Монголын тулгар төр байгуулагдсаны 2222, Их Монгол улс байгуулагдсаны 807, Тусгаар тогтнолын 102, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх Комиссийн гишүүд өчигдөр хуралдлаа. Энэ жилийн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхэд 50 гаруй тэрбум төгрөг зарцуулахаар болжээ.
Баяр наадмыг угтаж ирэх долдугаар сарын 11-нээс өмнө урьтан хэд хэдэн бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Хүй долоон худагт автозам тавьж, 3000 үзэгчийн суудалтай асар, 7000 автомашины зогсоол зэргийг барьж байгуулах ажээ. Үүнд Баяр наадамд төсөвлөсөн 50 тэрбумын төгрөгийн дийлэнхи хэсгийг буюу 40 тэрбумыг нь зарцуулах юм байна.
Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн суудлыг засч тохижуулах, боловсронгуй бие засах газар байрлуулах зэрэг олон ажлууд төлөвлөгөөнд багтжээ.
Энэ удаагийн Үндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын ёслолын урлагийн тоглолтыг Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам удирдан, зохион байгуулах юм байна.
Эрчим хүч
Эрчим хүчээр хангах гэрээг шинэчилэхээр болов
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК нь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгээ шинэчлэн 2013 оны зургаадугаар сарын 3-аас наймдугаар сарын 1-ний хооронд аж ахуйн нэгж, айл өрх бүртэй байгуулахаар болжээ.
Нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Налайх, Багахангай дүүрэг, Зуслан чиглэл, Төв аймгийн 16 сумын 240 гаруй мянган хэрэглэгч энэ ажилд хамрагдана.
Монгол Улсын “Эрчим хүчний тухай хууль” болон бусад холбогдох хууль, дүрмийн дагуу хангагч хэрэглэгчийн хоорондын харилцааг шийдвэрлэхэд шаардлагатай асуудлыг тусгах, хэрэглэгчдэд чиглэсэн заалт, нөхцлүүдийг уян хатан болгох зорилгоор тус компани нь “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-г шинэчилсэн байна.
Гэрээг боловсруулахдаа Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас саналыг нь авч тусгажээ. Тиймээс аж ахуйн нэгж, айл өрх бүр цахилгаан эрчим хүчээр хангах гэрээгээ дээрх хугацаанд өөрийн харьяа “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн хүлээн авах танхимд очиж байгуулах юм байна.
Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд Даваагаас Баасан гарагт 9:00- 19:00 цаг хүртэл, Бямба гарагт 10:00-16:00 цаг хүртэл ажиллах ажээ.
Эх сурвалж:
Санал болгох мэдээ
Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …