Дэлхийн хүүхдүүдийн сайн сайхны төлөө сайн үйлсийг сайн дураар хийж ирсэн Киванис Олон улсын байгууллагын Киванис клуб манай улсад албан ёсоор байгуулагдлаа
Нээлтийн үйл ажиллагаанд АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Rob Tate, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яам, Хүн амын Нийгмийн хөгжлийн яам, Япон улсын Киванис байгууллагаас болон Тоёота, Иточи, Мобиком корпораци, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирж Киванис Олон Улсын Байгууллагаас гэрчилгээ гардуулж өгсөн юм.
Монгол дахь Киванис клубын ерөнхийлөгч Ч.Ганбилэг хэлэхдээ бидэнд 2016 оноос эхлэн АНУ-ын Виржиния мужийн Покосон хотын Киванис клубын салбар клубээр ажиллаж байсан маань их туршлага болсон бөгөөд ашиг олохын төлөө бус, бие даасан клубээ байгуулаад ирээдүйд хүүхдийн сайн сайхны төлөө хөрөнгө босгон, өөрсдийн хүч, хөдөлмөр, цаг зав, мэдлэг чадвараа зарцуулан, Монгол улсын хууль дүрэм болон Дэлхийн Киванисийн байгууллагын дүрэм журмыг дагаж мөрдөн, Дэлхийн Киванисчуудын туршлагаас суралцан эрхэм зорилгоо тууштай баримтлан хэрэгжүүлж, улам шамдан ажиллахаа илэрхийлж байлаа.
Одоогоор тус клубт сайн дураараа элсэн орох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн олон арван хүн байгаа ба тэдгээр хүмүүсийг эгнээндээ нэгтгэн, хаана, хэдийд, ямар хүүхдэд тусламж хэрэгтэй байна тэнд үйлчилгээ үзүүлэх болно гэж клубын ерөнхийлөгч Ч.Ганбилэг хэлсэн юм.