“Гала” хамтлагийн дуучин Ану буюу Ч.Уранхолбоо одоо таван охины ээж болсон билээ. Дуучин бүсгүй ээж болсноосоо хойш өөрийн “Завгүй ээжийн өдрийн тэмдэглэл” влог хөтөлж, гэр бүлийн амьдралаа нээлттэй хуваалцах болсон.
Тэгвэл таван гүнжийн ээж, дуучин Ч.Уранхолбоо завгүй уран бүтээлч, ээж байхын хажуугаар “Тод гэрэлтэх бүсгүй”нэртэй ном бичиж амжжээ. Дуучин бүсгүйн номын нээлт өнөөдөр “Гэгээнтэн” цогцолборт 15:30 цагаас болохоор товлогдсон байна.
Дуучин Ч. Уранхолбоо номынхоо талаар сайтад өгсөн ярилцлагадаа “Эмэгтэй хүн гэдэг жирэмсэн байх үедээ байгалиасаа гурав дахин их хүчийг авдаг юм байна, өөрийнхөө дотоод хүчийг сэрээж чадвал юуг ч давж туулж чадах юм байна, хүний амьдрал гэдэг ямар баялаг юм бэ гэдгийг ухаарч ном бичихээр шийдсэн. Өөрийнхөө амьдралтай уялдуулаад философийн ухааны доктор хоёр найзтайгаа хамтраад номоо бичсэн. Номд маань амьдралыг философийн ухаантай холбож залууст зөвлөгөө, сургамж, гарын авлага болгохыг зорьсон. Гэр бүл төлөвлөлт, эмэгтэй хүний үнэ цэн, хайр сэтгэл, жирэмслэлт, хүүхдийн хүмүүжил, гоо сайхан, санхүү гээд амьдралд тохиодог бүхий л зүйлсийг бодит хүний амьдралтай уялдуулж, тоо баримт дээр тулгуурлаж бичсэнээрээ онцлог”хэмээн ярьжээ.
“Тод гэрэлтэх бүсгүй” номд эмэгтэй хүний амьдралд тулгардаг бэрхшээлүүдийг хэрхэн даван туулах, гэр бүл төлөвлөлтөө зөв хийх, ирээдүйн ээж нар, залуу хосуудад зориулсан олон зөвлөгөө мэдээлэл, амьд түүх, алдаа оноо, дурсамж дурдатгал багтсан бөгөөд хэрхэн тод гэрэлтсэн бүсгүй байх талаар өгүүлжээ.