Төрийн өмчит усжуулалтын систем болон хүнсний ногооны үйлдвэрлэлийг шинэчлэхэд Монгол Улсад дэмжлэг үзүүлэх зорилгоор олгож буй 40 сая ам.долларын зээлийн гэрээ болон Ядуурлыг бууруулах Японы сангийн 2 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк (АХБ) гарын үсэг зурлаа.
АХБ-ыг төлөөлж тус банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч. Хүрэлбаатар нар зээлийн гэрээ болон буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурав.
“Үнэлгээ багатай, уламжлалт үр тариа тариалалтаас гадна өндөр үнэ цэнэтэй хүнсний ногоо тарьж тус салбарыг төрөлжүүлэн хөгжүүлэх нь хөдөө орон нутаг дахь иргэдэд ажлын байр бий болгож, тэдний орлогыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм” хэмээн АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран онцлон тэмдэглэлээ.
Хөдөө аж ахуйн салбар нь орон нутагт иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр болдог хэдий ч нэр төрлийн хувьд хангалттай төрөлжөөгүйн улмаас хүнсний ногоо, бордооны хувьд Монгол Улс импортоос хамааралтай хэвээр байна. Үүний зэрэгцээ, улсын хэмжээнд усалгааны систем нь хүчин чадал багатай, ган гачиг, үер усны аюулд тэсвэргүй байдаг.
Төслийн зорилго нь услалтын системүүдийг шинээр барих, сэргээн засварлах замаар хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих, усалгаатай тариалангийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх, усалгааны дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж, нутагшуулах, борлуулалт, агуулахын дэмжлэг үзүүлэх замаар хүнсний ногооны нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэн ногоочид, тариаланчдын чадавхи, орлогыг нэмэгдүүлэх, хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах зорилготой юм.
Төслийн хүрээнд нийт 8,000 га газар бүхий сонгогдсон 12 хэсэгт усалгааны системийг дагалдах дэд бүтцийн хамт шинэчлэн сайжруулж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй болгох юм. Төслөөс нийт 3,458 өрх ашиг шим хүртэх бөгөөд тэдгээрийн 1,041 нь орлого багатай өрх байх юм.
Төслийн нийт төсөв нь 46.25 сая ам.доллар бөгөөд АХБ-аас үүний 25.3 сая ам.долларыг хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр, 14.7 сая ам.долларыг энгийн нөхцөлтэй зээлээр тус тус санхүүжүүлэх юм. Мөн Монгол улсын Засгийн газраас төслийн зардалд 4.25 сая ам.долларын санхүүжилт гаргах бөгөөд үлдсэн 2 сая ам.долларыг Ядуурлыг бууруулах Японы сан (ЯБЯС)-ийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлнэ.
Төслийн хүрээнд дараах томоохон ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөж байна. Үүнд:
Төрийн болон орон нутгийн өмчийн 12 услалтын системийг шинээр барих (2) болон сэргээн засварлана (10). Усалгааны системийн усны эх үүсвэрийг Завхан, Ховд, Бодонч, Буянт, Идэр, Чигэстэй, Ивэн, Сөгнөгөр болон Хэрлэн голууд болон Сэлэнгэ мөрөнгөөс авах ба усалгааг дуслын болон бороожуулах технологийг ашиглан гүйцэтгэнэ. Шинэчлэн сайжруулсан усалгаатай талбайг тойруулан хамгаалалтын ойн зурвас байгуулахаас гадна сумын төвүүдэд хүнсний жижиг агуулах байгуулах болно. Энэхүү бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Говь-Алтай аймгийн Цахир сум, Халиун сум, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум, Алтай сум, Баян-Өлгийн аймгийн Баяннуур сум, Сагсай сум, Завхан аймгийн Тэлмэн сум, Улиастай сум, Сэлэнгэ аймгийн Сант сум, Зүүнбүрэн сум, Төв аймгийн Батсүмбэр сум, Хэнтий аймгийн Хэрлэн сум тус тус хамрагдах болно. Эдгээр сумдыг сонгохдоо хүнсний ногооны үйлдвэрлэл, төрийн болон орон нутгийн өмчийн усалгааны систем байх, мөн жижиг болон өрхийн үйлдвэрлэлийг дэмжих зэрэг шалгуурыг авч үзсэн.
Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх төвөөр дамжуулан бүс нутгийн 4 (баруун, төв, зүүн, өмнөд бүсийн) судалгааны хүрээлэнг (i) температурын хяналттай ургуулах, бойжуулах тасалгаанууд, хадгалах сэрүүн өрөө, нар, салхины хаалт, хашаа, механикжуулалтын багц, үр цэвэрлэх болон савлах тоног төхөөрөмж, тариалангийн болон сургалтын тоноглол, тоног төхөөрөмж, байгууламжаар хангах; (ii) бага оврын усалгааны системийг сайжруулах (iii) нүүрстөрөгч бага, ургалтын хугацаа урт, хүнсний ногоо болон сайн чанарын үр тариалах хүлэмжийг барих; (iv) эдгээр хүрээлэнгүүдийн чадавхийг бэхжүүлэх арга хэмжээ авна.
Услалтын системийг сайжруулж, үр үрсэлгээний аж ахуйг дэмжсэнээр төслийн хүрээнд дараах үр дүнд хүрэх болно. Үүнд:
12 услалтын системийг шинэчлэн сайжруулснаар 8.0 мянга хүртэлх га талбайг усжуулах нөхцөл бүрдэж, хүнсний ногооны тариалангийн гарц, бүтээж сайжирна.
Гол, хуваарилах болон түр суваг, далд хоолой болон илүүдэл ус зайлуулах байгууламжийг шинэчлэн сайжруулж, 240 га талбайг услах усны хэмнэлттэй, үр ашигтай төвийн эргэлттэй бороожуулагч, дуслын усалгааны технологийг нутагшуулах боломжийг бүрдүүлнэ.
Услалтын системийн дэд бүтцийн засвар үйлчилгээ хийх чадавхийг орон нутагт бэхжүүлсэн байна.
Барилгын ажлын үед нийт 240 ажлын байр бий болгож, ажлын байрны 40 хувь нь эмэгтэйчүүд, 10 хувь нь өрх толгойлсон эмэгтэйчүүд байна.
Төсөлд хүнсний ногооны тариалалт эрхлэгч 1,400 өрх хамрагдах ба эдгээрийн 20 хувь нь ядуу өрх байхаар тооцоолж байна.
Төслийн хүрээнд дотоодын хүнсний ногооны тариалалт 50 хувиар нэмэгдэж хүнсний баталгаат байдал сайжирна.
4,000 хүртэл сорьцонд шинжилгээ хийх чадавхи бий болж, агрохимийн аюултай үлдэгдэл бүхий хүнсний хэрэглээ буурч, хэрэглэгчдийн дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд итгэх итгэл нэмэгдэж, хүнсний баталгаат байдал сайжирна.
Хүнсний ногооны үр үйлдвэрлэлийн чадавхи 0.65 тонн, төмсний үр үйлдвэрлэл 10 тоннд хүрнэ.
Мэргэжлийн институци, удирдлагын чадавхи бэхжүүлсэн байна.