БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монгол ЛЗ зам гүүр” компани Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Увс аймгийн Улаангомын чиглэлийн 167 км замын ажлийг саяхан эхлүүлжээ. Энэ замыг 660 сая юаны өртөгөөр, 2 жилийн дотор концессоор барьж гүйцэтгэхээр ЗГ-тай гэрээ байгуулсан аж. Зам ашиглалтанд орсноор Завхан аймгийн хойд талын сумд, мөн Увс аймаг УБ хоттой хатуу хучилттай замаар холбогдох юм байна.
Энэхүү бүтээн байгуулалтын нэгээхэн хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү хэмээн УИХ, ЗГ-т санал бодлоо хүргүүлэхээр Завхан аймгийн гаралтай сэтгүүлчид өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэд шинээр эхлэх гэж буй замын ажлыг хийхдээ нэг зүйлийг засч сайжруулаач ээ гэсэн горимын саналыг гаргаж байна. Тус санал нь шинээр баригдах 167 км зам Завхан аймгийн Нөмрөг, Түдэвтэй, Сонгино сумдыг дайран өнгөрөх учиртай байжээ. Гэвч тус сумдад ганц метр хатуу хучилттай зам, ганц хүрз асфальт бетоны ажил хийгдэхгүй байдлаар замын зураг, төсвийг батлажээ. Энэ том бүтээн байгуулалтын ажлыг хийхэд замын машин техник, хүн хүч тухайн бүс нутагт төвлөрөхийг ашиглаад сумын төвүүдэд хэдэн метр зам тавих төсөв тавьж болоогүй юм уу гэдэг талаар Завхан нутгийн сэтгүүлчид ярьж байна.
Энэ асуудлаар зам тээврийн талаар мэргэшсэн мэргэжилтнүүд 660 сая юанны төсөвтэй батлагдсан гэрээний үнийн дүн, замын уртад өөрчлөлт оруулахгүйгээр зарим нэг өөрчлөлтийг эдийн засгийн хувьд үр ашигтайгаар хийж болох талаар дүгнэлт гаргасан байна.
Шинэ зам Тосонцэнгэл сумын баруун талаас 4 замын уулзвар гэдэг газраас эхлэн баригдахаар зурагджээ.
Зургийн дагуу эндээс баригдвал 25 км орчим газар Улиастайн замтай зэрэгцэн, бие биенээ харсан хоёр зам Хүрэн тал дээгүүр давхих болж байна. Улиастай хотын замын ажил өнгөрсөн жилээс эхэлсэн. Суурь далан нь тавигдаад одоо асфальт хучилт хийх дутуу байгаа юм байна. Тиймээс Улаангомын замын эхлэлийг 4 замаас биш, 15 км-ийн цаанаас Улиастайн замаас салаалж эхлүүлбэл дор хаяж 10 км зам хэмнэнэ. Энэ нь эдийн засгийн өртөгөөрөө 5-7 тэрбум төгрөгийн хэмнэлт хийх боломжтой гэсэн тооцоо гарчээ. Замын зургийг ингэж өөрчлөхөд газрын байршлын хувьд ямар ч асуудалгүй гэдгийг мэргэжлийн компани тооцож гарган, салбарын яам, замын мэргэжлийн зөвлөлд хүртэл танилцуулсан ч дэмжлэг аваагүй байна. Концесс бол эргэж төлөгдөх хүүтэй мөэнгө. Тиймээс ийм хайхрамжгүй байдлаар улсын хөрөнгийг үрэн таран хийхгүй байхыг Завханы сэтгүүлчид анхааруулж, эндээс хэмнэсэн 10 км замаа Түдэвтэй сумыг шинэ замтай холбох, эсвэл Нөмрөг, Сонгино, Түдэвтэй сумын төвд хатуу хучилттай зам, тохижилтын ажил хийх байдлаар эдийн засгийн хувьд үр өгөөжтэй оновчтой зарцуулахыг хүслээ.
Эх сурвалж: amjilt.news