“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат ах дүү Ө.Азбаяр, Ө.Азбилэг нарт иж бүрэн тавилга бүхий өргөө цагаан гэрийг шинийн наймны Билэгт сайн өдөр барьж бэлэглэлээ.
2019 оны шилдгээр шалгарсан салбарын хамт олон уг ажлыг санаачилж, хэрэгжүүлсэн бөгөөд хоёр хүүгийн талийгаач ээж нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-д ажиллаж байсан юм.
Бөхийн спортоор амжилттай хичээллэж байгаа мундаг хөвгүүдийг өвөө эмээ нь өсгөн хүмүүжүүлж байгаа аж.
Компанийн Салбарын удирдлага болон сумын ИТХ-ын дарга Г.Бацмаа нар өргөө цагаан гэрийг хоёр хүүд хүлээлгэн өгч, цаашдын амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж, хичээл сурлагадаа шамдан суралцахыг захилаа.
Ө.Азбилэг хүү, “Хайрт ээжийнхээ хамт олонд маш их баярлалаа. Онц сурч, сайн хүн болно, ирээдүйд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилтан болно” гэж ярилаа.