Ж.Бямбадорж: Н.Энхбаярыг баривчлахад хүний эрх зөрчсөн хүмүүст хариуцлага тооцоогүй

bymbadorj  Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Ази номхон далайн бүсийн Хүний эрхийн үндэсний комиссын байгууллагуудын  чуулганд та оролцсон. Энэ хурлаар манай улсын хүний эрхийн байгууллагатай холбоотой ямар асуудлыг онцлов?

-Катарын нийслэл Доха хотод Ази номхон далайн бүсийн Хүний эрхийн үндэсний комиссын байгууллагуудын  чуулганд оролцоод ирлээ. Нийт 20 орчим орны хүний эрхийн үндэсний байгууллагыг нэгтгэсэн байгууллага. Австрали, Шинэ Зеланд, БНСУ, Филипин, Индонез, Энэтхэг гэх мэт орнууд байдаг. Хурлаар бүс нутгийн хүний эрхийн байгууллагад тулгамдаж байгаа  асуудлаар ярилцдаг юм. Энэ байгууллагын 20 дугаар хурлыг 2015 онд эх орондоо хийлгэхээр боллоо. Хоёр жил тутамд энэ хурал болдог. Энэ хугацаанд хурлыг зохион байгуулсан улс тус байгууллагыг даргалдаг. Өөрөөр хэлбэл Тайланд хоёр жил энэ байгууллагыг даргалж байгаад сая Катарт шилжүүлсэн. Ирэх 2015 онд манай ХЭҮК энэ байгууллагыг даргалах юм.

-Хүний эрхийг хамгаалах асуудал манай улсын хувьд бусад оронтой харьцуулахад хэр байна вэ?

-Гадаадын орнуудтай харьцуулахад манай ХЭҮК-ийн үйл ажиллагааг муугүй үнэлдэг юм.  Австрали, Шинэ Зеланд, БНСУ болон Монгол Улсын хүний эрхийн статус нь өндөр үнэллэддэг. Манай улсын ХЭҮК байгуулагдсан цагаасаа хойш хоёр ч удаа аттестатчлагдсан. Өөрөөр хэлбэл хүний эрхийн байгууллагыг 1993 онд фарис хотноо хүний эрхийн үндэсний байгууллагуудад байх ёстой шалгуурыг баталсан байдаг. Энэ шалгуур үзүүлэлтүүдийн дагуу хоёр удаа аттестатчлагдаж, “А” статустай байгаа. Хүний эрхийн үндэсний шалгуур үзүүлэлтүүдийг хангасан гэж үнэлэгдсэн гэсэн үг юм.

-ХЭҮК-т хандах иргэн олон байдаг уу?  

-Гомдол, хүсэлт ирж байна. Ихсэх хандлагатай байна. Энэ нь хоёр талтай байх гэж бодож байгаа. Нэг талаараа иргэдийн хүний эрхийн ойлголт, мэдрэмж нэмэгдэж байгаа юм байна. Нөгөө талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд ХЭҮК-ийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, мэдээлэл түгээх ажлыг сайн хүргэж байгаа. Хүний эрхийг хамгаалах байгууллага байна гэдгийг иргэд мэдэж эхэлсэн учраас хандах нь ихэссэн. Энэ оны есдүгээр сарын байдлаар 522 гомдол ирсэн байна. Үүнийг өмнөх жилийнхтэй харьцуулахад хоёр дахин, түүнээс өмнөх үеүүдтэй харьцуулахад гурав дахин их байгаа юм.

-Хүний эрхийг зөрчсөн ямар гомдол олонхийг нь эзэлж байна вэ?

-Ихэвчлэн мөрдөн байцаалтад шалгагдаж, цагдан хоригдож буй, хорих ангид ял эдлэж буй гомдол хүмүүсээс ирж байна. Хөдөлмөрийн салбартай холбоотой ажлын байр, цалин хөлсний асуудлаар хандах нь их байна.

-Цагдаагийн байгууллага, мөрдөн байцаах үйл ажиллагаатай холбоотой гомдол их ирлээ гэж та хэллээ. Үүнийг ЦЕГ-аас үгүйсгэсэн мэдэгдэл хийж байсан. Энэ мэдээллийн альд нь итгэх вэ?

