Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээллээ. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл өчигдөр хуралдаж, шийдвэр гаргасан гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд мэдээллийн эхэнд хэллээ.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар ярьсан. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гэж байдаг. Үүнд Монгол банкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Сангийн сайд, Хадгаламжын даатгалын корпорацын захирал гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, Монгол Улсын санхүүгийн салбарын байдлыг хянаж, тогтвортой барих чиглэл дээр нь тодорхой бодлого авч хэрэгжүүлж, хоорондоо ярилцаж, бодлогоо уялдуулж байдаг. Ингээд өчигдөр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдаж шийдвэр гаргасан юм.”
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн шийдвэрийн талаар танилцууллаа. Тэрбээр “Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр банкинд хандсан харилцагчид болох зээл авсан иргэд, ААН-үүд, биенесийнхэний тавьсан асуудлыг шийдэх боломж нь юу байна, зохицуулалтын хүрээнд яаж шийдвэр зохимжтой вэ гэдгийг ярилцлаа. Банкинд 1000 орчим ААН, иргэдээс 1,5 их наяд төгрөгний зээлтэй холбоотой асуудлаар санал хүсэлт тавьсан байна. Банкиуд өөрсдөө бас яаж шийдэх вэ гэдгийг ярилцжээ. Монголбанкны хувьд банкуудын хэвийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх журам байдаг. Активын ангиллын журмыг Сангийн сайдтай хамтран гаргадаг.
Коронавирусийн өндөржүүлсэн бэлэн байдлыг нэгдүгээр сарын сүүлээс хойш зарласан. Үүнээс хойш гарсан санхүүгийн хүндрэлийг судалж байна.
Нийт зээлдэгчийн 90 гаруй хувь нь хэрэглээний зээл байдаг. 90 хоногийн хугацаанд үндсэн зээл болон хүүг төлөхөөргүй болгож, хойшлуулж байна. Хэрэглээний зээл дээр нэг сарын хугацаанд зээлээ төлж чадаагүй бол ангилал бууруулдаг байсан бол өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш зургаан сарын хугацаанд зээлийн ангилалд өөрчлөлт оруулахгүй. Хэрэглээний зээлд машины лизинг, цалингийн зээл, ипотекийн зээл хамаарна. Зээл төлөлтийг хугацааг хойшлуулснаар зээлийн төлөх ёстой хугацаа нь хойшилно. Жишээлбэл 20 жилийн хугацааны зээл 20 жил гурван сар болно гэсэн үг.
Нийт 419 мянган зээлдэгчийн 71.3 хувь нь хэрэглээний зээлтэй байна. Бодлогын хүүг бууруулснаар цаашид зээлийн хүү улам буурах нөхцөл бүрдэж байгаа” гэж мэдэгдлээ.
Энэ хугацаанд зээлийн үнэлгээ буурахгүй бөгөөд торгууль, төлбөр нэмэхгүй ажээ.