Монгол Улсад нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног, төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх Дэлхийн банкны 26.9 сая ам.долларын “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн санхүүжилтийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар Пүрэв гарагт гарын үсэг зурав.
Төслийн хүрээнд Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмнэлэг, АШУҮИС-ийн дэргэдэх сургалтын эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлэг болон Нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, орон нутаг дахь нэгдсэн эмнэлгүүдийг 1,000 орчим нэр төрлийн 11,500 гаруй тоног төхөөрөмжөөр хангаж, 1,000 ортой эмнэлэг дэлгэн ажиллуулах боломж бүрдэх юм.
Зээлийн санхүүжилтийг Дэлхийн банкны хоёр өөр байгууллагаас олгох бөгөөд Олон Улсын хөгжлийн ассоциацаас 13.1 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, Олон улсын сэргээн босголт, Хөгжлийн банкнаас үлдсэн 13.8 сая ам долларын зээлийг тус тус 30 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгөөр олгож байгаа аж.