Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх товчоодод хүн амын урсгал хөдөлгөөний болон шилжин суурьшигсдын хөдөлгөөнийг хянаж бүртгэлжүүлэн, асуумжийн аргаар эрүүл мэндийн тандалт судалгааг хийж буй. Урсгал хөдөлгөөний хяналтыг DTM аргачлалыг ашиглан хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэв Монгол Улсад коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд тухайн халдвар тээгчийн харилцсан хүмүүсийг олж тогтоох, иргэдийн дотоодын шилжилт хөдөлгөөнийг саармагжуулах мэдээллийн дата бааз үүсгэж, эрсдэлийг бууруулах зорилготой юм.
Цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгах, эрсдэлийн бэлэн байдлыг хангах үүднээс иргэдийн нийслэл рүү орж, гарах урсгалын талаарх бүртгэл мэдээллийг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын техник туслалцаатайгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж байна.
Улаанбаатар хотын иргэдийн урсгал хөдөлгөөний хяналтын үйл ажиллагааны хүрээнд хийгдсэн ажлын явц, үр дүнгийн талаар өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй бусад харьяа агентлаг, газрын төлөөллүүд болон Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко, ОУШХБ-ын Монгол дахь DTM завлах Т.Мөнхзул нар уулзалдаж санал солилцлоо.
Иргэдийн урсгал хөдөлгөөн болон эрүүл мэндийн тандалт судалгааг 60 хоногийн хугацаанд хэрэгжүүлэхэд Улаанбаатар хотын хүн ам 2 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан байна. Нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодод холбогдох албаныхан тээврийн хэрэгслийн төрөл, зорчигчдын тоо, нас хүйс, эрүүл мэндийн байдал, зорчиж буй чиглэлийн талаарх мэдээллийг 24 цагийн турш иргэдээс авч ажиллаж байгаа юм. Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко хэлэхдээ “Бид урсгал хөдөлгөөний судалгааг нарийвчлан гаргаж иргэдийн зорчилт ихтэй дүүрэг, хороодын судалгааг гаргаж чадаж байгаа нь эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой. Ирэх тавдугаар сарыг дуустал ОУШХБ-ын зүгээс шаардлагатай техник төхөөрөмж болон бусад дэмжлэгийг үзүүлэх болно. Цаашид нийслэлийн удирдлагуудын зүгээс шаардлагатай тоног төхөөрөмж программыг бэлтгэх, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах нь зүйтэй. Мөн энэхүү процессыг хэрэгжүүлэхэд эрх зүйн чадамжтай журам бүхий баримт бичгийг боловсруулахад Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас туслах болно” хэмээлээ.
Хотын Захирагч С.Амарсайхан цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд хийгдэж буй томоохон ажлуудын нэг буюу асуумжийн аргаар иргэдийн урсгал хөдөлгөөнийг хянаж бүртгэлжүүлэх нь халдвар тээгч илэрсэн тохиолдолд яаралтай авах арга хэмжээг тодорхойлох суурь гэдгийг онцлоод цаашид өвчлөл намжтал үргэлжлүүлнэ хэмээсэн юм. Тэрбээр хэлэхдээ “Иргэдээс асуумжийн аргаар авч буй мэдээлэл бол хувь хүний нууцтай холбоотой мэдээлэл учраас цаашид нууцлалын зэрэглэлтэй мэдээллийн хадгалалт хамгааллыг илүү сайжруулахын тулд цахим хэлбэрт шилжих шаардлагатай байна. Одоогоор механик ажлууд хийгдэж байгаа учраас цаашид техникийн дэвшил гаргах нь зүйтэй. Энэ бүхэнтэй уялдуулан түр журам гаргах болно. Мөн цаашид Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хүний нөөцийг бэлтгэх, дадлагажуулах харилцан туршлага солилцох хэлбэрээр хамтарч ажиллах болно” гэв.
2017 онд Өмнөд Судан улсад Эбола вирус тархах үеэр иргэдийн хөдөлгөөнийг тандах зорилгоор анх дэлхийд ашиглаж байсан DTM аргачлалыг корона вирусийн халдварын үед Улаанбаатар хотод анх удаа ашиглаж, амжилттай хэрэгжүүлж байгаа нь энэ юм. Мөн дэлхийн 80 гаруй улс орнуудад онц байдлын үед ашиглаж ирсэн бөгөөд иргэдийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг бууруулах чухал нөлөөтэй гэдгийг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко тайлбарлаж байв.
Нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодод 1000 гаруй төрийн албан хаагчид ажиллаж байгаа бөгөөд асуумжийн аргаар тандалт судалгаа явуулж буй харьяа агентлаг, газар хэлтсийн төлөөллүүд мөн энэ үеэр байр сууриа илэрхийлж, цаашид судалгааны аргачлалыг нутагшуулах, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах зэрэг асуудлаар санал солилцлоо.