Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өчигдөр боллоо. Тус хурлаар “Нийслэлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах сарын аян”-ы хүрээнд хийх ажлын зохион байгуулалт, бэлгийн замаар дамжих халдварын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах аяны захирамж, сүрьеэгийн дэгдэлтийн үед авах арга хэмжээний төлөвлөгөөг НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа танилцууллаа.
Түүнчлэн нийслэлийн 142 ӨЭМТ-д зохион байгуулж буй “Эрүүл иргэн” аяны төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэг оношилгооны явц, “Эх, хүүхдийн тусламж, үйлчилгээг дэмжих жил”-ийн хүрээнд хийх ажлыг эрчимжүүлэх талаар холбогдох хэлтсийн дарга нар мэдээлэл хүргэсэн юм.
Энэ хүрээнд эмнэлгүүдийн үйл ажиллагаатай холбоотой тулгамдсан асуудал болон тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар харьяа эрүүл мэндийн байгууллагын дарга нар санал солилцсон. Мөн саяхан Налайх дүүрэгт зохион байгуулагдсан “Шүд угаалтын анхдугаар” тэмцээний үр дүн, ач холбогдол болон иргэдийн идэвхи санаачлага өндөр байсан тухай НШЭНТ-ийн дарга Л.Хэнтий, Налайх эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгаль нар сонирхолтой мэдээллийг өглөө.
Шуурхай хурлын төгсгөлд “Нийслэлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах сарын аян”-ыг үр дүнтэй зохион байгуулах, “Эрүүл иргэн” аяны талаарх мэдээлэл сурталчилгаанд анхаарч иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, НЗДТГ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-ын Инчеон хотын Kатолик их сургуулийн Мари эмнэлэгт НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллагаас хүүхэд, эх барих, сэргээн засах, хавдрын чиглэлээр сургах эмч, мэргэжилтнүүдийг холбох зэрэгт идэвхи санаачлагатай ажиллахыг эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад даалгалаа.