Г.Занданшатар: Монгол Улсыг “Оюутолгой” биш “Оюунтай толгой” хөгжүүлнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2019.08.28) Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов.

Энэ онд түүхт 60 жилийн ойгоо тэмдэглэх тус сургуулиас одоогоор нийт 80 мянган гаруй инженер, технологийн мэргэжилтнүүд төгсөн гарчээ. 2019-2020 оны хичээлийн жилд дотоодод болон олон улсад магадлан итгэмжлүүлсэн, олон улсын их дээд сургуулиудтай хамтарсан бакалаврын 65, магистрын 143, докторын 86 хөтөлбөрөөр сургалт явуулах аж. Энэ хичээлийн жилд салбар 10 бүрэлдэхүүн сургуульд шинээр 2300 оюутан элсэж, нийт 23930 оюутан суралцах юм байна.

 Монгол Улсын нийгэм, эдийн засаг, аж үйлдвэрийн бүх салбарын түүхэн хөгжил, улс орны их бүтээн байгуулалтын үйл хэргийг хэрэгжүүлэхэд ШУТИС-ийн барилга, эдийн засаг, эрчим хүч, геологи, уул уурхай, тээвэр, холбоо, хөнгөн хүнсний салбарын үе үеийн мянга мянган төгсөгчид, мэргэжилтнүүд, инженер техникийн ажилтнууд шийдвэрлэх үүргийг гүйцэтгэж ирснийг үгийнхээ эхэнд онцлоод оюутан сурагчид, эрдэмтэн багш нарт хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлэв.


Тэрбээр, “Оюутан та бүхэн өнөөдөр амьдралынхаа нэгээхэн том зорилгыг биелүүлэхээр зориг улуудан, их дээд сургуулийн хаалгаар орж, оюутан хэмээх эрхэм нэр хүндийг олж авч байна. “Оюутан” гэдэг “Оюунтан” болно гэсэн үг. Оюун ухааны уурхай болно гэсэн үг. Оюутны хэдэн жилийн амжилт зөвхөн өөрөөс чинь шалтгаална. Амжилттай суралцана гэдэг бол ихээхэн хүч хөдөлмөр, зүтгэл, шаргуу хөдөлмөр шаардана гэдгийг санах хэрэгтэй. 10 жилийн өмнө “Монгол Улсыг Оюутолгой хөгжүүлэхгүй, Оюунтай толгой хөгжүүлнэ” гэж хэлж байснаа давтан хэлмээр байна. Аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгалын энэ эрин үед Монгол Улсын дээд боловсролын салбарыг улам бэхжүүлж, дэлхийн хэмжээнд хүргэх ажлыг төрийн өмчийн их дээд сургуулиудаас эхлүүлэх шаардлагатай гэж Монгол Улсын төр засаг үзэж байна.

Дэлхий дахинаа авьяас, ур чадвар, бүтээлч сэтгэлгээний өрсөлдөөн хүчтэй өрнөж эхэллээ. Дэлхийн тэргүүлэх компаниуд тухайлбал, Google, Apple зэрэг компаниуд ажилд авахдаа боловсролын зэрэг, диплом гэсэн шалгуураас татгалзаж тодорхой чиглэлээр гүнзгийрүүлэн сурч, мэдлэг чадвар эзэмшсэн авьяаслаг залуучуудыг ажилд авч эхэлсэн. Дээд боловсролын диплом, зэрэг, цолны үнэгүйдэл явагдаж эхэллээ. Манай орны хувьд авьяаслаг залуучуудыг дэмжих талаар тодорхой бодлого хэрэгжүүлэх цаг болжээ. Baby boomer-ийн үе өнгөрч Милленнелийн эрин үе эхэлж байна.

Нөгөө талаас ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдийн 74-80 хувь нь дээд боловсролын сургалтын байгууллагад элсэн орж байгаа нь дэлхийн дунджаас хэт өндөр байгаа нь манай орны боловсролын системийн тэнцвэртэй тогтолцоог алдагдуулж байна. Иймд дээд боловсролын сургалтын тогтолцоог эрс шинэчилж, дэлхийн түвшний их сургуультай болох зорилго тавих цаг болжээ. Манай их сургуулиудын багш нарын 20-30 хувь нь эрдмийн зэрэгтэй байгаа нь судалгааны их сургууль болох үзүүлэлтээс нэлээд доогуур байгаа. Харин эрдмийн зэрэгтэй багш нарын 30 гаруй хувь нь гадаадад хамгаалсан залуучууд байгаа нь төрийн тодорхой дэмжлэг үзүүлбэл судалгааны ажлыг шинэ түвшинд гаргах нөхцөл бүрдэх боломжтой” гээд ШУТИС-ийн нийт профессор, багш нар, ажилтнууд, оюутан сурагчдад түүхт 60 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, ажил, сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөв.

ШУТИС нь судалгаанд суурилсан их сургууль болох зорилт тавьж, судалгаа инновацын дэд бүтцээ хөгжүүлэхэд зориулан лаборатори, гарааны компани, нээлттэй боловсролын төв, коллеж, музей зэрэг олон чухал нэгжүүдийн үйл ажиллагааг явуулах шинэ сургалтын байрыг ашиглалтад оруулсан. Сургалтын орчин үеийн онол чиглэлд тулгуурлан 60 гаруй үндсэн сурах бичгийг шинэчлэн хэвлүүлсэн. Мөн үр дүнд суурилсан сургалтын тогтолцоог нэвтрүүлэх CDIO стандартын арга зүйг ашиглан инженерийн боловсролын 26 хөтөлбөрөө шинэчлээд байгаа талаараа тус сургуулийн ректор, доктор, профессор Б.Очирбат танилцууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг оролцож, оюутан залууст сурлагын өндөр амжилтыг хүслээ. Мөн энэ үеэр УИХ-ын дарга болон албаны бусад хүмүүс оюутны бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

Дашрамд тэмдэглэхэд, тус сургуулийн 130 оюутан “Оюутан цэрэг-2019” цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдсан бөгөөд Механик, тээврийн сургуулийн оюутан Г.Баасансүрэн, М.Төгөлдөр, Геологи, уул уурхайн сургуулийн оюутан Г.Өнөбат нар алба хаах хугацаандаа бага бууны буудлагын унадаг байны төхөөрөмж зохион бүтээж, цэргийн сургалтад амжилттай ашиглажээ.

Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 2019-2020 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд “ABU ROBOCON- 2019 ULAANBAATAR” олон улсын роботын тэмцээний аваргаар тодорсон Хонгконгийн их сургуулийн баг тамирчид оролцлоо. Тус тэмцээнээс ШУТИС-ийн баг тамирчид дэд байрыг эзэлсэн бөгөөд энэ нь 18 жилийн хугацаанд Монгол Улсын баг тамирчдын үзүүлсэн хамгийн дээд амжилт болжээ.

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …