Өнөөдөр буюу гуравдугаар сарын 11-ний үдээс өмнө Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудыг тухай бүрт нь мэдээлсэн билээ.
Тэгвэл одоо хуралдаанаар хэлэлцсэн асуудал, шийдвэрүүдийг товчоор тоймлон хүргэж байна.
- “Тэнгэрийн тойрог” төслийг “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр хэрэгжүүлэх болов. Концесс олгох уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу явуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгалаа. “Тэнгэрийн тойрог” төслийг Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх “Алсын хараа-2050”, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрт тусгасан, хотын захиргаа ч үүнийг дэмжин “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд оруулахаа илэрхийлсэн байна. Тэнгэрийн тойрог төслийн талаар эндээс үзнэ үү.
- Өвөлжилт хүндэрсэн Архангай, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Завхан, Өмнөговь, Хэнтий, Хөвсгөл, Увс аймаг болон Улаанбаатар хотод нийт 3,8 мянган тонн өвсийг Улсын нөөцөөс үнэгүй олгохоор болов. Мөн 3000 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан худалдахаар шийдвэрлэлээ.
- ХУД-т баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусгаж, дэд бүтэц барихтай холбоотой төслийн нэмэлт ажлын магадлалын ерөнхий дүгнэлтээр батлагдсан санхүүжилтийг хянан баталгаажуулж, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрлэхээр болов.
- Нийгмийн хамгааллын болон тэтгэврийн шинэчлэл, нийгмийн даатгалын багц хуулийн төслийг ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болов.
- “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын шатахуун хангамжийн менежментийн төсөл”-ийг “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” төрлөөр, концесс эзэмшигчийг шууд гэрээний аргаар сонгох байсан. Шатахуун хангамжийг төрийн өмчит аж ахуйн нэгж хариуцах болсон тул төслийг концессын зүйлийн жагсаалтаас хасав.
- Улаанбаатар хотын ахуйн болон үйлдвэрийн цэвэрлэх байгууламжуудын хог хаягдал, лагийг зориулалтын бус газарт хаях, хог хаягдал хуримтлуулах, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх, үнэр гаргахыг зогсоохыг үүрэг болгов. Энэ чиглэлээр байгууллага, аж ахуйн нэгжүүдэд анхааруулга, зөвлөгөө өгч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгав.
- БНХАУ-ын Учао хотод болсон олон улсын циркчдийн наадмаас мөнгөн медаль хүртсэн “Монголын циркийн хөгжлийн төв”-ийн уран бүтээлчдэд 40 сая, Монте-Карлогийн дэлхийн циркчдийн их наадмаас хүрэл медаль хүртсэн Монголын цирркчдийн холбооны уран бүтээлчдэд 34 сая, Бүгд Найрамдах Чех Улсад болсон Косиан сангийн нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ч.Цэцэнд 19 сая, хоёрдугаар байрын шагналт, ОХУ-ын Гнесний нэрэмжит Хөгжмийн коллежийн сурагч Т.Удвал, Хүүхдийн ордоны хийлийн дугуйлангийн сурагч Т.Эсүй нарт тус бүр 14 сая, гуравдугаар байр эзэлсэн Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ж.Нарансоёмбо, Ө.Мишээл нарт тус бүр есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болов.