НМХГ-аас Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нүүрсний цооногуудад хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээллээ.
Налайх дүүрэгт нүүрс олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч 20 аж ахуйн нэгжид Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох дүрэм, журам стандартын хэрэгжилтийг шалгах зорилгоор дөрвөн хяналтын чиглэлийн 11 улсын байцаагч шалгалт хийсэн байна. Шалгалтаар есөн тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн талбай 41.3 га эвдэгдсэн нь тогтоогджээ. Харин Сүмбэрхудаг ХХК, Таван шүтээн ХХК, Хэлтрэгэ ХХК-иудын талбайд есөн нөхөрлөлийн 83 ам цооногт 590 иргэн нүүрс олборлож байна.
Налайх дүүрэгт нүүрс олборлолтын улмаас сүүлийн 10 жилд уурхайн осол 137 удаа гарч 274 хүн аврагдаж 126 хүн амь насаа алдсан
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “ Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бичил уурхайн нийт 22 аж ахуйн нэгж бий. Үүнээс 10 аж ахуйн нэгж нь үйл ажиллагаа явуулдаг.
Сүмбэрхудаг ХХК-ийн тухайд нөхөрлөл байгуулаад үйл ажиллагаа явуулдаг. Сүүлийн хоёр жилийн дотор тус компанийн талбай дээр найман хүн амь насаа алдсан. Хүний амь нас, хариуцлагын асуудлыг гэрээндээ тусгахгүйгээр зөвхөн мөнгөний гэрээ хийгээд түүнийгээ нөхөрлөлийн гэрээ гэж зарлаж болохгүй. Нөхөрлөлийн гэрээний стандартаа шинэчлээд хүний амь нас аюулгүй байдлыг хангах талаар нэмэлт оруулах хэрэгтэй. Сүмбэрхудаг ХХК компани 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүй уурхайнуудын лицензийг цуцлах ёстой. Хууль бус үйл ажиллагаа явуулчихаад лицензийг нь хураана гэхээр ард түмэн ажилгүй боллоо гэдэг зангаа татах хэрэгтэй. Мөн НМХГ-аас Ашигт малтмал газрын тосны газарт газрын хэвлийн тухай хуулиар санал хүргүүлнэ. Нийслэлийн Засаг дарга улсын байцаагчийн дүгнэлтүүдийг хүргүүлнэ. Нийслэлийн байгаль орчны газарт байгалийн нөхөн сэргээлт хийгдэхгүй байхад гэрээг нь үргэлжлүүлээд байгаа асуудлаар албан тоот хүргүүлнэ. Хүний аминаас үнэтэй лиценз гэж байдаггүй юм. Ингээд Нийслэлийн Мэргэжлийн хяналын газраас Сүмбэрхудаг ХХК-ийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг хүргүүлнэ” гэв.
Манай талбай дээр хууль бус цооногууд гарч эхэлсэн нь үнэн
“Сүмбэр худаг” ХХК-ны гүйцэтгэх захирал С.Ганбат: Манай талбай дээр хууль бус цооногууд гарч эхэлсэн нь үнэн. Тэгээд холбогдох газруудтай хамтран талбайгаа хамгаалах үйл ажиллагаа явуулсан боловч үр дүнд хүрээгүй. Манай компани орлогын албан татвар болон бусад татварыг хууль журмын дагуу төлөөд явдаг. Мөн нөхөрлөлийн үйл ажиллагааг хариуцлагатай байлгах үүднээс сургалтууд байнга явуулж байгаа. Хөдөлмөр аюулгүйн байдлын зааварчилгаа байнга өгч ажилладаг.