Коронавируст халдвар (COVID-2019)-ын үед нэн шаардлагатай хувийн хамгаалах хэрэгсэл оношлуурыг ДЭМБ-аас манай улсад хандивлаж байгааг хүлээлгэн өгөх арга хэмжээ 2020 оны 04 сарын 11-ний өдөр Эрүүл мэндийн яаманд боллоо.
Коронавируст халдвар (COVID-2019)-ын тархалт нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын хэмжээнд хүрч 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 213 улсад 1,698,232 тохиолдол бүртгэгдэж, 102,696 нь нас барсан байна. Манай улсын тухайд 16 тохиолдол зөөвөрлөгдөн ирж, 4 нь эдгэрсэн.
Коронавируст халдвар (COVID-2019) нь дэлхий нийтийг түгшээж байгаа энэ үед Монгол Улс халдварыг тогтоон барих, тархалтаас сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах чиглэлээр шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд ДЭМБ нь бидний үйл ажиллагаанд үргэлж дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллаж байгаад талархаж байна.
Дэлхийн бараг бүх улс оронд халдварын нөхцөл байдлын улмаас хувийн хамгаалах хэрэгслийн хэрэгцээ эрс нэмэгдэж, хомсдол үүссэн энэ үед ДЭМБ-аас 3 дах удаагийн тусламжаа хүлээн авч байна. Энэхүү тусламжийн хүрээнд 80.770 ам долларын үнэ бүхий 8 нэрийн хувийн хамгаалах хэрэгсэл, 2 нэрийн оношлуурыг хүлээн авч байна.
Үүнд:
1. Нэг удаагийн амны хаалт -233,000ширхэг
2. Мэс заслын амны хаалт-4000 ширхэг
3. N95 амны хаалт-1000 ширхэг
4. Нүүрний хамгаалалт 400 ширхэг
5. Аюултай хог хаягдлын уут 1000 ширхэг
6. Нүдний шил 250 ширхэг
7. Нэг удаагийн халад 422 ширхэг
8. Нэг удаагийн бээлий 12.000 хос
9. Оношлуур (Sarbeco V E-ген EAV )- 7,680 нэгж
10. Оношлуур SARs COV-2 (COVID19 RdRP) 2880 ширхэг
Эдгээр хувийн хамгаалах хэрэгсэл нь халдварын голомтод ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилчдыг эрсдлээс хамгаалахад чухал ач холбогдолтой бөгөөд шаардлагатай эрүүл мэндийн байгууллагад хүргүүлэн ажиллана.
Эх сурвалж: mohs.mn