Фото: Холливудын алдартнууд Монголд

“Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмын нээлтийн ёслол өнөөдөр /2019.05.01/ Corporate Convention центр ёслол төгөлдөр боллоо. “Холливуд Монголд” төслийн удирдагч, “Хануй филм” ТББ-ын тэргүүн А.Баярцэцэг анхдугаар наадмыг нээн үг хэллээ.

Тэрбээр наадмыг нээж хэлсэн үгэндээ “Олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг зохион байгуулах санаа анх ном орчуулах санаанаас төрсөн. Нэг удаа Ивана Чаббак зохиолчийн “The Power of the actor” номыг худалдан авч уншсанаас хойш энэ номыг Монгол хэлнээ орчуулж, үеийн найзууддаа уншуулах юмсан гэсэн хүсэл эрмэлзэл хоёр жилийн өмнөөс төрсөн. Энэ номыг орчуулахын эхлээд тулд зохиолч Ивана Чаббакийн веб сайт руу албан ёсны хүсэлт тавьсан.

Тэгтэл төсөөлж байгаагүй хариу ирсэн юм. Ивана Чаббак “Хэрвээ энэ номыг Монгол хэлнээ орчуулаад хэвлээд гаргачих юм бол би Монголд хүрэлцэн ирээд үнэгүй сургалтууд хийх хүсэлтэй байна” гэсэн юм. “Холливуд Монголд” наадам  Монголын кино урлагийн салбарын цаашдын хөгжилд хувь нэмэр оруулах, олон улсын туршлагатай уран бүтээлчдийг Монголдоо авчирч тэднээс суралцах, харилцаа холбоо тогтоож хамтын ажиллагааны боломжийг бүрдүүлэх зорилгын үндсэн дээр  мэргэжлийн ах эгч нарын маань зөвлөгөөгөөр хамтран бүтээж байгаа фестиваль юм. Монголын кино урлаг мандан бадрах болтугай” гэлээ.

Олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмын нээлтийн ёслол өндөрлөсний дараагаар  хөтөлбөрийн дагуу  Холливудын алдартай “А” зэрэглэлийн жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак “Дүр бүтээх 12” аргачлал сэдвээр Монголын кино  урлагийн уран бүтээлчид лекц тавьлаа. Үүний дараа түүний Лос Анжелес Таймсийн шилдэг борлуулалттай ном болох “Дүр бүтээх увдис” номын нээлт болсон юм.

Энэ үеэр Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, МУСТА С.Болд-Эрдэнэ Ивана Чаббакийн “Дүр бүтээх увдис” номыг уншсан сэтгэгдлээ хуваалцав. Тэрбээр” “Дүр бүтээх увдис” номд Холливудийн алдартай, Оскарын шагналт жүжигчдийн дасгалжуулагч Ивана Чаббак жүжигчин хүний дүр бүтээх 12 арга барилыг шингээсэн юм. Монгол хэлнээ хөрвүүлэгдсэнээс хойш анхны уншигчдын нэг болсны хувьд энэ номд бидний мэддэг болон мэдэхгүй олон зүйлийг багтаасан юм билээ. Залуу уран бүтээлчид төдийгүй жүжигчид, найруулагчид уншсанаар дэлхийн тавцанд нэрээ цуурайтуулах уран бүтээл туурвихад нь асар их түлхэц өгнө гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.

Олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадмыг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байгаа нь  гадны туршлагатай уран бүтээлчтэй  харилцаа холбоо тогтоон, дараа дараагийн хамтын ажиллагааны суурийг тавих, ирээдүйд хамтран кино бүтээх, дэлхийн хэмжээний томоохон кино зураг авалтыг Монгол Улсад хийх боломжийг бүрдүүлэх, эх орноо сурталчлах чухал ач холбогдолтой гэдгийг наадмыг зохион байгуулагчид онцлон хэлэв.

Наадмын хүрээнд:

-5 сарын 1-нд Корпорейт конвеншн центрт “Дэлхийд гарах боломж” сэдвээр бүтэн өдрийн турш хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна.

-5 сарын 2-3-ны хооронд IMAX-д тусгай уулзалт, сургалтууд

-5 сарын 2-нд “Cinema award” зохион байгуулах ба Монголын шилдэг кинонуудыг шалгаруулна.

-5 сарын 1-7-ны хооронд “Домгийн жимээр” дэлгэцийн уран бүтээлийн зураачдын үзэсгэлэн MN tower –ийн 17 давхарт байрлах MN ART галерейд олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулагдана.


Танилц: “Холливуд Монголд” олон улсын кино уран бүтээлчдийн анхдугаар наадамд хүрэлцэн ирсэн  уран бүтээлчид

Tim Coddington (Продюсер)

Тим Кодингтон нь кино урлагийн салбарт 20 гаруй жил ажилласан чадварлаг продюсер юм. Түүний продюсерээр ажилласан “Галзуу баян Азиуд” кино нь 76 дахь “Алтан бөмбөрцөг” кино наадмаас “Шилдэг кино зураг”,  “Шилдэг эмэгтэй дүр”-ийн шагнал, Кино шүүмжлэгчдийн холбооны “Шилдэг инээдмийн кино”, 25 дахь Кино жүжигчдийн холбооны “Шилдэг үзүүлбэр” шагналыг хүртжээ.

Тим Кодингтон “Ноён Пип” уран сайхны киноны ерөнхий продюсер, “Марко Поло” телевизийн цуврал киноны гүйцэтгэх продюсер, “Мулан” кино төсөл дээр ерөнхий продюсераар ажиллаж байна.

Ivana Chubbuck (Жүжигчдийн дасгалжуулагч)

Ивана Чаббак нь “Чаббак” техникийн зохиогч, “Ивана Чаббак” студийн үүсгэн байгуулагч, захирал бөгөөд тэрээр кино урлагийн салбарт “Алдартнуудын зөвлөх” гэдгээрээ олонд танигдсан, хамгийн эрэлттэй дасгалжуулагчдын нэг юм. Тэрээр Холливудын “А” зэрэглэлийн 100 гаруй найруулагч, зохиолч, жүжигчидтэй ганцаарчлан ажиллаж, түүний 40 орчим  жилийн хугацаанд дасгалжуулсан жүжигчдээс Charlize Theron, James Franco, Halle Berry, Brad Pitt, Jake Gyllenhaal, Sylvester Stallone, Jared Leto зэрэг олон жүжигчин Оскарын шагнал хүртсэн түүхтэй.

Rudy Youngblood (Жүжигчин)

Жүжигчин Руди Янгблад уран бүтээлийн гараагаа 2006 онд Мел Гибсоны зохиолыг нь бичиж найруулсан “Апокалипто” киноны гол дүрд тоглон эхлүүлжээ. Энэ дүрээрээ 15 дахь Америкийн урлагийн холбооны “Шилдэг эрэгтэй дүр”-ийн шагналыг хүртсэн бөгөөд энэ кино нь Оскарын шагналд дэвшсэн юм.

Мөн тэрээр “Beatdown” киноны холимог тулааны урлагийн Брандон, “Салхинд туугдагсад” киноны Матти Кингстоны дүрээрээ улам алдаршсан бөгөөд одоогоор “The Moment”, “In-Security”  зэрэг кино төсөл дээр ажиллаж байна.

Joachim Zell (Image scientist)   

Йоахим Зелл нь  өнгө хувиргах “EFILM” компанийн технологи хариуцсан захирал бөгөөд Америкийн зураглаачдын холбооны гишүүн, кино телевизийн магистрын зэрэгтэй.

Түүний оролцсон бүтээлүүд болох “Сэлмэн дээр гүйгч 2049”, “Х-хүн -Өнгөрсөн ирээдүйн өдрүүд”, “Карибын тэнгисийн дээрэмчид – Үхсэн хүн үг хэлдэггүй”,  Sicario зэрэг олон кино нь блокбастер болж байсан. Тэрээр “Сэлмэн дээр гүйгч 2049” киногоороо Оскарын шагналыг хамтран хүртжээ. Мөн Йоахим Зелл “Атганд үлдсэн эрдэнэ”, “Чингисийн хүүхдүүд” кинонд  ажилласан юм.

