Уул уурхайн баялгийг иргэн бүрт тэгш хүртээх үүднээс “Хүний хөгжил сан”-гаас иргэн бүрт 1.5 сая төгрөгийг бэлэн болон бэлэн бус хэлбэрээр олгохоор өмнөх засгийн үед шийдвэрлэсэн билээ. Эрх баригч намууд энэ асуудал дээр хамгийн түрүүнд санал нэгдэж байсан нь саяхан. Өнгөрсөн хугацаанд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд хишиг хувиа бэлнээр болон сургалтын төлбөр хэлбэрээр хүртсэн. Харин огт хишиг хувь хүртээгүй иргэд “хишгээ хүртэе” хэмээн Засгийн газраас нэхэх болсон. Үүний хариуд Засгийн газар иргэдэд “Эрдэнэс таван толгой” ТӨК-ийн 1072 ширхэг хувьцааг эзэмшүүлсэн. Уг ажлыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас албан ёсоор эхлүүлж, Монгол Улсын иргэн 1072 ширхэг хувьцаа эзэмших болсон.
Тухайн үед иргэн таны нэрийн дансанд 1072 ширхэг хувьцаа орсон. Хувьцаагаа засагт зараад бэлэн мөнгөө авна уу, цааш нь арилжаална уу хэрхэн зарцуулах нь таны мэдэл хэмээн сүр бадрааж, үүний хажуугаар ч брокер диллерийн компаниуд борооны дараахь мөөг шиг олширч, Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төвийн ачаалал ч нэмэгдэж иргэд данстай эсэхээ шалгуулахаар дугаарлан зогсох болсон. Гэтэл “Эрдэнэс Таван толгой” ТӨК-ийн хувьцааг юу юугүй л олон улсад гаргаж арилжаалах гээд байсан ч бахь байдгаараа өнөөдөртэй золгож байна. Үүнийг зарим иргэн “Эрдэнэс Таван толгой” ТӨК-ийн хувьцаа ягаан, цэнхэр тасалбар шиг л зүйл боллоо. Хувьцаанаас ашиг хүртэнэ гэж найдах хэрэггүй” хэмээн халаглан суугаа бол нөгөө хэсэг нь “Эрдэнэс таван толгойн хувьцаа одоохондоо амь ороогүй байгаа ч арилжаалагдах юм бол ирээдүйн хөрөнгө оруулалт чулуу болно” хэмээн итгэж сууна. Харин хувьцааны эргэн тойронд ямар асуудал өрнөж байгаа талаар ҮЦТТТХТ-ын дарга Т.Гандуламаас тодруулахад “Улсын хэмжээнд 1.1 сая иргэн хувьцаагаа бэлэн мөнгөөр авах хүсэлт ирүүлснээс оюутны төлбөр, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэх зэргээр 800 мянга гаруй хүн хувь хишгээ хүртчихээд байгаа. Иргэд хувьцаа хэзээ арилжаалагдах бол гэхээсээ илүү гэрээслэх, өвлүүлэх ажилд анхаарахгүй бол нас барсан хүний хувьцаа хүчингүй болж байна. Таны аав, ээжийн дансанд хувьцаа одоо байгаа ч тэднийг эцэг, эх тань гэрээслээгүй болон өвлүүлээгүй өөд болсон тохиолдолд хүчингүй болно. Харин гэрээсэлсэн тохиолдолд арилжаалагдана. Манай төвд одоогоор 200 гаруй мянган иргэн хувьцаагаа үр хүүхэддээ гэрээслэхээр хандсан” гэдгийг хэлж байлаа.
Үүнээс гадна ҮЦТТТХТ-д 1540 аж ахуйн нэгж хувьцаа авах хүсэлт гаргаж мөнгөө байршуулж тус төвийн дансанд 29.2 тэрбум төгрөг төвлөрч байсан бол одоогоор тал нь буцаагдаад байгаа аж. Өдөрт дунджаар 10-20 аж ахуйн нэгж мөнгөө буцаан татах хүсэлт ирүүлж байгаа гэнэ. Үүнээс гадна оюутны төлбөр, эрүүл мэндийн даатгалд тооцуулсан иргэд мөнгөө буцааж хувьцаа хэлбэрээр авах хүсэлтэй байгаагаа ч илэрхийлэх болсон гэнэ. Энэ хүсэлтийг гаргасан иргэд 98 хүн 550 сая төгрөг бэлнээр эргүүлэн төлж хувьцаа эзэмшжээ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд “Эрдэнэс таван толгой” ТӨК-ийн 1072 хувьцааг эзэмшигч 710 мянга гаруй, харин 536 хувьцаа эзэмшигч 11 мянга гаруй иргэн байгаа юм байна. Ямартай ч 2015 онд багтаагаад “Эрдэнэс Таван толгой”-д шинээр IPO хийх бөгөөд энэ үед иргэдэд өгсөн 1072 хувьцааг 1.5-2 сая төгрөгөөр худалдах боломж бүрдэх учиртай гэдгийг албаныхан хэлж байна. Тэгэхээр бид 2015 онд хувьцаагаа эзэмшинэ гэсэн найдвар тээж суухаас өөр аргагүй. Түүнчлэн “Эрдэнэс Таван толгой” ТӨК-ийн ирээдүйн талаар нааштай мэдээллийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг есдүгээр сарын 26-ны өдөр сэтгүүлчдэд өгчээ. Тэрээр “Энэ жил гурван сая тонн нүүрс нийлүүлээд “Чалко”-д өргүй болно. “Чалко”-гийн ерөнхийлөгч ирсэн. Гэрээнд “Эрдэнэс Тавантолгой” компанид ашигтай өөрчлөлт оруулсан талаар түүнд талархал илэрхийлсэн” хэмээн мэдээлсэн. Тэгэхээр албаны хүний хэлж буйгаар манай улс удахгүй “Чалко”-гийн өрнөөс гарч “Эрдэнэс Таван толгой” ТӨК хувьцаагаа арилжаалах боломж бүрдэх нь.
Эх сурвалж: www.assa.mn