УИХ-ын гишүүн Ж.Батзандантай цаг үеийн асуулдлаар ярилцлаа.
– Таны харж байгаагаар намрын чуулганаар хэлэлцэгдэж буй төсөв, төсвийн тодотгол хийх асуудлын үр дүн, тусгал нь хэр зөв буулттай байхаар байна?
– Монгол улсын 2013 оны төсөв цоорхойтой гарсан. Үүнтэй холбогдуулж төсөвт тодотгол хийж байгаа. Мөн 2014 оныхоо төсвийг хэлэлцэж байна. Анхаарах ёстой хэд хэдэн чухал зүйлс бий. Онцолбол, төсвөөс гадуур зарцуулагдаж буй мөнгөний урсгалыг нэгдсэн төсөвтэй яаж уялдуулах вэ гэдэг асуудал маш чухал. Монгол улс бол нэгдсэн улс. Тэгэхээр нэгдсэн төсөвтэй байх зүй ёсны шаардлага гарч ирж байна.
– Цаашид төсвөөс гадуур зарцуулагдаж байгаа мөнгөний урсгалыг нэгдсэн бодлогын хүрээнд барих боломжтой юу?
– Өнөөдрийн байдлаар улсын төсвөөс гадуур Хөгжлийн банкны төсөв, Хөгжлийн банкны зээлийн мөнгө, бондын зарцуулалт яваад байна. Монголбанк өнгөрсөн онд гурван их наяд төгрөг зах зээлд гаргасан. Хөгжлийн банк хоёр их наяд төгрөг гаргасан. Тэгэхээр ойролцоогоор таван их наяд төгрөг төсвөөс гадуур гаргаад байна гэсэн үг. Гэтэл энэ мөнгө эргээд төсөвт суугаагүй болохоор улсын гадаад болон дотоод өр дээр нэмэгдэн орж ирж байна. Яг энэ маягаар нэгдсэн төсвийн бодлого алдагдсаны улмаас санхүүгийн хариуцлага, эдийн засгийн тогтвортой байдалд аюул учирч, маш олон сөрөг үр дагаварууд гарч ирлээ. Бодлогын хүрээнд нэгдсэн төсөвтөө оруулаад өгөхөөр хяналт, зарцуулалтын үр ашиг дээшлэх бүрэн боломжтой гэдэг нь харагдаж байна.
– Төсвөөс гадуурх мөнгөний бодлого тодорхой цэгцгүй байгаа учраас эдийн засгийг улам хүндрүүлээд байна гэсэн санаа юу?
– Ерөнхийдөө бол тийм. Тухайлбал, төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Монгол улсын өр байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн үзүүлэлт харагдаж байна. Гадаад худалдааны алдагдал, инфляцийн өсөлт, өргөн хэрэглээний барааны үнэ гээд олон хүчин зүйлүүд сөргөөр эргэж байна. Энэ бол Монгол улс нэгдсэн төсвийн бодлого бариагүйгээс үүдэн гарч байгаа эдийн засгийн хор уршгууд юм. Бодлого буруу чигт яваад байгаагийн л илрэл шүү дээ.
– Түүнээс гадна “авлигатай төсөв” оруулж ирэх нь хэрээс хэтрээд байна. Энэ асуудал даамжирч, УИХ-ын дарга холбогдох албаныхныг АТГ-т шалгуулах талаар хүртэл үүрэг болгосон. Энэ талаар?
-Төсөв батлагдах үеэр санаа зовоож буй асуудал бол “авлигажсан төсөв”. Олон жил он дамжиж, тэр тоолонгоор төсөвт өртөг нь нэмэгдсэн обеъктууд маш олон бий. Тухайлбал, 2007 онд төсөвлөгдсөн барилга 2013 онд 2.6 тэрбум болж орж ирэх жишээтэй. Энэ бүгдийг бид эргэн харж байгаа. Төсөв ерөнхийлөн захирагч нар болон төсөв зохиогчид төсвийн мөнгөнөөс хулгай хийдэг. Өөрөөр хэлбэл, төсөвт авлигын мөнгөө шингээдэг явдал газар авсан байна. Тиймээс төсөв ерөнхийлөн захирагч нар болон бусад холбогдох албаны хүмүүсийг АТГ-т шалгуулах зүй ёсны хэрэг.
– 2013 оны төсвийн хамгийн том алдаа нь юу байв? Тухайлбал, 400 орчим тэрбумаар алдагдалтай төсөв батлахдаа Оюутолгойн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, өсөн нэмэгдэх нөөц ашигласны төлбөрт 450 тэрбум авахаар тусгасан байдаг. Энэ мэт “агаар”-ын төсөв батлаж байхад та ямар байр суурьтай байсан бэ?
– 2013 оны төсөв дээр орлогоо бодитой тооцож чадаагүй. Хэт хөөсөрсөн төсвийг цаг хугацааг нь тулгаж, оруулж ирсэн. Тухайн үед миний зүгээс 2013 оны төсөв чинь тэр чигтээ “хулгайн, авилгын” төсөв байна. Төсвөө задлан харах, шинээр хийх, бодлогоо илүү бодитой түвшинд барих зайлшгүй шаардлагатай талаар маш олон удаа сануулж байсан. Гэхдээ Монголын эдийн засаг 2013 оны төсвөөс болж хямраад байгаа юм биш. Мэдээж төсвөө хэт өөдрөгөөр харснаас болж бусад хүчин зүйлүүдэд сөргөөр нөлөөлсөн. Дээрээс нь өмнөх ЗГ-ын буруу бодлого, төсөвлөлтийн алдааг залруулж чадаагүй нь алдагдал хүлээхэд нөлөөлж байна.
– Ирэх оны төсвийн өнгө төрх ямар харагдаж байна? Реформ хийгдэнэ, хийгдэхгүй гэх асуудлууд яригдаад байна?
– 2014 оны төсөв нэлээд өвөрмөц төсөв болно. Монгол улсын парлемант төсвийн хуулиа хэзээ ч ийм өргөн дэлгэр хүрээнд нээлттэй, мэтгэлцээнтэй ярьж байгаагүй. УИХ-ын зүгээс ЗГ-т төсвийн реформоо оруулж ирэх талаар чиглэл өгч байгаа. Төсвийн орлогын болон зарлагын реформ өнөөдөр Монгол улсад үнэхээр их үгүйлэгдэж байна. Ялангуяа төсвийн зарлагын шинэчлэлийг Засгийн газар хийхээр өнгөрсөн жил амласан. Төсөв ил тод, сахилга баттай байж сая зөв хэрэгжилтэд орно. Татвар төлөгчдийн нэг төгрөг, нэг мөнгийг үр ашигтай, зүй зохистой зарцуулахын төлөө л төсөв батлагдах ёстой. Төсвийн хэмнэлтийг дээд зэргээр эрхэмлэж сурах хэрэгтэй байна гэсэн үг л дээ. Яг энэ хүрээнд 2014 оны төсөв өмнөх жилүүдийн алдааг давтахгүй, сайжирч батлагдах болов уу гэж хүлээж байна.
– 2013 оны төсвөө эргээд давтах тэр замаас тойроод байгаа гэж хэлэх гээд байна уу?
– 2013 оны хөөсөрсөн төсвөөс болж одоогоор төсвийн гүйцэтгэл ойролцоогоор 70 хувиар зогсчихоод явж байна. Яг энэ явдлаас УИХ, ЗГ сургамж аваад 2014 оны төсвийг илүү нягт нямбай, бодитой төсөвлөж байгаа гэж ойлгож байна. Тухайлбал, яам бүр барилга барих нэрийдлээр олон тэрбум төгрөгийг төсөвтөө тусгуулж авдаг. Харин ирэх жилээс эхлээд яамд, яамны сайд нар барилга барьдаг биш бодлого тодорхойлдог чиглэл рүүгээ явах ёстой. Яамдуудын дэргэд байдаг барилга захиалагчдын албадуудыг татан буулгаж, нэгтгэх замаар төрийн тусгай чиг үүрэг бүхий албыг байгуулах чиглэлийг барьж байна. Тийм ч учраас төрийн захиргааны бүтцийг боловсронгуй болгон өөрчлөх, өчнөөн тэрбум төгрөг иддэг үрэлгэн засаг захиргааны нэгжүүдийг татан буулгах, цомхотгох чиглэлд төсвийн реформ явах ёстой. Төсвийн реформ, захиргааны реформтой хамт хийгдэх учиртай болоод байна.
– Та санхүүгийн хариуцлагын талаар яриад байна. Тэгвэл төсөвт аудит оруулж байх асуудлыг дэмжиж байгаа хэрэг үү?
– Юуны өмнө төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн зарцуулалтад хяналт тавих эрх бүхий аудитыг тогтмол хийдэг байх ёстой, тийм эрх зүйн орчинг бүрдүүлж өгөх зайлшгүй шаардлагатай байна. Энэ намрын чуулганаар аудитын байгууллагын хуулийг өөрчилж байгаа нь энэ асуудалд тодорхой үр дүнгээ өгөх болов уу?. Энэ шугамаар төсвийн зарцуулалтад аудит хийдэг орчин үеийн тогтолцоог бий болгож өгөх юм. Ингэснээр төсвийн нэрээр төрийн мөнгөнөөс хулгай хийдэг, буруу зарцуулдаг асуудлууд цэгцэрч эхэлнэ.
– Таны бодлоор засгийн газар ямархуу ажиллаж байна?
–Төсвийн гүйцэтгэл одоогоор 30 хувьтай явж байна. Оны эцэст 1,5 их наядын алдагдал хүлээх нь тодорхой болчихлоо. Энэ бүх эдийн засгийн сөрөг үзэгдлээс харахад өнөөгийн засгийн газар үнэхээр муу ажиллаж байна гэхээс өөр үг алга. Тийм ч учраас ажлаа хийж чадахгүй байгаа сайд нарт бид шаардлага тавьж байгаа. Ер нь Монголын ард түмний төлөө ажиллах гэж ирсэн юм уу, өөрийнхөө төлөө ажиллаад байгаа юм уу гэдгийг би сайд нараас асуусаар байгаа.
– Ярилцсанд баярлалаа
Ж.Мядаг бадам
Эх :сурвалж: МНБ