Монголын ТОП-100 компанийн ЗАЛУУ 8 захирал

Дэлхий томоохон групп компаниуд чадварлаг гүйцэтгэх захирал буюу СЕО-уудын эрэл хайгуул эрс нэмэгдэх чиг хандлагатай байна. Учир нь бизнесийн салбар нь цэвэр итгэлцэл дээр тогтдог учир гүйцэтгэх удирдлага ямар ажиллах нь хамгийн чухал. Тэгвэл энэ трэнд ч гэсэн Монголыг тойрч өнгөрсөнгүй. Сүүлийн үед дотоодын томоохон компаниуд чадварлаг гүйцэтгэх захирлаараа нүүр царайгаа тодорхойлон, бизнесийн салбар дахь амжилтаа тодорхойлж байгаа билээ. Тэгвэл Монголын бизнесийн салбарыг өнгөлж буй чадварлаг захирлуулыг танилцуулж байна.

“Монос” группийн гүйцэтгэх захирал Х.Ананд

Түүний хувьд 25 настайдаа “Монос” группийн гүйцэтгэх захирлаар томилогджээ. Залуу хүний хувьд эрүүл мэндийн салбарын манлай группийг удирдана гэдэг маш том сорил. Гэхдээ түүний хувьд хүн бүрийн хүлээлтийг давж, амжилттайгаар карьерын замналаа үргэлжлүүлж буй. Саяхан группийн харьяа компани болох “Монос хүнс” нь эрүүл мэндийн салбарт Монгод анх удаа IPO гаргаж чадсан. Компанийн хувьд хөрөнгийн зах зээлд нээлттэй хувьцаа гаргана гэдэг бол үнэхээр маш том шалгуур болдог. Гэхдээ л тэд чадаж байна. Энэ бүх амжилтын цаана түүний мэдлэг, ухаан, чадвар зэрэг нь нэвт шингэж буй нь илт аж. Хүмүүс түүнийг “Монос” группийг үүсгэн байгуулагч Л.Хүрэлбаатар ерөнхийлөгчийн халааг нь авсан том хүү Ананд гэдгээр нь андахгүй билээ.

“Юнител” группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат

“Юнител” бол 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай Үндэсний компани.  Тус хамт олныг Юнителийн 100 хувь “бүтээгдэхүүн” гэж хэлж болох залуухан инженер залуу удирдаад хоёр жил орчмын хугацааг үджээ. “Юнител” группийн гүйцэтгэх захирал Д.Энхбат 2006 оноос хойш компанидаа ажиллаж байгаа бөгөөд Юнителийн 12 дахь ажилтан юм байна. Нэг компанид урт хугацаанд тогтвортой ажиллаж, тухайн газрынхаа гүйцэтгэх захирал болтлоо дэвшинэ гэдэг бол хүн бүрийн хийж чадах зүйл биш билээ. Магад энэхүү амжилт нь түүнийг бусдаас онцгойруулж чадна.  Дашрамд сонирхуулахад 1300 гаруй ажилтантай мэдээллийн технологи, харилцаа холбооны тус компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүн амын 90 орчим хувь нь ямар нэгэн байдлаар хүртдэг гэсэн тооцоо бий. Ийм л хариуцлагатай үүрэг албыг Д.Энхбат гэх залуухан СЕО амжилттай гүйцэтгэж байна.

“Голомт” банкны гүйцэтгэх захирал асан Ө.Ганзориг

Тэрбээр бизнесийн салбарт 17 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд саяхныг хүртэл “Голомт” банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад хүлээлгэн өгсөн билээ. Харин одоо “Мандал” даатгалын ТУЗ-ийн дарга, Санхүүгийн Зах Зээлийн Холбооны Ерөнхийлөгч болон “UMC” группийн ТУЗ-ийн даргын ажлыг давхар хашиж байна. Үүнээс өмнө тэрбээр Улаанбаатар хотын банк, Худалдаа хөгжлийн банк, Тэнгэр даатгал, Хасбанк зэрэг байгууллагуудад хариуцлагатай албыг хашиж байсан санхүүгийн салбарын өнгийг тодорхойлогч чадварлаг банкир билээ. Харин сүүлийн үед тэрбээр эдийн засаг, санхүүгийн салбараас илүүтэй бүх нийтийн боловсролын систем, философийн сэдвээр нээлттэй ярилцаж хэвлэлээр гарах болсон.