PoPing AuYeung (Дүр сонгон шалгаруулалтын найруулагч)

Попинг Аувеун нь жүжигчдийн дүр сонгон шалгаруулалтын чадварлаг найруулагч бөгөөд тэдний нуугдсан авьяасыг нээж, шинэ төрхийг нээн, тохирох дүрд нь оноодог чухал үүргийг гүйцэтгэдэг юм. Түүний ажилласан “Мэг”, “Каратэ жаал” уран сайхны кино, “Марко Поло” цуврал нь Box Office-ийн шилдэг бүтээлүүдээр шалгарч байв. Попинг энэ онд Мулан кинонд ажиллаж байгаа юм.

Тэрээр Кино болон телевизэд  30 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд  Ази, Хойд Америк дахь жүжигчид, уран бүтээлчдийг төлөөлөх агентлаг, бусад энтертайнмент салбарын гол төлөөлөгчидтэй хамтран ажилладаг юм.

Carlo Antonio Gentile (Кино шүүмжлэгч)       

Карло Антонио Жентил нь сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд Италийн кино шүүмжлэгчдийн холбоо, Олон улсын кино шүүмжлэгчдийн холбооны гишүүн юм. 1986 оноос RAI радиод ажиллаж, “А” зэрэглэлийн кино наадамд алгасалгүй оролцож, наадмын бүтээлүүдийн тухай  кино шүүмжийг бичжээ. 2011 оноос Италийн кино шүүмжлэгчдийн холбоог төлөөлөн Олон улсын Канн, Берлин, Венец, Лос Анжелесийн кино наадмуудад оролцож, Азийн орнуудтай хамтран “Рай” кино наадмыг Европын олон хотод зохион байгуулсан.

Vanja Cernjul (Зураглаач)                   

Ваня Чернюл нь 1998 онд Хорватын Зураглаачдын Нийгэмлэгийн гишүүн болсон бөгөөд 2013 оноос Америкийн зураглаачдын холбооны гишүүнээр ажиллаж байгаа авьяаслаг зураглаачийн нэг юм. Тэрээр 20 гаруй кино уран бүтээлд зураглаачаар ажиллаж,  телевизийн олон нэвтрүүлэг, төсөлд ажилласан туршлагатай. НВО сувгийн ”Чөтгөр” цуврал, Netflix-ийн “Марко Поло” цуврал болон “Галзуу баян Азиуд” кино нь түүнийг улам алдартай болгосон юм.

Тэрээр Америкийн зураглаачдын нийгэмлэг (ASC)-ээс  “Шилдэг зураглал”,  Стокхольмийн олон улсын кино наадмаас “Шилдэг зураглал”, ”Pula Film Festival Golden Arena” кино наадмаас “Шилдэг зураглал”, New York Film Festival-ын “Kodak Vision’’ шагналыг тус тус хүртжээ.

Vithaya Pansringarm  (Жүжигчин)    

Жүжигчин, зохиолч Витаяа Пансрингарм нь “Зөвхөн бурхан л өршөөдөг”, “Сүүлчийн гүйцэтгэгч”,  “Мэконг ажиллагаа” болон “Мэг” зэрэг кинонд гол болон туслах дүрийн жүжигчнээр ажиллажээ.

Тэрээр Шанхайн олон улсын кино наадмаас “Сүүлчийн гүйцэтгэгч” киноны дүрээрээ “Шилдэг жүжигчин” шагнал хүртсэн бол энэхүү кино нь Surasawadi наадмаас “Шилдэг зураглал”, “Шилдэг зохиол” шагналуудыг хүртсэн. Түүнчлэн 2015 онд найруулагч, жүжигчин Доржсүрэнгийн зохиож, найруулсан “Элэг нэгтэн” хэмээх Монголын уран сайхны кинонд туслах дүрийг бүтээсэн бөгөөд уг кино нь Энэтхэгийн кино наадмаас 2016 онд шагнал хүртсэн билээ.

