Монголын эмэгтэйчүүдийн холбоо “Соёлын довтолгоо-2” төслийг эхлүүлж, “СОЁЛЫГ ТҮГЭЭЕ” аяныг үндэсний хэмжээнд эхлүүллээ. “Соёлыг түгээе аян” Монгол орны 21 аймаг, Нийслэл хотын 9 дүүрэгүүдэд хэрэгжих юм.
Монголын эмэгтэйчүүдийн холбооны “Соёлыг түгээе” аяны бүрэлдэхүүнд багтсан “Соёлыг түгээгч” өв соёл түгээн дэлгэрүүлэгч Б.Нарандэлгэр, дуучин С.Гантогоо, жүжигчин Б.Одончимэг нар Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б. Оюунгэрэлийн хамтаар энэ сарын 7-12 ны өдрүүдэд Эрдэнэт, Хөвсгөл, Завхан аймгуудад Соёлын түгээе аяныг амжилттай зохион байгууллаа.
Эдгээр өдрүүдэд Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл холбооны Соёлыг түгээгчдийн хамтаар гурван аймгийн нийт 3000 гаруй иргэд, өсвөр үеийн төлөөлөлтэй уулзалт, ярилцлага, лекц хийхийн зэрэгцээ тус аймгуудад үйл ажиллагаа явуулдаг асрамжийн төвүүдэд зочилсон юм. Тухайлбал, Эрдэнэт хотын “Энэрэл” асрамжийн төв, Хөвсгөл аймгийн ахмадын асрамж, сувиллын үйл ажиллагаатай танилцжээ.
Энэ удаагийн Соёлыг түгээх багт МЭХ-ны “Соёлыг түгээгч” Өв соёл түгээн дэлгэрүүлэгч Б.Нарандэлгэр, дуучин С.Гантогоо, жүжигчин Б.Одончимэг нар багтаж байгаа юм.
Монголын эмэгтэйчүүдийн байгууллага Монгол улсад соёлын довтолгоо өрнүүлэн, ахуйд соёлын хувьсгал хийж, бүх нийтийг бичиг үсэгт сургах, хүн амыг эрүүлжүүлэх, соёлжуулах, боловсруулахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн юм. Тэгвэл 21-р зуун, нийгэм цаг үеийн шилжилтийн энэхүү он жилүүдэд, үндэсний өв соёл, уламжлал ёс жудгаа хадгалж хамгаалах, соёлч боловсон, боловсрол мэдлэгтэй, мэдлэгээ ашиглан баялаг бүтээж хэрэглэж чаддаг, хүмүүнлэг энэрэнгүй шинэ үеийн залуусыг бэлтгэхээр зорин ажиллаж байна.