УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж эхэллээ. Хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан удирдаж байна.
Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ“Би үндэснийхээ эв нэгдлийг илүүд үзнэ. Шударга ёсонд суурилсан эв нэгдэл хамгийн бөх бат байдаг. Би нэг жилийн өмнө Ерөнхий сайд болохдоо шударга ёсны төлөө ажиллахаа хэлсэн.Тэрнийхээ төлөө ажиллаж байна. Би Засгийн газрын гишүүдтэйгээ ч хариуцлага тооцож ирсэн. Нөгөө талаар би дарангуйлагч биш шүү.
Намайг цэргийн хүн учир дарангуйлагч болно гэж хараад байх шиг байна, үгүй. Би Парламентын засаглалыг дэмждэг. Монгол Улсыг Парламентийн засаглал л авч явна. Гэхдээ энэ засаглалаа улам төгөлдөржүүлмээр байна.
Сонгуулийн тухай хууль, намын тухай хуулиа илүү тодорхой болгох шаардлагатай байна. Улсаа нуруундаа үүрч яваа, бизнес эрхлэгчдээ би дэмжинэ. Харин эсрэгээрээ шударга бусаар баяжиж Монголын баялгийг завшсан нөхөдтэй хатуу тэмцэнэ. Өдөр ирэх тусам би хэлсэн зүйлийнхээ төлөө чангарч ажиллана.