Б.Эрдэнэцогт: “Шог мэдээ”-ээр чамгүй чимхүүлсэн улс төрчид надад хандив өргөнө гэж зүүдлээ ч үгүй шүү’’

 “Улам эрч хүчтэй, итгэл дүүрэн амьдрах урам зориг дүүрэн байна. Өмнө нь ялихгүй зүйлд гомдож, бухимдаж явснаа бодохоор инээдтэй санагдаж, би ямар өчүүхэн байсан юм бэ гэж бодогдсон шүү” хэмээн Энэтхэг улсын шинэ Дели  хотын “ Сир Ганга Рам”  эмнэлэгт элгээ солиулаад ирсэн сэтгүүлч, яруу найрагч Б.Эрдэнэцогт инээмсэглэсээр биднийг гэртээ угтсан юм. Хагалгааны дараа бие нь эрс сайжирсан түүний сэтгэгдлийг хуваалцлаа.

Элэгний донор олоход амаргүй байдаг гэсэн. Эхний донорын нарийн шинжилгээний хариу таагүй гарч, нутаг буцахад сэтгэлээр их унасан уу?

Янз бүрийн юм л бодогдож байсан. Гэхдээ хэцүү бүхнийг даваад гарна гэсэн сэтгэл санааны хувьд маш их бэлтгэлтэй байсан болохоор гуниж гутраагүй. Юунд ч юм бэ,  нэг зүйлд итгээд байсан.Удалгүй Монголоос ээж маань утсаар ярьж “ манай хамаатны 20 настай охин донор болъё” гэж байна гэсэн  сайн мэдээ дуулгасан. Би их азтай хүн. Донор ч үгүй, эмчилгээний төлбөрийн мөнгө ч үгүй, хоёрхон сарын настай найдлагагүй гэж байсан мөртлөө өнөөдөр эрүүл саруул болоод сууж байгаадаа маш их баяртай байна. Хандив, донор олдохгүй бол хямдхан зардалтайгаар нь Өвөрмонгол руу явж эмчлүүлж, тан ч болтугай ууя гэж бодож байсан шүү. Харин олны буянаар энд эмчилгээ хийж, хагалгааны дараа хурдан хугацаанд хөл дээрээ босч эмнэлгээс гараад буудалд байхдаа дэлгүүр хэсч, бүр амьтны хүрээлэнгээр зугаалж байсан. Орчуулагч, донор маань ч их сайн хүмүүс таарсан. Монголоос мөнгө ирэхгүй халаасандаа хоёр, гуравхан доллартай байсан мөртлөө намайг сэтгэлээр уначихна гээд хэлэхгүй “болно, бүтнэ” гээд орчуулагч маань намайг тайвшруулж байсан ёстой сайн залуу даа. Донор маань ч нас залуу, оюутан мөртлөө сэтгэлийн хаттай, тайван, элэг шилжүүлэхээсээ шантраагүй их зоригтой охин байсан. Манай хамаатан ч гэсэн энэ оюутан охины сургалтын зардлыг дааж, цаашлаад амьдрал ахуйд нь байнга туслаж дэмжинэ гэж бодож байгаа.  Шуудхан хэлэхэд, би үхээд сэхсэн хүн шүү дээ. Бие муу байхад янз бүрийн муу зүйл бодогдож, хар дарж элдвийн зүүд зүүдэлдэг юм билээ. Маш их сонин зүйлийг байнга зүүдлэсэн. Бүр цагаан улаан бөөм зүүдлээд тэр нь аажмаар ялаа болоод, ялаатай яриад…  Эргээд бодохоор аймаар ч юм шиг,  гайхмаар ч юм шиг  санагдаж байсан шүү. Ёстой ямар учиртай юм бүү мэд.

Чухам юу зүүдэнд тань их орж байв?

Ногоон, цагаан бөөм, ялаа шумуул, шавьж хорхой гээд эсэн бусын юм дуг хийх зуурт байнга зүүдэнд харагдана. Бүр тэдэнтэй харилцаж, ярьж байгаагаар дүрслэгддэг байсан. Хагалгаанд 17 цаг орсон.  Харин хагалгааны дараа бие маань эрс сайжирч, харласан царай цайгаад, хурдан тэнхэрч, элдвийн зүйл зүүдлэхээ байсан. Эмнэлгийн эмчилгээ ч маш сайн таарсан. Тавхан хоноод хөл дээрээ боссон. Сэхээний тасагт нэг хоноход сая төгрөг. Хоногийн 21 цагт нь байнга дусал, тариа залгаатай ердөө гурван цаг л унтдаг байлаа.

Тэндэхийн эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээг Монголынхтойгоо харьцуулж үзэв үү?

 Эмнэлгийн орчин, эмч, сувилагч, үйлчлэгч нь маш цэвэрч. Надад хүрэх болгондоо л байнга ариун цэврийн бээлийгээ солино. Тариа хийдэг, эм өгдөг, хөл, гар, нүүр, цээж, толгой угаадаг, иллэг хийдэг, эмчилдэг эмч, хянадаг сувилагч, өрөөний цэвэрлэгч, хоол өгдөг, ор дэрний даавуу сольдог гээд бүгд  тус тусдаа нэг хүн байдаг. Маш олон ажилчинтай. Эмчилгээ, үйлчилгээ, ариун цэврийн хувьд дээд зэргийн юм билээ. Тэгээд ч сэтгэл санаагаар маш их дэмждэг. Яг л хаан шиг хүндэлж , асарч сувилдаг байсан. Намайг эмчилсэн Намиш Мехта эмч маань өглөө эрт “Сайн байн уу? Океу” гээд л чанга дуугаар инээсээр ороод ирдэг. Хүн инээгээд ороод ирэхээр өвдөлт ч намдаж, сэтгэл санаа сайхан тайвширдаг юм билээ.  Сэтгэл бүүр с эргээд хөл дээрээ босоод ирэх мэт бодогддог. Дэргэд маань гуравхан секунд болоод гарахад хагалгааны шаналгаа ор сураггүй алга болчих шиг санагдаж байсан.

Сүүлийн үед “ Сир Ганга Рам” эмнэлгийг зорих монгол хүн олон болсон гэсэн. Үр дүн нь ямар байдаг юм бол? Хэдий хэрийн насны хүмүүс байна вэ?

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд “ Сир Ганга Рам” эмнэлэгт  10 гаруй монгол хүнд элэг шилжүүлэн суулгасан гэсэн. Би 15 дахь өвчтөн. Надаас хойш олон хүн эмчлүүлэхээр очсон. Намайг донороо хүлээж байх хооронд хоёр ч хүн хагалгаа хийлгэсэн.  Хамгийн хэцүү нь донор олох асуудал байгаа юм. Хэчнээн их хөрөнгө бэлтэй байгаад донор олдохгүй, донор нь олдоод мөнгөгүй амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа хүн олон байна лээ. Солонгост элэг шилжүүлэх хагалгаа хийлгэхээр мөнгөтэй мөртлөө донор олдохгүй байсаар  нэг эмэгтэй харамсалтайгаар нас барсан гэсэн. Шинэ Делид элэгний хагалгаа хийдэг дөрвөн эмнэлэг байдаг. “ Сир Ганга Рам” хувь, улсын хамтарсан хамгийн хямд төлбөртэй эмнэлэг. Эхэндээ  эмэгтэйчүүд их ирдэг байснаа сүүлийн үед эрчүүд давамгайлах болсон гэсэн. Зөвхөн архинаас болоод элэг мууддаггүй, вирусын гаралтай учраас өвчлөх магадлал өндөр байдаг юм байна. Дээр үед буцалгадаг шприцээр тарьдаг байсан учраар энэ төрлийн халдвар монголчуудад дийлэнх нь байдаг гэнэ. Харин түүний хор нөлөө хожим гарч, монголчууд элгээр олноороо өвдөж байгаа нь энэ юм гэдэг.  Түүнээс гадна согтууруулах ундаа, ялангуяа  чанар муутай  архи ууснаас болоод элэг нь өвчилж байна гэж эмч нар үздэг юм билээ.

Энэтхэгт элэгний өвчлөл хэр зэрэг байдаг бол?

Бага байдаг гэсэн. Архи зардаг дэлгүүр бараг байхгүй. Тэнд байхдаа согтуу хүн ерөөсөө хараагүй. Гудамжинд тамхи татаж байгаа хүн ч цөөн.

Элэг шилжүүлэх өвчтөн донороо заавал Монголоос авч очих ёстой юу?

Тэгэлгүй яахав. Тэр тусмаа хамаатан садан, цусан төрлийн, ямар нэгэн эмгэг хуучгүй  эрүүл саруул хүнийг донороор сонгоно. Нарийн яривал, нийгмийн гарал, авдаг цалин, ажил төрөл нь нэг төвшинд байх ёстой гэсэн шаардлага тавьдаг юм билээ.

Өөр орны хүнийг яагаад донор болгож болдоггүй юм бол?

Эрхтнээ наймаалсанд тооцож,  хуулийн хатуу арга хэмжээ авдаг учраас ямар ч боломжгүй. Ярианы далимд сонирхуулахад, нэлээн дээхнэ , урд хөрштэй түнжин тааруухан байх үед манай цэргийн нэг томоохон цолтон элгээ солиулах шаардлагатай болоод хамаатан саднаас нь донор хайгаад олдохгүй, амиа алдахгүйн тулд яах ч аргагүй хятад хүнийг сонгохоос өөр замгүй болж л дээ. Үндсэрхэг үзэлтэй түүнийг илааршсаны дараа, хожим нь найз нөхөд нь хятад хүнтэй “Элэг нэгтэй ах дүүс боллоо” гэж хошигнож  байсныг  дам сонсож байсан. Үүнээс өөр гадны хүнийг донор болгосон тохиолдол  хараахан гараагүй гэсэн.

Хагалгаа, эмчилгээний гам, дэглэм хэрхэн барих талаар нэлээд нарийн зөвлөгөө өгсөн биз дээ?

Тэгэлгүй яахав. Архи, дарсны төрлийн, хийжүүлсэн  ямар ч ундаа хэрэглэж болохгүй. Харин хоолны хувьд шарсан, өөх, тостой л биш бол адуу, үхэр, хонины мах идэж болно. Нэг кг-аас илүү хүнд зүйл өргөж болохгүй, даарч хөрөхгүй байх хэрэгтэй гэсэн. Одоо С вирусыг унтуулах эм хэрэглэж байгаа. Ууж байгаа эмнээс болоод сахарын хэмжээ өсөөд, бусад эрхтэндээ сөргөөр нөлөөлөөд байх юм. Харин Монголдоо ирээд хэмжиж үзэхэд сахар багассан байна билээ. Хагалгааны шарх сайн эдгээгүй, хэсэг газар аниагүй байгаа болохоор мөнгөжүүлсэн тос, зургаан сар уух эмээ Энэтхэгээс авчирсан.

Энэтхэгт байхад тань тэнд амьдардаг монголчууд байнга эргэж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлдэг байсан гэл үү?

Тиймээ. Тэнд ажиллаж, сурдаг оюутан залуус намайг эмчлүүлэхээр ирсэнийг мэдээллийн хэрэгслээр уншиж, сонсоод эмнэлэгт эргэж ирж сэтгэл санаагаар дэмждэг байсан. Зарим нь хоол идээрэй гээд хоёр, гурван мянган рупи өгдөг байлаа. Түүнчэн Энэтхэгт суугаа Элчин сайд С.Баяр эхнэртэйгээ эргэж ирсэн. Тэнд ч гэлтгүй намайг амь насаа алдах аюулт өвчинд нэрвэгдээд байхад сэтгэл санаа, эмчилгээний хандив өргөсөн бүх хүмүүс, найз нөхөд, ойр дотныхондоо маш их баярлаж талархснаа илэрхийлье. Тэдний буянаар би, хамгийн хүнд давааг даваад эрүүл саруул болоод ирлээ.

Эмчилгээний хандив хүсэж 76 гишүүнд хандахад Х.Баттулга сайд хөдөлж Ардчилал сонин, C1 телевиз,  assa.mn сайт 20 сая төгрөг,  Сономпил сайд 1 сая төгрөг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар 5 сая, Эко констракшн компани 5 сая төгрөг гэх мэт олон байгууллага хувь хүн хамт олон  хандив өргөсөн. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?

Надад эмчилгээнд шаардагдах ямар ч мөнгө байгаагүй, бас донор ч байхгүй байсан. Гэтэл эдгээр сайн сэтгэлт хүмүүсийн буянаар эмчилгээний зардал маань босож, ачтай донор ч олдсны хүчээр  би эдгэж хөл дээрээ бослоо. Уран бүтээлч,  сэтгүүлч нөхөддөө ч талархаж, хэлэх үгээ олохгүй байна. Хандив өргөсөн хүмүүсийн дунд миний хөтөлдөг “Шог мэдээ ”-ээр чамгүй чимхүүлсэн улс төр, урлаг, соёлын  баатрууд ч олон байсан даа.  Тэднийг надад хандив өргөнө гэж зүүдлээ ч үгүй. Тэдэндээ маш их баярласан шүү гэж хэлье.

Өөрийг тань эмчилсэн эмч удахгүй Монголд ирнэ гэл үү?

Ирэх сарын эхээр  ирнэ гэсэн. Манай улсын Ерөнхийлөгч болон  Эрүүл мэндийн сайдтай уулзах, улмаар эмнэлгийнхээ салбарыг нээх асуудлаар ирэхээр болсон.                                                                                                                     

 Эх сурвалж: www.aravt.mn Ярилцсан Д.Баярмаа 

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …