Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслөө буцааж татлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд хүргүүлсэн өөрийн санал, төслийг хэлэлцүүлгийн шатнаас бүрэн татан авч байгаагаа Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт албан бичгээр мэдэгдлээ.

Албан бичигт “УИХ нь улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхийн баталгаа, оршин тогтнохын их үндэс болсон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хууль зүйн зөрчил маргаантайгаар эхлүүлж, өнөө маргаашийн асуудалд хэт автсан улстөрчдийн дахин сонгогдох явцуу ашиг сонирхлыг гүйцээн хангасан байдлаар хэлэлцэж улс оронд бодитой оршиж буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх бус 30 жилийн хугацаанд тодорсон алдаа завхралыг үргэлжлүүлэх, ач холбогдол муутай өөрчлөлтийг ард түмэнд тулгахаар шийдвэрлэлээ. Миний бие УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөлд улс оронд үүссэн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх тодорхой ач холбогдол бүхий зохицуулалт тусгагдсан гэж үзэж орхигдсон асуудлуудын хүрээнд өөрийн санал төслийг хүргүүлэн хямрал бэрхшээлийг нэг мөр хамтран шийдвэрлэхийн төлөө ажилласан боловч үр дүнд хүрсэнгүй.

Гүйцэтгэх эрх мэдлийн тодорхой эрх мэдлийг хангах, Ерөнхий сайдад танхимаа бүрдүүлэх эрхийг олгох, УИХ-ын гишүүдэд сайдын ажил давхар эрхлэхийг хориглох, сонгуулийг тогтолцоог тодорхой болгох, тойргийн асуудалд автдаг 76 гишүүний тоог нэмэгдүүлж, ард түмний жинхэнэ элч төлөөлөгч байх боломжийг нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүдийн улс орны хөгжлийн төлөө ажилладаг болгох зэрэг ач холбогдол бүхий улс орны цаашдын амьдрал, хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж болох өөрчлөлтүүд бүгд хасагдлаа.

Иймд миний бие Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хүргүүлсэн өөрийн санал, төслийг хэлэлцүүлгийн шатнаас бүрэн татан авч байгаагаа үүгээр мэдэгдэж байна. УИХ АН-ын шахалтаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөө ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх болсныг зөв гэж үзэж байна.

Гэхдээ ач холбогдол муутай төсөл тулгах бус Засгийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчмын дагуу засаглалын хэлбэрээ сонгох боломжийг ард түмэнд өгч, нэг мөр асууж шийдвэрлэх ёстой. Тодруулбал, Монгол Улсад цаашид Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, парламентын засаглалтай байх уу гэдгийг ард түмнээсээ асууж шийдвэрлэх шаардлагатай байна. Миний бие ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан бөгөөд ард иргэдийнхээ өгсөн хариулт шийдвэрийн хүрээнд шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулж нийтээр хэлэлцүүлэн батлахаас өөр аргагүй гэж үзэж байна. Ингэснээр гүйцэтгэх засаглалын тэргүүнийг улстөрчдийн барьцаа хүлээснээс ангижруулж, улс орон тогтвортой хөгжих боломж бүрдэнэ. Тиймээс Үндсэн хуулийн асуудлаар явуулах ард нийтийн санал асуулгын тухай УИХ-ын тогтоолын төлийг нэн даруй УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэхийг хүсье” гэжээ.

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …