монголчуудын амьдралыг мэддэггүй хүн байна л гэж ойлгохоос аргагүйд хүргэж байна.
Доллараар цалинждаг, гадаадад офшор данс эзэмшдэг, үр хүүхэд нь төрийн тэтгэлгээр гадаадад сурдаг, автомашины шатахуун, утасны зардлаа төрөөс даалгадаг хүмүүс ийм зүйл яриад явж байвал нээх их гайхахгүй. Харин Монгол нүүр царай болсон томоохон аж ахуйн нэгжийн төлөөлөл, нэр устай бизнесмэн хүн ингэж ярьж байгааг харах тийм ч таатай санагдсангүй.
Олон хүн Л.Элдэв-Очир гишүүнийг уучлалт гуйхыг шаардаж байна. Мэдээж тэнгэрийн амьтан мэт авирлаж, итгэл хүлээлгэж саналаа өгсөн сонгогчдоо доромжилсон энэ үйлдэлдээ уучлал хүсэх нь ухамсартай хүний л үйлдэл. Гэхдээ дээр дурдсан шиг дуу цөөтийн арми олонд танигдах тактик байсан бол цухалдсан, бухимдсан иргэдээрээ бага тохуурхаарай л гэж захимаар байна даа.
Ямартай ч Л.Элдэв-Очир гишүүний тохуурхал байгаа онож, туйлдсан иргэд бухимдаж эхэллээ.
Шар хүү