-Т.Сайнжаргал хурандаа надтай утсаар ярьсан. “Тийм зүйл огт болоогүй шүү” гэсэн.  Гэхдээ энэ талаар цагдаагийн байгууллагаас үгүйсгэсэн албан бичиг албан ёсоор надад ирүүлсэн зүйл алга. Улсын мөрдөн байцаах газрын дарга Ц.Батсүх хурандаатай уулзаж, гарч байгааа өнгө аясынт алаар ярилцаж ойлголцсон. Бид энэ сарын 31-нд Хүний эрхийн дэд хороотой хамтран УМБГ, АТГ, ТЕГ, ЦЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэсүүдийн хамтарсан уулзалтуудыг зохион байгуулах гэж байна. Энэ уулзалтаар мөрдөн байцаах үйл ажиллагааны үеэр эрүү шүүлт тулгах асуудал байж магадгүй байгаа учраас үүн дээр анхаарах, урьчилан сэргийлэх, ийм арга барилаас салья гэдэг асуудлаа ярихаар тохироод явж байгаа. Хэрэг хийсэн хүн ял зэмээ авах нь ойлгомжтой. Харин ялихгүй юмаар хүнийг сүрдүүлдэг тэр байдлаа больё гэж байгаа юм. Нэг үе хорих байгууллагад эрүүдэн шүүх, хүний эрхийг зөрчдөг байсныг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, манай комиссын хочрын олон жилийн хөдөлмөрийн үр дүнд гайгүй болж байгаа. Энэ бол том үзүүлэлт. Харин мөрдөн байцаах үйл ажиллагаа, хүнийг гэм буруутайг тогтоох явцдаа хүний эрхийг зөрчдөг байдлаа зогсоох ёстой юм.

     Нөгөө талаар Монгол Улс эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколыг соёорхон батлахаар УИХ дээр ярьж байгаа. Сая Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ийн чуулганд оролцох үеэрээ протоколд гарын үсэг зурсан. Тэгэхээр удахгүй УИХ-аар энэ асуудал батлагдана. Үүнтэй холбоотойгоор Женевт төвтэй хүний эрхийн байгууллагаас мэргэжлийн хүн ирж энэ сарын 28-31-ны хооронд сургалт  явуулах гэж байна.

-Цагдаагийн байгууллага мөрдөн байцаалтад ашиглахаар эрүүдэн шүүх сандал оруулж ирсэн нь ихээхэн шүүмжлэлд өртсөн. Мөрдөн байцаах газруудад тараасан байснаа буцаагаад татаж авсан. Энэ асуудалд танайх хэрхэн анхаарал хандуулсан бэ?

-Хөдөөд архидан согтуурдаг, танхайрдаг хүмүүст түр хугацаагаар сандлыг ашиглахаар авсан болохоос биш мөрдөн байцаах ажиллагаанд, урьдчилан хорих байранд аваагүй гэж цагдаагийнхан ярьдаг. Сандал сумдуудад тараагдсан юм билээ. Гэхдээ буцаагаад татаж авсан, хэрэглэгдээгүй. ХЭҮК дээр энэ мэдээлэл ирээд, комиссын гишүүн П.Оюунчимэг Хууль зүйн сайдад хандаж асуудлыг нааштайгаар шийдвэрлүүлсэн.

-Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулахдаа хүний эрх зөрчсөн, дарамталсан бол ямар хариуцлага хүлээлгэдэг юм бол?

-Хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Ер нь энэ төрлийн зөрчил нийт мөрдөн байцаах байгууллагуудад гарч байгаа юм биш. Ийм зөрчил зарим нэг газар ажиглагдаж байна. “Нэг эврийн үхэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэхчлэн нэг, хоёр ийм зөрчлөөс болж нийтээр нь тийм байна гэж ойлгож болохгүй юм.

-Гадаадын орнуудад хоригдож байгаа манай улсын иргэн олон байна. БНХАУ-д бол хамгийн олон хүн ял эдлэж байгаа. Тэгэхээр энэ хүмүүсийн эрхийн асуудалд танай ХЭҮК хэрхэн анхаарал хандуулдаг вэ?

-Аль ч улс нөгөө улсынхаа дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх ёстой. Энэ бол улс хоорондын харилцааны хамгийн том зарчим. Өөр улсын нутаг дэвсгэр дээр явж байгаад ял шийтгүүлсэн бол тухайн улсын дотоод асуудал байдаг. Түүнд хэн ч оролцож чадахгүй. Гадаадын оронд явж байгаад гэмт хэрэг үйлдээд, ял шийтгүүлсэн бол Монголын төр хөөцөлдөхөөс өөр арга байхгүй. Яагаад гэхээр манай иргэн гэдэг бол Монгол гэдэг айлын хүүхэд нь шүү дээ. Эцэг эх хүүхдийнхээ төлөө явахаас арга байхгүй. Буруу юм хийсэн ч эцэг эх нь үрийнхээ төлөө явдагтай адил, улс иргэнийхээ төлөө явах ёстой. Гадаад харилцааны яам, цагдаагийн байгууллага харилцаатай газруудаараа дамжуулж ажиллахаас өөр аргагүй. Улс орнуудтай Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ гэж байгуулдаг. Энэ нь хоёр улсын Засгийн газар гэрээ байгуулаад харилцан иргэддээ хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, ялтан солилцох ажлыг зохион байгуулдаг.

Сүүлийн үед энэ гэрээг тийм амархан байгуулчих боломжгүй байна. Яагаад гэхээр дэлхийн даяарчлал явагдаж, иргэд улс хооронд чөлөөтэй зорчих болсон тохиолдолд гадаадын иргэд гэмт хэрэгт холбогдох тохиолдол их болсон. Энэ нь тухайн улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журам, иргэдийн эрүүл мэнд амь нас үүнтэй холбоотой байдаг учраас улс орнууд дотоод асуудлаа тэр болгон гадны улстай хуваалцаад байдаггүй. Тийм учраас би “Хүний газар нэрээ, өөрийн газар ясаа” гэж ярьдаг. Энэ зарчимыг боддог баймаар байна. Гадаадад байгаа манай иргэд хэрэгт холбогдохгүй байх тал дээр анхаарч байх ёстой. Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн асуудалд Монголын төр яаж ч чадахгүй байна. Тийм учраас гадаадын улс орон манай асуудлыг нэг их ач холбогдол болгож авахгүй. Улс энэ асуудалд туслах нь маш хүнд хэцүү.  Гэхдээ ингэж хэлж байгаа нь төр гадаадад эрхээ хасуулсан иргэнийхээ асуудалд анхаарал хандуулахгүй гэж байгаа юм биш. Ер нь тусламж, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэхэд хэцүү гэдгийг л хэлж байна. Хөөцөлдөөд ч үр дүнд хүрэхгүй тохиолдол байдаг.

МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүнийх нь хувьд хүний эрхийнх талаас нь болоод эрүүл мэндийнх нь хувьд анхаарал хандуулдаг уу?

-Н.Энхбаяр гуайг анх баривчлахад хуулийнхан хүний эрх болон хуулийн олон заалт зөрчсөн байна гэдэг мэдэгдлийг бид хийж байсан. ХЭҮК хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын үйл ажиллагаанд байгаа гомдолыг хүлээж авахгүй гэсэн хуультай. Гагцхүү энэ явцад эрүүдэн шүүсэн үү, эрхийг нь зөрчсөн үү гэдэг асуудалд нь бид оролцдог.  Хүний эрхийн асуудлыг нь авч үздэг. Тийм учраас бидэнд Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйл анги нь зөв байсан уу, үгүй юу гэдэг нь бидний холбогдох асуудал биш. Гомдол  ирвэл түүний дагуу асуудлыг авч үздэг. Одоогоор Н.Энхбаяртай холбоотой гомдол санал ирээгүй байна.

-Н.Энхбаярыг баривчлахтай холбоотойгоор хүний эрхийг зөрчсөн гэж хууль шүүхийн байгууллагад танайхаас хандсан. Баривчлах ажиллагааг явуулсан цагдаагийн байгууллагын албан тушаалтнуудад хариуцлага тооцсон юм уу?

-Нэгэнт болоод өнгөрсөн. Цаашид л энэ асуудалд анхаарал хандуулах шаардлагатай. Одоо засаад л явахаас биш, түүн дээр хариуцлага тооцсон хүн байхгүй шүү дээ.

 -Баривчлах ажиллагааны үеэр хүний эрхийг зөрчсөн ч, цаашид засна гээд өнгөрөөж болохгүй биз дээ? 

-Үгүй л дээ. Эрүүдэн шүүхийн эсрэг олон улсын конвенци болон Монгол Улсын хуулийн тодорхой заалтуудыг баривчлах явцад зөрчлөө гэсэн ирсэн. Тийм учраас энэ асуудлыг шалгаж, гэм буруутай хүмүүст хариуцлага тооцох талаар Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд гомдлыг шилжүүлсэн. Бид энэ гомдлыг шалгаад тогтоох үндэслэл байхгүй. Тэгээд тэр талаар юу болсон, ямар хариуцлага  тооцсоныг мэдэхгүй байна. Би лав хариуцлага тооцсон талаар сонсоогүй. Хариу ч ирүүлээгүй.

          Мөн өлсгөлөн зарласаных нь дараагаар 2012 оны тавдугаар сарын 9-нд АТГ, ШШГЕГ, Нийслэлийн прокурорын газарт зөвлөмж хүргүүлж байсан. Гэм буруутайг нь шүүхээр эцэслэн шийдээгүй, сэжигтэн яллагдагчаар татагдан цагдан хоригдож байгаа хэн боловч эмнэлгийн үйлчилгээ авах, эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй гэдэг үүднээс эрүүл мэндэд нь анхаарч, амь насанд нь анхаарал хандуулна уу гэдэг зөвлөмж өгч байсан. Нийслэлийн прокурорын газраас тухайн үед хэд хоногийн дараа тавдугаар сарын 17-нд хариу илүүлсэн байдаг. “Эмч нарын дүгнэлтийг үндэслэж Клиникийн нэгдсэн II эмнэлэгт шилжүүллээ” гэсэн байсан.

ЭХ СУРВАЛЖ: УЛС ТӨРИЙН ТОЙМ СОНИН

Т.АМАРТҮВШИН

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …