Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаараа явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулсан. Тус Байнгын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаагаар ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, М.Билэгт, Д.Ганболд, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, С.Эрдэнэ нар орж ажилласан болно. Байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ц.Цогзолмаа нарын гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулсан бөгөөд саналын томьёоллуудыг хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг дурдлаа.
Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, М.Оюунчимэг, Н.Оюундарь нарын асуултад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хариултдаа, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээс төрийн ачаанаас хувийн хэвшлийнхэн сайн хуваалцаж байггааг онцлоод Эрүүл мэндийн даатгалын сангаас төр, хувийн хэвшлийн эмнэлгүүд ялгавартай санхүүжиж байсныг 2020 оны улсын төсвөөр эрс өөрчилсөн гэдгийг тодотгов. Тухайлбал, хэвтэн эмчлүүлэхэд төрийн эмнэлэгт 300 мянган төгрөг, хувийн эмнэлэгт 175 мянган төгрөг байсныг адилтган 400 мянган төгрөг болгосон. Мөн уламжлалт анагаах ухааны эмнэлгүүдээ дэмжиж 117 мянган төгрөгийн тарифыг 250 мянган төгрөг болгосон гэж байлаа. Мөн тэрбээр эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээний асуудалд анхаарлаа хандуулж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн. Хөдөө орон нутагт яаралтай тусламж, үйлчилгээнд шаардлагатай парк шинэчлэлтийг 90 гаруй хувьд хүргэснийг тодотгохын зэрэгцээ хуулийн төсөлд иргэд эрүүл мэндийн яаралтай тусламж үйлчилгээ авсны дараах урт хугацаанд сэргээн засах, нөхөн сэргээх эмчилгээ хийх зардлыг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлэх чухал заалтыг тусгасан гэж байлаа.
Ингээд хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 9 санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 1 дүгээр зүйлийн 3.1.24 дэх заалт болон 2 дугаар зүйлийн 16.10 дахь хэсгийн “хүн амын” гэсний дараа “эрүүл мэндийн” гэж, 1 дүгээр зүйлийн 44.1.7 дахь заалтын “мэдээлэл өгөхийг” гэсний дараа “эрүүл мэндийн байгууллага,” гэж тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 8.1.25 дахь заалтын “өвчнийг эрт илрүүлэх үзлэгийг” гэснийг “өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг’ гэж, 8.5 дахь хэсгийн “дахь хэсэгт заасан” гэснийг 19.3.3-д заасан” гэж тус тус өөрчлөхийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ. Түүнчлэн төслийн 1 дүгээр зүйлийн 16.19 дэх хэсгийг, 1 дүгээр зүйлийн “4/33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсэг’-ийг бүхэлд нь хасахаар боллоо. Түүнчлэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйлийн “батлагдсан өдрөөс нь” гэснийг “Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс” гэж өөрчлөхөөр болов.
Ингээд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүллээ.