ТЕГ-ын дарга асан Б.Хурц бусдыг эрүүдэн шүүсэн хэргээр 30 хоног хоригдоод өнгөрсөн 5-р сарын 23-нд суллагдсан билээ. Түүний 50 насны төрсөн өдөр 5-р сарын 29-ний өдөр тохиож өөрийн эзэмшлийн “Buddha Vista”-ийн “Grill Studio”-д баяраа нижгэр тэмдэглэсэн нь папарацид өртсөн байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр генерал Б.Хурц төрсөн өдрөө тэмдэглэх нэрийн дор Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны Ерөнхийлөгч Б.Мэдрээ, тус банкны Гүйцэтгэх Захирал О.Орхон, Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн дарга асан Да.Ганболд тэргүүтэй Эрдэнэтийн 49 хувийн эздүүд гэгдэх эрхмүүдтэй уулзалт хийж хурцдаад буй асуудлууддаа шийдэл гаргасан гэх мэдээлэл чих дэлслээ.
Үндсэндээ бол Эрдэнэтийн 49 хувийг бүлэглэлдээ авахын тулд улс төр талаас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, худалдан авах талаас Худалдаа Хөгжлийн Банк, хууль талаас ТЕГ-ын дарга асан генерал Б.Хурц нар ажиллан улс төр мафийн гурвалжинг үүсгэсэн гэдэг нь үнэн болж таарлаа.
МАНАН-МАФИ гэгдээд буй дээрх нөлөө бүхий улс төрчид, бизнесменүүд, хуулийнхны бүлэглэл Эрдэнэтийн 49 хувийн хэргээр аавын хаалга татах дээрээ дэнжигнэж байгаа.Тэд төрсөн өдөр нэрийн дор “сахал” Д.Эрдэнэбилэгийг суллуулах талаар арга хэмжээ авах, шүүхэд байгаа нөхдүүдээс нь гадна улс төрийн нөлөө хэрэгтэй гэж ярилцсан гэх мэдээлэл байна.
Дээрх бүлэглэлийн улс төрийн хамгаалагч нь АН-ын дарга С.Эрдэнэ гэгдэж буй. Тэрээр өөрөө ч үг үйлдлээрээ тэдний хамгаалагч гэдгээ илэрхийлээд байгаа билээ. Тийм ч учраас Б.Хурцийн төрсөн өдрийн хүндэт зочид буюу “АМИН НАЙЗУУД” нь С.Эрдэнийг намын даргаас нь огцруулахгүй авч үлдэх, 2020 оны сонгуульд намыг нь ялалтад хүргэх талаар хүчээ нэгтгэн ажиллах ёстой гэдэг дээр санал солилцож зарим шийдэлд хүрсэн гэлцэж байна.
Б.Хурцийн тухайд суллагдсан ч гэлээ түүний хэрэг цагдаад, Ч.Сайханбилэг АТГ-т, О.Орхон ч хууль хяналтын байгууллагад уяатай байгаа. Ийм нөхдүүд “Buddha Vista”-ийн “Grill Studio”-д цуглаад төрсөн өдөр тэмдэглэж,бие биедээ хайрцагтай “бэлэг” өгч, нэгийгээ шоронгоос гаргах, нөгөөгөө сонгуульд ялуулах талаар сэм нууц уулзалт хийжээ. “Нууц уулзалт”-ын үр дүн төд удалгүй улс төрд өрнөж эхлэх нь дамжиггүй.