Н.Болд: Мэргэжлийн урлагийнхан Б.Чинбатдаа “Аравт” тоглолтоо зориулна

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нар БНСУ-ын Сөүл хотноо мэс засалд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа билээ. Санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан эмчилгээ хийлгэхэд бэрхшээл гарч байгаа тул Монголын урлагийн салбарын олон уран бүтээлчид нэгдэн, уран бүтээлч гэр бүлд туслах “Хос зүрхээ хамгаалъя” хандивын аян өрнүүлж байна.

   2020 оны хоёрдугаар сарын 1-нд “Niciton & Friends” тоглолт, хоёрдугаар сарын 2-нд мэргэжлийн урлагийн байгууллагуудын нэгдсэн “Аравт” тоглолтуудыг зохион байгуулахаар болсон юм.

   Ингээд бид хоёрдугаар сарын 2-нд зохион байгуулагдахаар товлогдоод байгаа “Аравт” тоглолтын Ерөнхий найруулагч Н.Болдтой ярилцсанаа хүргэе.


-Цувралаар хүргэх тоглолтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргээч?

-“Хос зүрхээ хамгаалъя” аяны хүрээнд Монголын урлагийн уран бүтээлчид цуврал тоглолтыг зохион байгуулах гэж байна. Хоёрдугаар сарын 1-нд “Nikiton & friends” рок попын тоглолт, хоёрдугаар сарын 2-нд мэргэжлийн урлагийн байгууллагуудын “Аравт” тоглолт болно. Миний бие “Аравт” тоглолтын Ерөнхий найруулагчаар ажиллаж байна. Чинбаа, Сарнай хоёрын элэг шилжүүлэн суулгах хагалгаа амжилттай болсон ч хагалгааны дараах эмчилгээ маш чухал байдаг. Хоёр уран бүтээлчид сэтгэлийн дэм маш их хэрэгтэй байгаа учраас Монголын урлагийн байгууллагууд нэгдэн нийлж, томоохон тоглолтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа эхэлж байна. 

-“Аравт” тоглолтод ямар уран бүтээлчид оролцох вэ?

-Хоёрдугаар сарын 2-нд болох мэргэжлийн урлагийн байгууллагуудын тоглолтын нэрийг Б.Чинбатынхаа бүтээлийн нэрээр нэрлэсэн. Тоглолт мэдээж Монгол гэр бүл бүр аз жаргалтай байгаасай, элэг бүтэн байгаасай гэсэн агуулгатай. 

Тоглолтод олон уран бүтээлчид оролцохоор саналаа өгч байна. Төрийн мэргэжлийн урлагийн байгууллагууд буюу Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын филармони,  Морин хуурын чуулга, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга гээд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор саналаа өгсөн. Хөтөлбөрөө гаргасны дараа тоглолтод оролцох уран бүтээлчдийн нэрс тодорно. Бидний баримталж буй өөр нэг санаа бол гэр бүлийн уран бүтээлчдийг оролцуулах төлөвлөгөөтэй байна. Гэр бүлээрээ уран бүтээл хийдэг дуучидтай холбогдож байна.

-Тоглолтын үргэлжлэх цаг, тасалбарын үнийг үзэгчид сонирхож байгаа байх?

-Үргэлжлэх цагийн тухайд хоёр цаг 30 минутаас багагүй хугацаатай байхаар төлөвлөж байна. Учир нь Монголын бүх уран бүтээлчид “Би ямар уран бүтээлээ хүргэж тус болох вэ, тоглолтод оролцмоор байна” гэх саналуудыг ирүүлж байгаа. Бид ярилцаад, бүтээлээ сонгож, тодорхой цагтаа багтаах хэрэгтэй. Билетийн тухайд 25 мянган төгрөгийн үнэтэй байхаар ярилцаж тохиролцсон байгаа. 

-Үндэсний урлагийн байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох байх. Яг ямар байдлаар нэгдэх вэ?

-Иргэд ярихдаа “Ямар азтай юм бэ. Гэр бүлийн хоёр нэг нь нэгэндээ донор болчихлоо” гэж яриад байгаа болохоос эхнэр, нөхөр хоёулаа маш хүнд хагалгаанд орсон гэдгийг сайн мэдрээгүй байх. Энэ нь зүгээр нэг хувцсаа тайлаад нэгэндээ өмсүүлсэн зүйл биш, хоёулаа яг адилхан мэс засалд орсон гэсэн үг. Эрхтнээ огтлуулна гэдэг тийм амархан зүйл биш.

Тийм учраас бид энэ тоглолтод Чинбаагийн уран бүтээлээс гадна Сарнайгийнхаа гайхалтай хатан ухаан, зориг, тэвчээрийг магтан дуулна. Чинбаагийн уран бүтээлийг Морин хуурын чуулга, Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал тоглоно. Мөн Чинбаатай хамтарч тоглодог уран бүтээлчид ая, дуугаа өргөнө. Улсын драмын эрдмийн театрын хувьд хамтарсан тоглолтод оролцоно. Мөн алдарт “Ромео, Жульета” жүжгийг тусад нь тоглож, орлогоо хандивлахаар төлөвлөж байгаа. 

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …