Хатан хаан Сисиг монголчууд гурван ангит киногоор нь л мэдэхээс биш, бодит амьдрал нь ямаршуухан өнгөрсөн түүхийг тэр болгон мэддэггүй. Түүнийг насаараа аз жаргалыг хайсаар яваад ололгүй таалал төгссөн өрөвдөлтэй эмэгтэй гэж нэгэн түүхч тэмдэглэсэн байдаг. Баварийн Елизавета I Франц Иосифтай хуримлаж Австрийн Хатан хаан, хожим нь Унгарын Хатан хаан болсон юм. Елизавета буюу Сиси багаасаа л дүрэм журамд баригдах дургүй, өөрийнхөөрөө хүүхэд байсан ч 16 насандаа Франц Иосифтай гэрлэж амьдрал нь орвонгоороо өөрчлөгдсөн билээ. Үндсэндээ түүний гунигт амьдрал эндээс эхэлсэн гэж болно.
Елизавета Амалия Евгения 1837 оны арванхоёрдугаар сарын 24-нд Бавари дахь Виттельсбахын дээдсийн гэр бүлд төрж өсчээ. Түүний ээж, Баварийн гүнж Людовик нь Баварийн Хаан I Людвигийн эцэг нэгт эгч нь байж. Харин аав, Баварийн гүн Максимилиан Иосиф багаасаа циркийн урлаг сонирхдог, Баварийн хөдөө нутаг руу аялж, үүргээсээ зугтдаг, эрх чөлөөг эрхэмлэгч нэгэн байжээ. Энэ занг нь Сиси дуурайж, амьтанд хайртай, морь сайн унадаг, хөдөө аялах дуртай болсон аж. Тэдний гэр бүл дээдсийн угсааных байсан ч хүүхдүүдээ дүрэм журмаас хол өсгөсөн нь гэрийн эзэнтэй холбоотой. Сиси л гэхэд хичээлээ таслаад хөдөө морь унадаг байв.
Сисигийн хадам ээж Софи эсрэгээрээ дүрэм журмыг маш хатуу баримталдаг, зарчимч нэгэн байлаа. Ямартаа л “Хофбург дэх ганц эр хүн” гэдэг хочтой байхав. Тэрбээр хүүгээ танихгүй бүсгүйтэй суулгаснаас үеэлтэй нь суулгасан нь дээр гэж үзэн Сисигийн эгч Нэнэ буюу Хэлентэй хуримлуулахаар тов зарлажээ. Тухайн үед 23 настай байсан Франц Иосиф Нэнэтэй нэг ч удаа уулзаагүй ч чанга гартай ээжийнхээ үгийг дагахаар шийдэв.
Нэнэ ухаалаг, даруу зантай байснаас ч тэр үү, Иосиф тэр хоёрын дунд ямар ч “оч үсрээгүй” билээ. Харин Сисид Иосиф анхны харцаар дурлаж, ээжийнхээ үгээс зөрж, Нэнэтэй гэрлэхгүй гэдгээ хэлэв. Сиси, Иосиф хоёр найман сарын дараа буюу 1854 оны дөрөвдүгээр сарын 24-нд Венагийн Августинерийн сүмд хуримласан юм. Сиси ийнхүү 17 насандаа Хатан хааны хүндтэй үүргийг хүлээн авлаа.
Елизавета ордны ёс зүй, хадам ээжийнхээ өндөр шаардлагыг зөвшөөрч чадалгүй, ордонд очоод удаагүй бие нь муудав. Габсбургийн дээдсийн амьдралын дүрэм журамд Сиси сэтгэл санааны хувьд ямар ч бэлтгэлгүй байсан тул хүнд цохилт болсон нь тэр. Гэр бүл болсон эхний жилүүддээ тэрбээр хадам ээжтэйгээ маш их зөрчилддөг байлаа. Софи Сисигийн охидыг төрмөгц өөртөө авсан нь тэдний харилцааг улам хүндрүүлэв. Сиси хаан ширээ залгамжлах хүү Рудольфийг төрүүлж ордон дахь нэр хүнд нь өссөн ч эрүүл мэнд нь муудсан тул тайван байхаар Унгар луу явжээ. Энэ хугацаанд тэрбээр Унгарын ард түмний хайр хүндэтгэлийг хүлээж 1867 онд Австри, Унгарын Хатан хаан боллоо.
