Жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт тэмдэглэдэг Монголын багш нарын өдрийг тохиолдуулан Мэргэжлийн боловсролын салбарын багш нарын баярын нэгдсэн арга хэмжээг энэ сарын 2-ны өдөр “Корпрайт конвейшн” төвд зохион байгууллаа.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 83 МСҮТ, Политехник коллеж үйл ажиллагаа явуулж тэдгээр 4200 шахам багш сурган хүмүүжүүлэгч ажиллаж 40 шахам мянган хүүхэд залуусыг ур чадвартай үндэсний мэргэжилтэн болгох их үйлст хүчин зүтгэж байна.
Монголын багш нарын 52 дахь жилийн арга хэмжээнд МСҮТ, Политехник коллежийн багш нар, УИХ, Засгийн газрын түвшний зочид, хамтран ажиллагч байгууллагынхан, ажил олгогчид, олон улсын байгууллагын төлөөлөл 400 гаруй оролцлоо.
Баярын хурлын гол илтгэлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тавьж мэргэжлийн боловсрол сургалтын салбарын өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ, багш нарын нийгмийн хамгааллыг сайжруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй ажиллах хүчнийг бэлтгэх, тогтвортой, бүтээмжтэй ажиллуулах, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг төрөлжүүлэн хөгжүүлэх, агуулгын залгамж уялдаа холбоог хангах, үнэлгээний систем, чанарын баталгаажилт, хяналтыг боловсронгуй болгохтой холбогдсон бодлогын шинэчлэлийг хийх эрх зүйн орчин хэрэгтэй байгааг онцлоод Мэргэжлийн боловсролын салбарын тогтолцоог хөгжүүлэх, боловсронгуй болгох зорилгоор Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг шинэчлэхээр ажиллаж, үзэл баримтлалыг батлуулаад байгааг дуулгалаа. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд мэргэшлийн үндэсний хүрээг бий болгож төлөвшүүлэх, Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг төрөлжүүлэн хөгжүүлэх, олон эх үүсвэр бүхий санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх, улмаар бие даасан санхүүжилтийн эх үүсвэрт шилжих, багш ажилтныг чадавхижуулах, өсөн дэвших нөхцөл бололцоогоор хангах, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, урамшуулал хөшүүргийг бий болгох, нийгмийн түншлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг өргөн хүрээтэй зохицуулалтыг хийхээр тусгаад байгаа юм. Багш бэлтгэх, давтан сургах, багшийн хөгжил оролцоог дэмжих, багшийн ёс зүйн стандартыг сайжруулах, нийгмийн баталгааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулсан Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль батлагдсан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд илтгэлдээ “Монгол Улсын Засгийн газар, ХНХЯ-наас өндөр ур чадвартай үндэсний мэргэжилтэй ажилтанг бэлтгэхэд анхаарч мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь МСҮТ, политехник коллежид суралцагчдад 100 мянган төгрөгийн тэтгэлгийг сар бүр олгохоор төсөвт 41 тэрбум төгрөг суулгаж буй бөгөөд энэ нь зах зээлд эрэлттэй байгаа нарийн мэргэжлийн боловсон хүчний тоог нэмэгдүүлэхэд хөшүүрэг болно гэж үзэж байна” хэмээсэн юм. Багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тодорхой ажлуудыг хийж буй талаар ч тодорхой мэдээлэл өглөө. Тухайлбал, МБСБ-ын мэргэжлийн зэрэгтэй багш нарт нэмэгдэл хөлс олгох эрх зүйн нөхцөл бүрдсэн бөгөөд цаашид мэргэжлийн зэрэг олгох журмыг мэргэжлийн зэрэгт тавих шаардлага, шалгуур үзүүлэлтийг багшлах үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнтэй шууд хамааралтай болгох, үр дүнтэй ажилласан тохиолдолд жил харгалзахгүй мэргэжлийн зэрэг олгох өөрчлөлт шалгуур, шаардлагыг шинэчилж байх юм байна. Өнгөрсөн онд мэргэжлийн боловсролын салбарын багш, ажилтнуудынхаа нийгмийн баталгааг дээшлүүлэхэд зорилгоор улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшил олгох асуудлыг хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлүүлсэн. 2019 онд урамшууллын хэмжээг 10 хувь, 2020 онд 20 хувьхүргэхээр хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсөвт тусгуулж шийдвэрлүүлэхээр болсон. Сургалтын тав тухтай, стандарт шаардлага хангасан орчин, хэрэглэгдэхүүн чухал учраас цаашид Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр сургуулиудын материаллаг баазыг бэхжүүлэх, багш нарын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, багш бүрийг компьютержүүлэх зэрэг бодитой ажлуудыг хийхээр төлөвлөж буй талаар Багш нарын баярын нэгдсэн арга хэмжээний үеэр ярьсан.
Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын баярт уригдсан хүндэт зочдыг төлөөлж УИХ-ын НББСШУ-ы байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн, “Ажилсаг монгол” хөтөлбөрийн санаачлагч Д.Тэрбишдагва нар үг хэлж, багш нарт баяр хүргэлээ.
Мөн эх орны ирээдүйг дархлагч баялаг бүтээгчдийг төрүүлж буй багш нараа төлөөлж 25 жилийнхээ ойг тэмдэглэж буй Барилга технологийн коллежийн түүх нийгмийн ухааны багш Ш., дээд боловсролын дипломоос ур чадвар, мэргэжлийг илүүд үзсэн суралцагч залуусын төлөөлөл болж Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн оюутан Х.Мандахням, ахмад багш нарын нэрийн өмнөөс Монгол Улсын гавьяат багш Дунжаа нар үг хэлж баяр хүргэлээ.
Баярын хурлын үеэр мэргэжлийн боловсрол сургалтын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүсийг Засгийн газрын шагнал “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан”, “Боловсролын тэргүүний ажилтан”, “Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан” цол тэмдэг, ХНХЯ болон БСШУСЯ-ны “Хүндэт жуух” бичгээр шагнасныг гардуулсан юм. “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан”-аар Өмнөговь аймаг дахь Политехник коллежийн багш Д.Оюунтуяа, Баян-Өлгий аймаг дахь МСҮТ-ийн багш Х.Хурмет, Булган аймаг дахь МСҮТ-ийн багш Н.Дарьсүрэн, Орхон аймаг дахь МСҮТ-ийн багш Б.Алтанцэцэг, Дорнод аймаг дахь МСҮТ-ийн багш Д.Сүхбаатар, “Шинэ иргэншил” дээд сургуулийн дэргэдэх МСҮТ-ийн багш Д.Алтанчимэг, “Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан”-аар Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвийн багш Ж.Мөнхзаяа, “Боловсролын тэргүүний ажилтан”-аар Завхан аймаг дахь Политехник коллежийн багш Э.Өлзийжаргал нарыг шагналаа.
Багш нарын баярыг угтаж салбарын багш, суралцагчдын дунд “Миний мэргэжил сайхан” гэрэл зургийн уралдааныг зарласан бөгөөд уралдаанд нийтдээ 200 шахам бүтээл ирснээс шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж шилдгүүдэд шагнал гардууллаа. Уралдаанд Тэргүүн байрыг Увс аймаг дахь “Улаангом” политехник коллежийн нийгмийн ажилтан Д.Баттулга “Шавийн эрдэм багшаасаа” бүтээлээр тэргүүн байр эзэлж нэг сая, Өвөрхангай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн С.Чинбат “Бид мэргэжилдээ дуртай” бүтээлээр дэд байрт шалгарч 700 мянга, Техник технологийн политехник коллежийн У.Баярбат ахлагчтай баг “Эмэгтэй хүний уран гараар” бүтээлээр гуравдугаар байр эзэлж 400 мянган төгрөгөөр шагнууллаа. Мөн тусгай байрт Дорнод аймаг дахь Политехник коллежийн Б.Рэнчэнчой, Налайх дүүрэг дэх МСҮТ-ийн П.Шинэбаатар нар шалгарсан.
Эх сурвалж: ХНХЯ