“ЛэндМН” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга

Монголд хамгийн амжилттай яваа захирлуудын нэг нь Б.Гантулга билээ. Залууст үлгэр дуурайлал болж, урам зориг өгч яваа түүний ажлын гараа 2000 оны эхэн үеэс эхлэлтэй. “Хас” банк, “Моннис” группийн Маркетингийн захирлаар ажиллаж, 2012-2018 оны хооронд “Анак Аксис” ХХК, “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирлаар 30 настайдаа томилогдон ажиллаж байв. Харин энэ оноос эхлэн тэрбээр монгол хүний ур чадвар болоод оюуны бядыг дэлхийд харуулах боломжтой финтек салбарыг, тэр дундаа энэ салбарт магнайлан яваа “LendMN” компанийг сонгож, удирддахаар болсон. Б.Гантулга “Сайн удирдагч, сайн гүйцэтгэх захирал байна гэдэг бол зөвхөн нэг компанийн үйл ажиллагааг өргөжүүлээд зогсохгүй тухайн салбараа сайжруулдаг гэсэн үг байдаг” хэмээсэн удаатай.

“МАК”-ийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Н.Цэлмүүн

Түүнийг “Монгол” ТВ-ийн “Шарк Танк” нэвтрүүлэгт оролцсон цагаас нь хойш олон нийт илүүтэй мэдэх болсон. Аав нь Монголын урдаа барих уул уурхайн компанийг үүсгэн байгуулсан бол охин нь амжилттай үргэлжлүүлэн удирдаж, компанийн бизнесийг улам өргөжүүлж буй билээ. Шийдэмгий, тууштай, зоригтой, зарчимч харагддаг түүний хувьд эрэгтэйчүүд зонхилох уул уурхайн, хүнд үйлдвэрлэлийн салбарт хэзээ ч гологдохгүй нэгэн. Эзэмшсэн боловсрол, амжилттай эхлүүлсэн карьер нь түүнийг хаана хүргэхийг цаг хугацаа харуулах биз.

“Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Баттүшиг

Энэ цаг үедээ амжилттай ажиллаж, үеийнхэн болоод дүү нартаа үлгэр жишээ болж яваа нэгэн бол Б.Баттүшиг. Тэрбээр Чикагогийн Их Сургууль, Харвардын Бизнесийн Сургууль зэрэг дэлхийн топ сургуулиудыг дүүргэж, “Морган Стэнли”, “Голдман Сакс” зэрэг топ корпорациудад ажиллаж байсан туршлагатай нэгэн. 2014 оноос хойш Монголдоо суурьшиж, “Emart” их дэлгүүр, “Скайтел” группийн ТУЗ-ийн дарга, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Бадминтоны холбооны ерөнхийлөгч, Монгол Банкны мөнгөний бодлогын зөвлөлийн гишүүн, “Монголд Та Хэрэгтэй” ТББ-ын үүсгэн байгуулагч зэрэг албан тушаалыг хашиж байгаа юм. Мөн түүнийг Ерөнхий сайд асан, Сү.Батболдын хүү гэдгээр таних хүмүүс цөөнгүй.

“М-Ойл” группийн гүйцэтгэх захирал Б.Пунсалмаа

Тэр бол бизнесийн салбарын эмэгтэй лидерүүдийн нэг. Эрчүүд зонхилдог шатахууны салбарт “М-Ойл”-ыг амжилттай удирдаж явна. МУИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр 2002 онд төгссөн тэрбээр 4-хөн жилийн дараагаас “М-Ойл” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн. Одоогийн байдлаар тус компани нь 30 орчим шатахуун түгээх станц, 570 орчим ажилтантай, татвар төлөлтөөрөө жил бүр улсад ТОП-100-д багтахад түүний оруулах хувь нэмэр асар их билээ.

“Клийн энержи Ази” компанийн гүйцэтгэх захирал Э.Орчлон

“Forbes” сэтгүүлээс жил бүр шалгаруулдаг 30 хүртэлх насны Азийн шилдэг 30 залуугийн нэгээр 2019 онд “Клийн энержи Ази” компанийн гүйцэтгэх захирал Э.Орчлон шалгарсан билээ. Нью-Йоркийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөөд Монголдоо ирж дэд бүтэц, бүтээн байгуулалтын томоохон төслүүдэд ажиллах санал авч, амжилттай ажиллаж байгаа шинэ цагийн оюунлаг залуу. Тэр Азийн шилдэг 30 залуугийн нэг болсныгоо “Энэ бол ямар нэг мөнгөн дүнтэй шагнал биш л дээ. Залуу хүнд урам өгсөн хөшүүрэг юм уу даа. Би бол тийм ухаантай биш, IQ сайтай ч биш. Монгол хүүхдүүд маш мундаг болсон. Тэгэхээр залууст “Энэ залуу шалгарч байхад би яагаад болохгүй гэж” хэмээн өөрийгөө өдөөх бас нэг мотиваци болоосой. Тэгэх ч ёстой гэж боддог” гэжээ.

Эх сурвалж: www.ub.life

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …