ХДХВ/ДОХ-ын тохиолдол нэмэгджээ

Жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Know your status”буюу “Яг одоо шинжилгээнд..”гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ талаар өнөөдөр ЭМЯ, ДЭМБ,  НЭМҮТ,  ХӨСҮТ хамтран хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

2018 оны эхний 11 сарын 15-ны байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 267 тохиолдол бүртгэгджээ.  Харин 2018 онд  шинээр 16 тохиолдол оношлогдсон байна. Нас баралтын нийт 42 тохиолдол байгаагаас энэ онд 1 тохиолдол нас баржээ.

Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн газрын халдварт бус өвчин хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Ундармаа “Жил бүрийн энэ өдөр ДОХ-ын эсрэг дуу хоолойгоо нэгтгээд 30 жил болжээ. ХДХВ, ДОХ-ын тохиолдол буурч байгаа ч Төв Европ тэр дундаа ОХУ-д 49-өөс дээш хувиар нэмэгдсээр байна. ХДХВ, ДОХ-ын тохиолдлыг тогтоон барьж байгаа ч хөрш оронд тархалт өндөр байгаа нь анхаарлаа сулруулж болохгүйг харуулж байна. Дэлхийд 2017 онд 1.8 сая хүн шинээр халдвар авч, 940 гаруй мянган хүн ДОХ-ын улмаас нас барж байгаа. Харин Монголд 1992 онд ХДХВ-ийн анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 267 хүн энэ халдвараар оношлогдож, 42 нь нас бараад байна.

Засгийн газар ХДХВ-ийн халдвараас сэргийлэхэд онцгой анхаарч 2017 онд ДОХ-ын үндэсний хороо байгуулж, санхүүжилтийг нь нэмэгдүүлсний дүнд тодорхой үр дүнд хүрээд байна. Тухайлбал, ХДХВ-ийн тархалт багатай орны тоонд багтаж байна. Цус, цусан бүтээгдэхүүнээр, эмнэлгийн тусламж үйлчилгээгээр, эхээс хүүхдэд энэ төрлийн халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй. ХДХВ-ийн халдвартай 16 эхээс 24 хүүхдийг эрүүл төрүүлсэн. ХДХВ-ийн халдвартай хүний 43.5 хувийг оношилсон. Үүний 92.8 хувьд эмчилгээ хийж 95 хувийнх нь вирусийг дарангуйлж байна” гэв.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас бэлгийн замаар дамжих халдварт өвчний үеэр харьяа эрүүл мэндийн байгууллагуудын үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, илрүүлэг шинжилгээний хамралтыг нэмэгдүүлэх зорилгоор “Бэлгийн замаар дамжих халдварыг илрүүлэх, тусламж, үйлчилгээнд ээлтэй орчин бүрдүүлье” аяныг  09 дүгээр сарын 19-ний өдрөөс 12 дугаар сарын 19-ний өдрийн хооронд зохион байгуулж байгаа юм байна.

Тиймээс нийт ард иргэд, оюутан залуусыг харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвийн бэлгийн замаар дамжих халдварын кабинетад үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдахыг уриалж байна.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …