Covid19 халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-аас өнөөдрийн мэдээллээ өглөө.
Монгол Улсад өчигдөр Covid19-ийн халдварын тав дахь халдвар бүртгэгдсэн. Тухайн иргэн гуравдугаар сарын 15-нд Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан иргэн байжээ. Халдвар авсан иргэнтэй ойрын хавьтал болох 13 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа тухай мэдээллээ. Мөн түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан нэг тохиолдол байгаа бөгөөд удахгүй хариу нь гарах аж.
Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өнөөдрийн байдлаар 1,337 иргэн ажиглалтын байранд байна. Нэгдүгээр сарын 9-нөөс хойш нийт 300 тохиолдлыг сэжигтэй гэж үзэн шинжилгээнд хамруулж, таван тохиолдлын онош батлагдаж халдвартай нь тогтоогдсон.
Өнөө шөнө Истанбул-Улаанбаатарын онгоцоор ирэх иргэдийн тоо яг нарийн тодорхой биш байна. Бидэнд урьдчилсан байдлаар 252 зорчигч ирнэ гэсэн мэдээлэл өгсөн. Эдгээр иргэнийг Зүчи зочид буудал, Бага баянгийн амралтын газар, Асралтмед эмнэлгүүдэд тусгаарлахаар бэлтгэлээ хангаж байна. Голомтот бүс нутгаас ирсэн иргэдийг ХӨСҮТ-д, эмнэлгийн тусламж шаардлагатай иргэдийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарлах бэлтгэл ажил мөн хангагдсан.
Урьдчилсан байдлаар тус онгоцоор биеийн байдал нь хүнд нэг хүүхэд ирэх мэдээлэл өгсөн учраас эрчимт эмчилгээний эмчийг шаардлагатай тохиолдолд тусламж үзүүлүүлэхээр явуулсан. Тусгаарлах байруудад ажиглалтад байгаа иргэдийн биеийн байдал тогтвортой байна. Шаардлагатай тохиолдолд эмч нар очоод тусламж үзүүлж байгаа.
ОХУ-аас ирэх иргэдийн тоо нэмэгдэж болзошгүй байгаа учраас Алтанбулаг боомтоор орж ирэх иргэдийг Дархан-Уул, Сэлэнгай аймагт зочид буудал, тусгаарлах байр эмнэлгийн мэргэлжилтнүүдийг холбогдох албаныхантай хамтран бэлтгэж байна.
Эрүүл мэндийн салбар халдварын тохиолдол нэмэгдэхэд тухайлбал нэг тохиолдол гарвал, 10 болвол, 100 болвол яаж ажиллах вэ гэдэг дээр төлөвлөгөө гаргасан түүнийгээ баримтлан ажиллаж байгаа. Эмнэлгийн орнууд дүүрээд гадаадын бусад оронд байгаа шиг нөхцөл байдал үүсвэл яах вэ гэдэг төлөвлөлтөө мөн хийсэн. Гэрээр эмчлэх заавар зөвлөмжийг гаргаад ажиллаж байна. Түүнчлэн бусад эмнэлгийн тусламж үйлчилгээний хэвийн байдалд хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчин амбулаторийн үзэлгийн 2.5 хувийг эзэлж байгаа.
ДЭМБ-ын аргачлалаар халдвар тархах, хүндрэх, маш хүндрэх үед авах арга хэмжээг тооцоолж байна. Улсын хэмжээнд эрчимт эмчилгээний 600 ор байгаагаас хүүхдийн болон амаржих эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх орыг хасаад үлсэн орнуудыг COVID-19 халдварын үед ашиглах талаар төлөвлөлт хийсэн. Өнөөдөр 15:00 цагаас БНХАУ-ын эрдэмтэд, эмч нартай цахим хурал хийхээр болсон. Тус хурлаар эмчилгээнд ямар эм тариаг түлхүү хэрэглэж үр дүнд хүрэв гэдгийг ярилцана. Иргэдэд маань аливаа шинж тэмдэг илэрвэл юуны түрүүнд утсаар зөвөлгөө аваарай” гэлээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ажилтны өгч буй мэдээллээр дэлхийн 165 оронд, нийт 179 мянган хүн халдвар аваад байна. Халдварын тархалт эх газраас арлын орнууд руу, Африкийн бүс рүү шилжиж байгааг ДЭМБ-ын ажилтан мэдээллээ.
Бельги улсад ирэх сарын 5-ныг хүртэл Үндэсний хэмжээнд хөл хорио тогтоолоо. Иргэдийг зайлшгүй шаардлагатай үед л гэрээс гарахыг зөвшөөрч буй аж. Итали улсад сүүлийн 24 цагийн дотор 3526 тохиолдол шинээр батлагдаж, 345 нас баралт бүртгэгдсэн байна. Нийт нас баралт 2500 давжээ. Шинэ тохиолдол өмнөх өдрөөс 12.6 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь өмнөх өдрүүдтэй харьцуулахад хамгийн бага өсөлт болж бүртгэгдлээ.
Герман улсад 24 цагийн дотор 2000 гаруй тохиолдол шинээр батлагджээ. Нас баралт 9-өөр нэмэгдсэн байна. БНХАУ-ын тухайд гаднаас ирэх зорчигчдыг 14 хоног хөл хорионд байлгахад мөрдөх журмаа улам бүр чангатгажээ. Учир нь тус улс түүн дотроо Хубэй мужид шинээр бүртгэгдэж буй тохиолдлууд гаднаас зөөвөрлөгдөж ирсэн, гаднаас хамаарсан тохиолдлууд байгаа юм байна.
Сүүлийн 24 цагийн дотор Европ тивд 8507 шинэ тохиолдол бүртгэгджээ.