Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-д ажлын айлчлал хийлээ. Тэрээр айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах И.Е.Левитин, “Роснефть” компанийн гүйцэтгэх захирал И.И.Сечин нартай хоёр талын уулзалт хийсэн байна. Энэ үеэр хоёр орны уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны бодлогын болон цаг үеийн асуудлаар санал солилцжээ.
Түүнчлэн Халх голын байлдаанд хамтын ялалт байгуулсны 80 жилийн ойг хамтран тэмдэглэх талаар ярилцсан аж. Мөн “Роснефть” компанийн гүйцэтгэх захирал И.И.Сечинтэй уулзах үеэрээ газрын тос боловсруулах үйлдвэрлэл, газрын тос дамжуулах хоолой, хайгуулын салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын төлөвийн талаар ярилцаж, хоёр талын хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулжээ.
Айлчлалын хүрээнд, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй төлөөлөгчид Хар тэнгисийн Тамань далайн боомт дахь “Таманы нурмаг ачааны терминаль” төслийн талбайд зочилж, газрын тосны агуулах, ачилт, овоолгын станцууд, туузан дамнуургын барилга угсралтын ажилтай танилцсан байна. Дашрамд дурдахад, энэ боомтоор Тавантолгойн коксжих нүүрсийг боловсруулан, гуравдагч зах зээл рүү экспортлоход хамтран ажиллахаар болжээ.