Сиси Иосифтай гэрлээд арван сарын дараа жирэмсэн болж анхны охиноо төрүүлэю. Охинд нь хадам ээж нь өөрийхөө нэрийг өгч, Сисиг “Тэнэг, учраа мэдэхгүй, жоохон хүүхэд” хэмээгээд охиныг нь эд бараа шиг хураан авчээ. Сиси охиноо халамжилж, бүр хөхүүлэх ч эрхгүй болов. Хоёр дахь охин Жизела нь 1856 онд буюу жилийн дараа төрсөн ч эх хүүхэд хоёрыг мөн салгаж орхисон байна.
Сиси, Иосиф хоёрыг нэг удаа Унгарт айлчилж байхад хүүхдүүд нь суулга өвчин тусав. Жизелагийн бие хурдан тэнхэрсэн ч, хоёр настай Софи хүндэрч амиа алдсан харамсалтай эмгэнэлт явдал боллоо. Софи гэдэсний хижиг өвчнөөр таалал төгссөн гэж тухайн үеийн эмч нар, өнөө цагийн эрдэмтэд санал нэгддэг. Амьдралынхаа огцом өөрчлөлтөөс болж гунигтай, гүн сэтгэл гутралтай байсан том охин нь амиа алдсанаар насан туршдаа эдгээгүй сэтгэлийн шарх авсан. Үүний дүнд Сиси бага охиноосоо холдож, уулзах боломж гарсан ч өөрөөсөө түлхэх болжээ. Ээж, охин хоёрын харилцаа эргэж хэзээ ч сэргээгүй.
Елизавета хоёр охин гаргаж, угсаа залгамжлах хүү төрүүлээгүй учраас ордонд ад үзэгдэх болж, нэг өдөр ширээн дээрээсээ “Хатан хаан хүний гол үүрэг бол угсаа залгамжлах хүү төрүүлэх. Хэрэв Хатан хаан аз таарч ханхүү төрүүлбэл, амбийц нь дууслаа гэж ойлгон хаан төрийн засаглалын асуудалд оролцох хэрэггүй. Энэ бол эмэгтэй хүний ажил биш… Хэрэв Хатан хаан хүү төрүүлж чадахгүй бол тэр харь хүн, тэр ч бүү хэл аюултай харь хүн боллоо гэсэн үг. Түүнийг эелдэг, найрсгаар хүлээж авах шалтгаан байхгүй тул төрхөмдөө буцаж, Хааны хайр халамжийг өөрөөр татах арга хайх хэрэгтэй болно. Хаан, улс үндэстэн, хаан төрийн өмнө байр суурь, эрх мэдлээ хадгалахын тулд далд явуулга, урвалт, хор найруулна гэсэн үг…” хэмээсэн захидал олжээ. Үүнийг хадам ээж Софи нь бичсэн нь тодорхой байлаа.
Хатан хаан Елизавета хоёр хүүхдийн хамт. 1858 он.
Түүний бие улам л муудаж, хүнтэй харилцах нь багассан. 1857 оны арванхоёрдугаар сард Сиси гурав дахь хүүхдээ тээхэд нь бие болон сэтгэцийн эрүүл мэнд нь сайжирна гэж ээж нь найдаж байв.
Елизавета 172 см өндөр, дөрвөн хүүхэд тээж төрүүлсэн ч насаараа 50 кг жинтэй байсан. Тэр мацаг барьж, дасгал хөдөлгөөнөөр хичээллэж жингээ барьдаг байлаа. Сиси ордонд ганц зүйлд эрх мэдэлтэй байсан нь өөрийнх нь гоо сайхан. Тиймээс гоо сайхнаа хадгалахыг тэргүүн зорилтоо болгож, энэ нь яван явсаар түүнийг өнгө үзэмжийн боол болсон юм. Дашрамд дурдахад, Сисигийн гоо үзэсгэлэн тухайн цаг үедээ шуугиан тарьсан, ярианы сэдэв байлаа.
Софи охин нь таалал төгсөхөд Сиси олон хоног хоол идээгүй. Энэ нь зуршил болж хожмын сэтгэл гутрал, гунигийн үед нь дахин, дахин илэрсэн. Өмнө нь гэр бүлийнхэнтэйгээ зоог барьдаг байснаа больж, хамт хооллох бол маш бага, маш хурдан идээд л явдаг болжээ. Түүний жин 50 кг-аас дээш гарахад шууд мацаг барьж, хоол огт иддэггүй байсан. Маханд дургүй тэрбээр жимсний шүүс, хөнгөн зутан, өндөг, сүү гэх мэт хоол л иддэг байв.
Франц Иосиф Италитай хийсэн улс төр, цэргийн тэмцэлд ялагдаж, гурван төрөлтийн дараа эхнэртэйгээ ойртохоо больж, хадам ээж нь дарамталж хүүхдүүдийг нь булааж авсан зэрэг хүнд цохилтын дараа Сиси хэт чанга бэлхүүс зүүж, бэлхүүсний тойргоо 40 см болтол тураасан. Энэ мөн л түүнийг сэтгэл гутралаа тайлах нэг гаж зуршил юм.