Kees Van Oostrum (Америкийн зураглаачдын нийгэмлэг (ASC)-ийн Ерөнхийлөгч) 

Кеес Ван Оострум нь 1993 онд Америкийн зураглаачдын нийгэмлэгийн гишүүн, 2004 онд Оскарын зураглаачдын холбоонд уригдаж, улмаар 2016 оноос Америкийн зураглаачдын нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

                Түүний зураглаачаар ажилласан  “Сүүлчийн боломж” баримтат кино нь Эммигийн шагнал авсан бол “Miss Rose White”, “Ганцаардмал тагтаа руу эргэж ирсэн нь” уран сайхны кинонууд нь Эммигийн шагналд нэр дэвшиж байв. “Нотолгооны дарамт”, “Медузагийн хүүхэд ба Спартакус” киногоороо Америкийн зураглаачдын нийгэмлэг (ASC)-ийн  “Шилдэг телевизийн уран бүтээл” шагналыг хүртжээ. Мөн Ван Оострумын шилдэг бүтээлүүдэд бодит түүхээс сэдэвлэсэн “Бурхад ба Генералууд”  яах аргагүй багтана.

Llyod Kaufman (Independent Film & Television Ерөнхийлөгч)

Кино найруулагч, зохиолч, жүжигчин Ллойд Кауфман нь өдгөө Бие даасан кино болон телевизийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Тэрээр “Troma entertainment”-ийг хамтран үүсгэн байгуулж, ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. 1984 онд түүний бүтээсэн “The Toxic Avenger” цуврал уран сайхны кино нь “Marvel entertainment”-д хэд хэдэн комик ном болон хэвлэгдэж, мюзикл байдлаар тоглогдсоор байна.

Patricia Swinney Kaufman (Нью Йоркийн Үндэсний киноны бүрэн эрхт төлөөлөгч)  

Патришиа Свинни Кауфман нь Нью Йоркийн Үндэсний киноны бүрэн эрхт төлөөлөгч, Нью Йоркийн Үндэсний киноны холбооны  ТУЗ-ийн гишүүн, “Хамптон олон улсын кино наадам”-ын нарийн бичгийн даргаар ажилладаг бөгөөд хуульч мэргэжилтэй. Нью-Йоркийн татварын урамшууллын хуулийг батлахад том үүрэгтэй оролцсон юм.

Тэрээр Variety сэтгүүлээс эрхлэн гаргадаг нөлөө бүхий 50 хүчирхэг эмэгтэйн жагсаалтад багтсан бөгөөд 2010 онд Нью Йоркийн кино телевизийн урлагийн эмэгтэйчүүдийн холбооны “Muse Award”  шагнал хүртэж, 2013 онд Нью Йорк мужийн Готам хотын 50 эрхмийн нэгээр тодорчээ.

David Petrarca (Найруулагч)           

Найруулагч, продюсер Дэвид Петрарка нь НВО сувгийн  “Хаадын тоглоом”, “Жессика Жонс”, “Марко Поло” зэрэг цуврал кино, Netflix-ийн “Alienist” болон “Дайчин”  төслүүдэд найруулагчаар ажиллажээ.

Мөн “Those Who Kill” киноны ерөнхий продюсероор ажиллаж, АВС сувгийн “Eli Stone” болон “Drop Dead Diva” бүтээлүүдээрээ “Helen Hayes Awards” наадмаас “Шилдэг найруулагч”, “Шилдэг мюзикл” шагнал хүртжээ.

                Түүний найруулсан “Хаадын тоглоом” кино нь 47 удаа Primetime Emmy Awards-аас “Шилдэг цуврал” шагналыг, Hugo  наадмаас “Шилдэг дүрслэл” шагналыг 3 удаа, Алтан бөмбөрцгийн кино наадмын 5 удаагийн шагналыг онуудад авсан гайхалтай бүтээл болсныг дуулгахад таатай байна.  Уг цувралын бусад шагналаас дурьдвал Hugo Awards-аас 2012-2014 онд “Best Dramatic Presentation”, 2011 онд “Peabody Awards”,  Алтан бөмбөрцгийн кино наадмаас 2012 он, 2015-2018 онд  “Best Television Series – Drama”  шагналыг тус тус хүртжээ.

