Манай улс Энэтхэг улсаас иргэдээ татан авчрахаар болоод байна. Тодруулбал, тавдугаар сарын 18-нд буюу өнөөдөр Дели хот руу тусгай нислэг үйлдэх болсон талаар УОК-ын шуурхай штабаас мэдээлсэн юм.
Нислэгээр өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, жирэмсэн, нялх хүүхэдтэй, санхүүгийн хүндрэлтэй иргэдийг авчрах аж. Тусгай үүргийн онгоц энэ сарын 19-нд Улаанбаатарт газардана.
БНЭУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ нислэгээр ирэх иргэдийн нэрсийг баталгаажуулжээ. Энэтхэг улсын хувьд халдварын тархалт газрын онцлогоосоо шалтгаалан янз бүр байна. Тус улс нь тавдугаар сарын 17 хүртэл дотоодын муж хоорондын хөл хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон. Тиймээс тавдугаар сарын 18-нд нислэг хийх өдрийг товлосон нь тус улсын дотоод зохицуулалттай холбоотой аж.
Харин тус улсад шавилан сууж байгаа ламхай нарыг дараагийн нислэгт хамруулах талаар судалж байгааг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өмнө нь мэдээлсэн. “Ламхай нарын хувьд Дели хотоос 2000 гаруй км-ийн зайтай газар шавилан суудаг. Тэднийг ийм зайтай газар өвчний тархалт их байгаа бүс нутгуудаар дамжуулж Дели хотод авчрах нь эрсдэлтэй байгаа юм. Энэ бүх хүчин зүйлийг харгалзан үзэж, шавилан суудаг газарт нь хамгийн ойр байрлах хотуудад нислэг хийж болох эсэхийг судалж байна. Учир нь ойр байрладаг хотууд нь олон улсын нислэг үйлддэггүй учраас нислэгийн зөвшөөрөл авахад хүндхэн байна” гэсэн юм.