Монгол улсын баатар Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэрэг таг гацаж замхрах шатандаа орлоо. Улс төрч улсын баатар эцэг, хүү хоёр хамтдаа холбогдсон анхны хэрэг гэдгээрээ Э.Бат-Үүлийн хэрэг хэрхэн шийдэгдэх нь олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм. Улсын баатар Э.Бат-Үүл хотын мээр байхдаа хүүгийнхээ компанид бусдыг дарамтлан давуу эрх олгож их хэмжээний мөнгө шамшигдуулж улсын төсөвт дарамт учруулсан гэх хэргээр шүүгдэж байгаа билээ.
Хэргийг эргэн сануулбаас “Хөгжлийн банк”-наас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийг шалгах явцад “ Төрийн орон сууцны корпорац”-ын захирал асан А.Гантулга төлөөлөн удирдах зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр “Бэрэн групп”ын барьсан “Хангай хотхон”-ны орон сууцны барилгыг худалдах,худалдан авах гэрээ байгуулж,үнийг үл маргах журмаар төлөхөөр шийдвэрлэхдээ охиныхоо дансаар дамжуулан 12 000 ам доллар хахуульд авсан гэгдэж байгаа А.Гантулгын ард улсын баатар хүүгийн хамт бий хэмээн шалгагдаж байгаа юм.
Тодруулбал А.Гантулга ТОСК-ын захирлаар ажиллаж байхдаа “Буянт-Ухаа-2” хорооллын санхүүжилтээс 2015 оны наймдугаар сард 5 тэрбум, есдүгээр сард 4 тэрбумыг “Бэрэн групп” рүү ямар нэг хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн байдаг. Энэ нь Э.Бат-Үүлийн дарамт шахалтаас болсон гэх үндэслэл бий юм билээ.
Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн захирлаар нь ажиллаж байсан “Грайнд лайн” компани Баянзүрх дүүргийн Амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх болж, “Улаанбаатар банк”-наас 3.3 тэрбум, Туркийн “Япи Үрэти Худалдаа” компаниас 1.2 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг.
Энэ зээлээ төлөхийн тулд Э.Бат-Үүл болон хүү Б.Чулуудай нар нь компаниа “Бэрэн групп”-ын Б.Мөнхтөрд нэг их наяд гаруй төгрөгөөр худалдах гэрээ байгуулж, хувьцаагаа 100 хувь шилжүүлсэн гэдэг. Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалж “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ТОСК-ын захирал асан А.Гантулгыг удаа дараа дарамталж, ”Хөгжлийн банк”-наас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс 9 тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайгийн эзэмшдэг “Грайнд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт аав хүү хоёрыг яллагдагчаар татсан” хэмээсэн гэж хэвлэлийн хуудаснуудад хэсэг хөвөрч байлаа.
Энэ олон тэрбум төгрөгийн хэрэгт холбогдсон улсын баатар Э.Бат-Үүл хүү Б.Чулуудай нарын хэрэг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжээд таг гацаанд орсон нь эрхгүй анхаарал татаж байна. Жирийн иргэдийн хэрэг нь тэр даруй шийдэгдээд зохих шийтгэлээ хүртээд явж байх цаг хугацаа хэдийнээ өнгөрөв. Гэтэл улсын төсөвт дарамт учруулсан гэх хэрэгтээ шийтгэл хүлээдэггүй улсын баатар “Өдрийн сонин”-д өөрийн орон зайг эзлэн бүр булантай болоод байнга нийтлэл бичиж суудаг ажилтай болжээ. Ардчилал бүслэгдсэн,ардчиллаа хамгаалье хэмээн бичээд суугаа улсын баатар өөрөө иргэдийн мөнгийг хувьдаа завшсанаараа ардчиллаас хумсалж байгаа нэг хэлбэр гэдгээ умартав бололтой.
Төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэг гацаанд орж замхардаг гэдгийг улсын баатар Э.Бат-Үүл хүүгийнхээ хамтаар холбогдсон,шалгагдаж байгаа хэрэг нь мөн баталж байна. Түүнийг дээрх хэргийг хүүгийн хамтаар үйлдсэн бол хэргээ хүлээж, шийтгэлээ хүртэн, эс үйлдсэн бол нэрээ цэвэрлэж эцэслэхийг олон нийт хүлээж байна.