Өнөөдөр үдээс өмнө Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нар Хятадын Ардын их хурлын ордноо албан ёсны хэлэлцээ хийлээ. Монгол, Хятад хоёр орон 2010 оноос хойш Стратегийн түншлэлийн харилцаанд шилжсэн. Энэ айлчлалын хүрээнд Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөрийг хоёр орны Ерөнхий сайд нар батлах бөгөөд энэ хүрээнд өргөн хүрээтэй асуудлаар Ерөнхий сайд нар байр сууриа илэрхийллээ.
Хэлэлцээний дараа хоёр улсын хооронд худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, уул уурхай, дэд бүтэц, тээвэр харилцааны чиглэлээр хамтран ажиллах 10 баримт бичигт гарын үсэг зурсан юм. Үүнд:
- “Монгол Улс, БНХАУ-ын хооронд Стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх дунд, урт хугацааны хөтөлбөр”-т Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг;
- “Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр;
- “Иргэний агаарын хөлгийг эрэн хайх, авран туслах ажиллагааг зохицуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Зам, тээврийн сайд А.Гансүх;
- “Монгол Улсад анхны шинжлэх ухааны парк байгуулах талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, БНХАУ-ын ШУТЯ хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг;
- Гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Онцгой байдлын Ерөнхий газар, БНХАУ-ын Иргэний хэргийн яам хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж;
- “Монгол Улсын Хөгжлийн банк, Хятадын Хөгжлийн банк хоорондын Хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр”-т Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат;
- Монгол Улсын төрийн өмчит Монголын Төмөр Зам ХХК (“МТЗ”) болон БНХАУ-ын төрийн өмчит Шенхуа Групп Корпораци (“Шенхуа”), Монгол Улсын төрийн өмчит Эрдэнэс Таван Толгой ХХК, Энержи Ресурс ХХК, Таван Толгой ХК-ийн бүрэлдэхүүнтэй Консорциум (“Консорциум”) хоорондын Харилцан ойлголцлын Ханамж бичигт П.Бат-Эрдэнэ;
- Монгол Улсын төрийн өмчит Монголын Төмөр Зам ХХК (“МТЗ”) болон нөгөө талаас БНХАУ-ын төрийн өмчит Шенхуа Групп Корпораци (“Шенхуа”) Ухаа худаг-Гашуунсухайтын төмөр замын талаар хамтран ажиллах Санамж бичигт П.Бат-Эрдэнэ;
- Нүүрс хийжүүлэх үйлдвэр байгуулж, хийн түлш үйлдвэрлэх, экспортлох тухай Монгол Улсын Уул уурхайн яам, БНХАУ-ын “Синопек групп”-ын хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг-т УУЯ-ны ТНБД Р.Жигжид;
- Монгол Улсын Газрын тосны газар, БНХАУ-ын “Петрочайна” компани хооронд Монгол Улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх тухай Харилцан ойлголцлын санамж бичигт Г.Өлзийбүрэн, нар тус тус гарын үсэг зурлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.