Их хотын давчуу амьдралтай хамт зэрэгцэн өссөн эзэнгүй золбин ноход, байрны подвалиудад үүрлэсэн муурнууд хаа сайгүй харагддаг. Зарим нь онгорхой хаалга цонхоор хулгай хийж, бага насны хүүхдийн гараас тортой зүйлийг булаах гэх мэт эгээ л хүнтэй адил авирлах болжээ. Зарим нэг үхсэн муурны сэг эзэнгүй подвальд үмхийрч эвгүй муухай үнэр ханхлуулж иргэдийг бухимдуулсан ч хэрэг нэлээдгүй гарсан.
Тэгвэл “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас нийслэлийн нутаг дэвсгэрт олширсон эзэнгүй муур нохдын улмаас иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна гэж үзэн золбин нохой, муур устгах ажлыг эрчимжүүллээ.
Улаанбаатар хотод маань нэг сая орчим иргэн амьдардаг. Гэтэл золбин муур нохойны тоог гаргахад 200 мянга орчим байгаа ажээ. Эдгээр золбин ноход муурийг устгахаар 11 гэрээт анчин ажиллаж байгаа юм байна. Гэсэн ч 200 мянган тэнэмэл золбин ноход, муурийг авлахад 11 анчин хаанаа ч хүрэхгүй байгаа гэнэ.
Урьд нь нэг муур, нохойг устгах зардал 5000 төгрөг байжээ. Харин Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 06 сарын 17-ны хуралдаанаар золбин муур, нохой устгалын зардлыг шинэчлэн тогтоож нэг нохой, муурийг 7500 төгрөг болгож өөрчилсөн байна.
О.Рана