Түүний биеийг Гессийн хунтайж “хүн бус” хэмээн тодорхойлсон. Нас нь явах тусам жиндээ улам их санаа зовж, өдөрт гурван удаа жингээ үзэж, ууранд байнга суудаж болжээ. 1894 онд тэрбээр 43.5 кг болсон нь хамгийн доод цэг нь байлаа.
Елизаветын урт үсийг харуулсан хөрөг зурах. 1864 он.
Сиси өдөр бүр гурван цаг үсээ самнуулдаг, үс нь хэтэрхий урт байснаас толгой нь их өвддөг байжээ. Түүний үсчин Франциска Фейфалик Венийн Бургтеатрт ажиллаж байсан аж. Сиси хоёр долоо хоногт нэг удаа үсээ өндөг, коньякаар угааж, тухайн өдөр төлөвлөсөн бүх ажлаа цуцалдаг байсан нь гоо сайхандаа хэр их анхаардгийг нь илтгэнэ. Ганц хүүгээ нас барахаас өмнө Сиси үсчингээрээ цагаан үсээ түүлгэдэг байсан ч насан эцэслэх үедээ маш их бууралтсан байжээ.
Тухайн цаг үеийнхээ эмэгтэйчүүдтэй харьцуулахад Сиси гоо сайхны бүтээгдэхүүн, үнэртэй усыг хязгаартай хэрэглэдэг байв. Тэрбээр байгалийн гоо үзэсгэлэнг таашааж, арьс арчилгааны бүтээгдэхүүнийг харин туршихаас айдаггүй нэгэн байжээ. Сиси нүүрэндээ масктай, бэлхүүсэндээ цуунд дүрсэн алчууртай, хүзүүндээ чийгшүүлэгчтэй алчууртай унтаж, өглөө бүр хүйтэн шүршүүрт, орой бүр оливын тостой ваннанд ордог.
Сиси мөнхийн залуу, гоо үзэсгэлэнтэй дүрээрээ дуурсагдахын тулд 32 нас хүрснээсээ хойш хөрөг зуруулж, зураг авахуулахаа больсон.
Франц Иосиф эхнэртээ маш их хайртай байсан ч Сиси түүнд ийм хайраар хариу бариагүй. Франц мөрөөдөмтгий биш, баригдмал, сэтгэл хөдлөлгүй хүн байснаас тэр их хайраа илэрхийлэхдээ маруухан байжээ. Мөн төрийн байр суурь, хувийн амьдралд нь ээж нь насан эцэслэтлээ нөлөөлж, муугаар хэлбэл баздаг байлаа. Иосиф эхнэрийнхээ сониуч занг хүлээн зөвшөөрдөг байсан ч хажуугаар нь гэртээ илүү их цаг өнгөрөөж, хамт байхыг гуйдаг байсан. Гэсэн ч амжилт олоогүй. Сиси багаасаа дотогшоогоо хүн байснаас Хатан хааны үүрэг, нөхөр хоёроосоо аль болох зугтаадаг байв.
Сиси Англи, Франц хэлээр чөлөөтэй ярьдаг, орчин үеийн Грек хэлийг Унгар хэлийн хамт сурсан. Тэрбээр шөнө ном уншиж, бичиж, маш бага унтдаг, тамхи татдаг байсан нь өөрийнх нь талаарх хов живийг улам л нэмсэн. Тухайн цагт эмэгтэй хүн тамхи татна гэдэг сонин ховор үзэгдэл юм. Сиси түүх, философи, уран зохиолд тун сонирхолтой нэгэн. Хаан 1871 онд төрсөн өдрөөрөө авмаар байгаа зүйлийг нь асуухад залуу бар, энгэрийн зүүлт авмаар байгаа ч бүрэн тохижуулсан сэтгэл судлалын төв байгуулж өгвөл хамгийн их баярлана гэсэн байдаг.
Элизавета Унгарын Хатан хаан болсны дараа. 1867 он.
1860 онд Сисигийн уушги хүнд өвдөж, Мадейрад байж эмчлүүлэхийг эмч Шкода зөвлөсөн. Яг энэ үед түүний нөхөр Франц Иосиф жүжигчин, Полл авхайтай явалддаг гэсэн яриа гарчээ. Сиси ордонд ирэхээрээ л ханиагаад эхэлдэг, явахаараа л зүгээр болчихдог байж. Улмаар нөхөр, хүүхдүүдээ орхиж жил, хагас жил, бүр хоёр жилээр ч эмчлүүлэхээр явдаг болов. Ерөнхийдөө түүний бие сэтгэл гутрал, дарамт болон хоолны буруу зуршлаас нь үүдэлтэй, энэ нь хүндэрч сэтгэцийн өөрчлөлтөд хүргэсэн гэж тухайн цагийн эмч нар, өнөөгийн эрдэмтэд санал нэгтэйгээр дүгнэдэг.
Сиси ерөнхийдөө ордны уйтгартай амьдралаас, нөхөртэйгөө ойртохоос, мөн дахин хүүхэд төрүүлж гоо сайхнаа алдахаас эрүүл мэндийн шалтгаан хэлж зугтдаг болсон. Иосиф дахиад нэг хүүтэй болохыг хүссэн ч Сисигийн эмч бие нь дийлэхгүй гэжээ. Сиси нэг удаа “Хүүхэд бол эмэгтэй хүний хараал. Тэд ирэхдээ Бурхнаас өгсөн хамгийн сайхан бэлэг болох гоо сайхныг авдаг” хэмээсэн нь бий.
Маш олон шалтаг хэлсний эцэст Елизавета дөрөв дэх хүүхдээ тээхээр шийдэж 1868 онд Мари Валери охиноо төрүүлсэн. Дөрөв дэх хүүхдээ ашгүй нэг юм өөрөө өсгөх эрхтэй болж, хүүхдүүддээ гаргаж чадаагүй хамаг л хайр энэрэлээ бага охиндоо зориулсан. Гэсэн ч удалгүй аялах хобби нь сэргэж, хүүхдүүдтэйгээ маш бага уулздаг болжээ. Эзгүй хойгуураа нөхрөө ганцаардуулахгүйн тулд Францыг жүжигчин Катарина Шраттай дотносохыг зөвшөөрч, бараг уриалан дууддаг байсан гэнэ. Хожим Франц, Сиси хоёр найз нөхдийн л харилцаатай болсон аж.
Сиси хүний гарт амь алдахаасаа долоо хоногийн өмнө авахуулсан зураг. Швейцарийн Территет.
Ганц хүү Рудольф нь хайртай бүсгүйнхээ хамт Майерлинг дахь ангийн эдлэн газраа 1889 онд амиа хорлосон байдалтай олдсон нь Сисигийн хувьд дааж давшгүй цохилт болжээ. Түүнээс хойш сэтгэл санаа нь хүнд байсаар улс орон захирах үүргээ бүрэн орхиж, ганцаараа дэлхийг тойрон аялах болсон. Түүний аав 1888 онд, хүү нь 1889 онд, эгч Нэнэ нь 1890 онд, ээж нь 1892 онд ойр ойрхон таалал төгссөн билээ. Хүүгээ нас барсны дараа Сиси насаараа хар өнгийн хувцас өмсөж, гашуудлаа илэрхийлэв.
Елизавета 60 насандаа буюу 1898 онд Швейцарийн Женевт аялахаар мордсон. Тэр жилийн есдүгээр сарын 10-ны бямба гарагийн үдийн 13.35 цагт Сиси үйлчлэгчийн хамт буудлаасаа гараад алхаж явахад нь 25 настай, Италийн анархист Луижи Лукенид хутгалж амийг нь бүрэлгэсэн юм. Лукени угтаа бол Орлеансын гүнг алах санаатай байсан ч түүнийг олоогүй тул Сисигийн талаар сониноос олж мэдээд алжээ. Тэрбээр язггууртнуудыг үзэн яддаг байсан бөгөөд “Би бол гэм нүгэлтэй анархист. Би Женевт хүн алах гэж ирсэн. Хэнийг алсан нь надад хамаагүй” хэмээсэн аж.
Елизаветаг ойрхон явсан хүмүүс буудалд нь хүргэж оронд нь хэвтүүлсэн ч тэр үед хэдийнэ амиа алдсан байж. Ухаан нь нэг удаа орж Сисигээс өвдөж байна уу гэж асуухад “Үгүй. Юу болсон бэ” гээд дахин ухаан алджээ. Хэрэв түүний цээжин тус газар зоосон шөвгийг сугалж аваагүй бол цус нь тогтож, эмч иртэл амьд байх магадлалтай байсан гэж эрдэмтэд үздэг. Сисиг амьд үрэгдсэнийг Франц Иосиф сонсоод хамгийн түрүүнд амиа хоролж гэж бодсон. Түүнд зориулж хүндэтгэлийн үдэх ёслол хийж, Австри орон даяар гашуудал зарласан. Елизавета Австрийн төрд 44 жил заларсан нь тус улсын хатан хаад дундаа хамгийн урт хугацаа билээ.