Cece Destefano (Продакшн дизайнер)           

Сэсэ Дестефано нь 1999 оноос продакшн дизайнер, кино болон дэлгэцийн бүтээлийн зураачаар ажиллаж байна. Тэрээр уран бүтээлийнхээ гарааг 1992 онд Чикаго хот дах Колумбын их сургуульд кино дизайны чиглэлээр сурч байхдаа эхлүүлжээ.

 Сэсэ нь “Alias” хэмээх телевизийн уран бүтээлээрээ Art Director’s Guild Award болон Эммигийн шагнал хүртсэн бол  Art Director’s Guild Award-д 4 удаа, Эммигийн шагналд 3 удаа нэр дэвшиж байжээ.

Түүний кино зураачаар нь ажилласан “Universal Pictures”, “Blumhouse Productions”-ийн хамтын бүтээл  инээдмийн  болон аймшгийн төрлийн “Happy Death day” кино нь Хойд Америкийн “Box Office”-ийн жагсаалтыг тэргүүлсэн билээ.

Bryce Nielsen (Креатив продюсер)                   

Брайс Нильсен нь 15 жилийн туршид кино, телевизийн салбарт тогтвортой ажиллаж байгаа креатив продюсер юм.

Тэрээр Том Тыквар, Жон Фавров, Вачовски зэрэг найруулагч, уран бүтээлчидтэй “Төмөр хүн 2”, “Мичин гарагийн бослого”, “Кингсмэн 2” уран бүтээлүүдэд хамтран ажиллажээ.

Брайс нь Альфонсо Куароны “Рома” кинонд креатив продюсероор ажиллаж 3 Оскарын шагнал, бусад 17 шагнал хүртсэнээс Бафтагийн шагнал 4, Critics Choice-ийн 4,  Алтан бөмбөрцгийн 2 шагналыг тус тус хүртжээ.

Тэрээр компьютер графикийн (vfx) болон креатив контентийг шинэ түвшинд аваачсанаар Weta Digital, Industrial Light, Magic, Moving Picture зэрэг дүрс бичлэгийн компаниудтай хамтран ажилладаг билээ.

Matthew White (Зохиолч)                 

Мэттью Вайт шоу бизнесийн гараагаа инээдмийн шоунууд болох Saturday Night Live,  David Letterman, Jay Leno, Conan O’Brien зэрэг үдшийн хөтөлбөрүүдэд ажилласнаар  эхэлсэн байна. Тэрээр 2004 оноос GRAMMY Awards, MTV Video Music Awards, The Victoria Secret Fashion Show зэрэг олон улсын шууд дамжуулалтын арга хэмжээнд ажиллажээ.

Тэрээр “Марко Поло” түүхэн цувралын хоёр, гуравдугаар бүлгийн зохиолчоор ажиллаж, “Happy!”, “Төмөр хүн 2” зэрэг бүтээлүүдийн зохиолыг бичсэн.

Greg P. Russell (Дууны инженер)

Грег Рассел 200 гаруй уран бүтээл дээр ажилласан Холливудын шилдэг дууны инженерүүдийн нэг билээ. Тэрээр “Шилдэг дуу найруулга” төрлөөр Оскарын шагналд 16 удаа нэр дэвшиж байжээ.

“Да Винчийн код”, “Армегедон”, “Гозилла”, “Сувдан эрэг”, “Хүн аалз 1, 2”, “Гейша”, “Апокалипто”, “Трансформерс 1, 2, 3” зэрэг олон шилдэг бүтээлүүдэд ажилласан юм.

Одоогоор Vin Diesel-ийн Bloodshot кинонд  ажиллаж байгаа бөгөөд дараа жил Jackie Chan-ий Бээжинд хийгдэх Project X-Factor төсөл дээр ажиллахаар төлөвлөж байгаа аж.

Г.Нараа

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …