Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Олон Улсын соробан сампин, цээж тооллын тэмцээнд багаараа амжилттай оролцож, аваргын цом авсан сурагчдыг өрөөндөө хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж, баяр хүргэн амжилт хүсээд гарын бэлэг өгөв.
Камбож Улсын нийслэл Пномпень хотод энэ сарын 7-8 нд болсон Олон Улсын соробан сампин, цээж тооллын USMAS тэмцээнд дэлхийн 40 улсын 4000 хүүхэд 10 ангилалд оюуны чадвараараа өрсөлдсөн байна. Тус тэмцээнд Тояа хүүхэд хөгжлийн академийн сурагчид оролцож 38 аваргын цом, 36 алтан цом, зургаан мөнгөн цом хүртсэн байна. Тэмцээнд Улаанбаатар хот болон Өвөрхангай, Хөвсгөл, Дорнод аймгийн 6-14 насны сурагчид амжилттай оролцсон бөгөөд дээд түвшний оноог Хөвсгөл аймгийн Түнхэл тосгоны ЕБС-ын наймдугаар ангийн сурагч н.Тэргэл авсан байна.
Ерөнхий сайд оюун ухааны чадвараа хөгжүүлээд зогсохгүй эх орноо төлөөлж Олон улсын тэмцээнд өндөр амжилттай оролцож, Монгол Улсынхаа нэрийг мандуулж, монгол хүний оюуны чадамжийг дэлхийд харуулж, хичээл зүтгэл гаргасанд хүүхдүүдэд талархал илэрхийлж улам их амжилт хүслээ. Мөн эдгээр хүүхдийг бэлтгэн сургаж, хүмүүжүүлж, төлөвшүүлж буй багш нарт талархан, бахархаж байна гэсэн юм.