Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
2019 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт сэргэж 7.3 хувьд хүрсэн, зэсээс бусад голлох ашигт малтмалын үнэ тогтвортой байж, уул уурхай, түүнийг дагасан эдийн засгийн бусад салбарын өсөлт, аж ахуйн нэгжүүдийн борлуулалт, ашигт ажиллагаа нэмэгдсэн болон татвар, гаалийн шинэчлэл, газрын төлбөрийг бүрэн хураах чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулсны дүнд 2020 онд төвлөрүүлэхээр төлөвлөсөн төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс давахаар байгаа аж.
Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхийн зэрэгцээ төсвийн нэгдмэл, тэнцвэртэй байдлыг хангах, сахилга батыг сайжруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах замаар макро эдийн засгийн жигд, өндөр өсөлтийг дэмжихэд чиглэсэн дунд хугацаанд баримтлах бодлого стратегийн хүрээнд төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг боловсруулжээ.
Төсвийн алдагдлыг үе шаттайгаар жил дараалан бууруулснаар 2020 онд төсвийн алдагдлыг тогтвортой байдлын тухай хуулийн хязгаарт багтаан ДНБ-ий -5.1 хувь байхаар төлөвлөсөн байна. Цаашид 2021 онд ДНБ-ий -2.8 хувь, 2022 онд -1.4 хувьд хүргэн, 2023 оноос ашигтай байхаар төлөвлөжээ.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу:
1. Нэгдсэн төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцсон байх;
2. Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 2020 онд тухайн жилийн ДНБ-ий 5.1 хувиас илүүгүй байх;
3. Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлсэн үлдэгдэл нь ДНБ-ий 75.0 хувиас хэтрэхгүй байх;
4. Тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн хувь тухайн жилийн өмнөх 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байх; гэсэн 4 тусгай шаардлагыг хангаж, 2020 оны төсвийн төслийг боловсруулсан байна.
Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь -2.074.7 тэрбум төгрөг байгаагаас гадаад зээлийн ашиглалтын 1.296.3 тэрбум төгрөг нь эх үүсвэртэй алдагдал аж. Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу Төсвийн тогтворжуулалтын сангаас нийт 478.8 тэрбум төгрөгийг төсвийн алдагдлыг нөхөхөд ашиглахаар тусгасан байна.
Монгол Улсын Засгийн газар 2020 онд алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор гадаад, дотоод бонд гаргахгүй аж.
Ирэх онд гааль, татварын шинэчлэлийг хэрэгжүүлж, газрын бүртгэлийг цахимжуулан, газрын төлбөр хураалтыг сайжруулж, төсвийн орлогын эх үүсвэрийг бүрэн дайчилснаар нэгдсэн төсвийн нийт орлогыг энэ оны батлагдсан нийт дүнгээс 1.8 их наяд төгрөг буюу 16.6 хувиар нэмэгдүүлэн 12.9 их наяд төгрөг байх, нийт зарлага 13.9 их наяд төгрөг байхаар тооцжээ.