АН-ын дарга С.Эрдэнэ 2016 онд УИХ-ын сонгуульд нэр дэвших дэнчин 50 сая төгрөг байсныг 2020 оны сонгуульд 100 сая төгрөг болгон өсгөнө гэсэн нь олон нийтийн төдийгүй намын гишүүдийнх нь дургүйцлийг ихэд төрүүлж байна. С.Эрдэнэ дарга болон тойрон хүрээлэгчдэд нь 100 сая төгрөгийн дэнчин нь 100 төгрөг шиг санагдаж байгаа бололтой юм. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар одоогийн байдлаар дэнчингээ өгч нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн 100 гаруй хүн бий гэлцэж байна. Энэ нь ойролцоогоор 10 тэрбум төгрөг болж байгаа юм. Гэвч энэ мөнгийг юунд зарцуулж байгаа нь одоо хүртэл тодорхойгүй.
Эрх баригчид нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөгийн дэнчин авахгүй, мэдлэг боловсролтой, ёс зүйтэй, олон нийтийн рейтинг судалгаанд өндөр үнэлгээтэй хүмүүсээ 2020 оны сонгуульд нэр дэвшүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Гэтэл АН-ын дарга С.Эрдэнэ намын гишүүдээ мөнгөтэй мөнгөгүйгээр нь ялгаж, мөнгөгүй бол мэдлэг боловсролоор улс төрд хол явахгүй хэмээн даапаалж суугаа. Үүнийг нь эсэргүүцэж шүүмжлэх намын гишүүд олон бий гэдгийг Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нотоллоо.
Тэрээр хэлэхдээ “Ил цагаан 100 сая төгрөгийг хувиасаа гаргаад өгөх дундаж иргэн битгий хэл бизнесмен ч байхгүй. Энэ чинь хүнд мөнгө шүү дээ, үүнийг хэлэхээс өөр арга байхгүй. АН мөнгөөр уралдахаасаа илүүтэй дараа дараагийн сонгуульд мөнгө биш иргэний идэвхтэй, мэдлэгтэй, хариуцлагатай оролцоо, өрсөлдөөнийг гол хөшүүрэг байх тогтолцоо руу бодлогоо илүү гаргаж тавихыг бодох ёстой” гэв.
Үндсэндээ бол шүүмжлэхээс ч өөр аргагүй зарчмыг АН-ын дарга С.Эрдэнэ баримталж байгаа юм. 2020 оны сонгуульд 100 сая төгрөгөө өгч нэр дэвших эрхээ олж авсан ч ахин сонгуулийн зардал хэмээн маш их хэмжээний мөнгийг намдаа төлнө. Тухайн нэр дэвшигч ялалт байгуулсан нөхцөлд зарцуулсан мөнгөө хэрхэн олж авах вэ гэдэг бодол өөрийн эрхгүй олон нийтийн анхаарлын төвд байна. Нийгмийн сүлжээгээр хөрөнгөлөг хүмүүс сонгуульд зарцуулсан мөнгөө төрөөс хулгай хийх замаар олж авна хэмээн шуугиж байгааг бодох л асуудал.