Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах өдөрлөгийн хүрээнд өнөөдөр эрүүл мэндийн салбарын нээлттэй өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд боллоо.
Эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, төсөл хөтөлбөр, томоохон хөрөнгө оруулалт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар танилцуулсан тус өдөрлөгт ЭМЯ-ны харьяа лавлагаа шатлалын төвүүд болон НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, тусгай мэргэжлийн эмнэлгүүд оролцсон юм.
Энэ хүрээнд иргэдэд магадлан итгэмжлэл, тусгай зөвшөөрөл, төгсөлтийн дараах сургалт, Эрүүл мэндийн даатгалын талаарх мэдээлэл хүргэсэн бөгөөд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд үзлэг оношилгоо хийх, зарим төрлийн тусламж үйлчилгээг үзүүлэх, эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа зохион байгуулах зэргээр ажиллалаа.
Эрүүл мэндийн салбарын хувьд 2017, 2018 онд нийт 18 эрүүл мэндийн байгууллагын барилгыг шинээр барьж ашиглалтад оруулсан бол, 2019 онд 30 эрүүл мэндийн байгууллагын барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Мөн олон жил хүлээгдэж, царцаагдсан бүтээн байгуулалт, үйл ажиллагаа нь зогсонги байдалд хүрсэн төсөл хөтөлбөрийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг оновчтой болгоход онцгой анхаарч буй бөгөөд тус өдөрлөгөөр таван эрүүл мэндийн байгууллагын макетыг олон нийтэд дэлгэн үзүүллээ.
Эрүүл мэндийн салбар 2019 онд “Инээмсэглэл–Эерэг хандлага” уриаг дэвшүүлэн иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ эмнэлгийн ажилтны ёс зүйг чандлан сахиж, “Эмнэлгийн ажилтан-Үйлчлүүлэгч-Ар гэр” гэсэн гурван талт харилцааг дээдлэн ажиллаж байгаа юм.