Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулж Эрчим хүчний салбарын үйлдвэр, компанийн инженер техникийн ажилчин, албан хаагчид нэгдэн нэг өдрийн цалингаа Улсын Онцгой Комисст хандивлалаа.
Хандивыг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Монгол Улсын Шадар сайд, Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшинд гардуулан өгөв. Энэ үеэр Дэлхийн нийтээр эрчимтэй тархаж буй шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж, ард иргэдийнхээ эрүүл мэнд, амар тайван байдлын төлөө хүнд нөхцөлд ажиллаж буй Улсын онцгой комиссын хамт олонд талархаж буйгаа хамт олныхоо өмнөөс илэрхийллээ.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжин хандив өргөсөнд сайд Ө.Энхтүвшин талархал илэрхийлээд “Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбарын хамт олон өвөлжилтийг өнтэй сайхан давахын сацуу дулаан сэтгэл гарган хандив өгч байгаад талархал илэрхийлье. Том гэр бүлийн олон компани нэгдэн хамгийн өндөр хандивыг өглөө. Та бүхний хандив бидний ажилд маш их тус болно. Эргээд та бүхэндээ зарцуулсан тайланг танилцуулах болно” гэлээ.
“COVID-19” вирусний тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй үйл ажиллагаанд шаардагдах зардалд зориулан Эрчим хүчний салбар 14 үйлдвэр, компанийн 5584 ажилчин нэг өдрийн цалин болох 315,248,96 мянган төгрөгийг Улсын онцгой комисст хандивлав.
Эрчим хүчний салбарын хандив өгсөн компаниуд:
1.Эрчим хүчний яам
2. “Диспетчерийн үндэсний төв” ХХК
3. “Дулааны хоёрдугаар цахилгаан станц” ТӨХК
4. “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК
5 . “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК
6. “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК
7. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК
8. “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК
9. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК
10. “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК
11. “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК
12. “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК
13. “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК
14. “Дарханы дулааны сүлжээ” ТӨХК