Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Коронавирус /Covid-19/-ын дэлхийн санхүүгийн зах зээлд үзүүлж буй нөлөөллийн талаар ярилцлагаа эхлэе.
Сайн байна уу. Уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Kорона вирусийн дэгдэлтийн дэлхийн хөрөнгийн зах зээлд үзүүлж буй нөлөөлөл нь дэлхийн санхүүгийн хямралаас хойш ажиглагдаагүй эрсдэлийг бий болгож байна. Хувьцааны үнийн хэлбэлзэл болон газрын тосны үнэ хямралын түвшинд хүрч, томоохон индексүүд энэ оны 3 дугаар сард 30 гаруй хувиар унасан үзүүлэлттэй байлаа. Тухайлбал, DOW Jones болон FTSE зэрэг индексүүд нь 1987 оноос хойш тохиогоогүй улирлын хамгийн том уналтыг үзүүллээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр л гэхэд /5 дугаар сарын 29-ний/ хувьцааны зах зээлийн томоохон индексүүд болох S&P (-7.0%), NIKKEI (-5.7%), Dow Jones (-12.0%), FTSE (-18.8%) индекс оны эхэн үетэй харьцуулахад 6-19 орчим хувиар тус тус буурсан байна. Эдгээр хувьцааны индекс нь хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг томоохон компаниудын хувьцааны үнийн өөрчлөлтийг илэрхийлдэг хөрөнгийн зах зээлийн гүйцэтгэлийг харуулдаг чухал үзүүлэлт байдаг. Хувьцааны зах зээл дээрх үнийн уналтаас гадна эрчимтэй хөгжиж буй улс орнуудын засгийн газрын бондын өгөөж буурах, эрдэс бүтээгдэхүүн экспортлогч улсууд таваарын үнийн уналтаас шалтгаалан ханшийн сулралтад өртөх зэрэг эрсдэлүүд дэлхийн санхүүгийн зах зээлд тохиож байна.
Мөн корона вирусын тархалтаас шалтгаалан иргэд тус өвчлөлд өртөх, нас барах, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа тасалдах, аялал, жуулчлал, тээвэр, зууч зэрэг үйл ажиллагаанууд цуцлагдах зэрэг эрсдэлүүд үүсэж байгаа нь даатгалын салбарын нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлтийг бууруулах нөлөөг үзүүлж байна. Түүнчлэн санхүүгийн зах зээлийн агшилт, хүүгийн түвшин, үнэт цаасны өгөөжийн бууралт зэргээс шалтгаалан даатгалын компаниудын нөөц сан алдагдах, төлбөрийн чадварын дарамтанд өртөх зэрэг эрсдэл үүсээд байгаа юм.
Энэ үүсээд буй нөхцөл байдал манай улсын хөрөнгө, даатгалын зах зээлд хэр нөлөө үзүүлж байна вэ? цаашид ямар эрсдэл үүсэж болзошгүй вэ?
Монгол улсын хувьд мөн адил хөрөнгийн зах зээлийн голлох үзүүлэлтүүд уналттай байна. 5 дугаар сарын 29-ний байдлаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ оны эхэн үетэй харьцуулахад 10.2 хувиар, ТОП-20 индекс 18.6 хувиар, MSE A индекс 19.0 хувиар, MSE Б индекс 7.9 хувиар тус тус буурсан дүнтэй байна.
Харин даатгалын салбарын тухайд 2020 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт хураамжийн орлогыг ДНБ-д харьцуулан тооцдог үзүүлэлт болох даатгалын гүнзгийрэлт 0.44 хувьд хүрч өмнөх оны мөн үеэс 0.01 нэгжээр буурсан. Даатгалын хураамжийн орлого 1 дүгээр улирлын байдлаар өмнөх оноос 8.2 хувиар, нөхөн төлбөрийн зардал 24.6 хувиар тус тус өссөн бол даатгалын компаниудын ашгийн хэмжээ 17.8 хувиар буурсан зэрэг үзүүлэлттэй байна.
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Фитч Рейтингс” агентлагаас 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр буюу өчигдөр гаргасан мэдэгдэлдээ манай улсын зээлжих зэрэглэлийг хэвээр нь үлдээсэн буюу “B”, хэтийн төлөвийг “тогтвортой” гэж үнэлсэн байна. Хэдийгээр Covid-19 цар тахлын улмаас манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн болон экспортын өсөлт саарах зэрэг эрсдэлүүд үүсэж байгаа ч үүнийг түр зуурын шинжтэй, 2021 оноос нөхцөл байдал эргэн сайжирч, эдийн засгийн үзүүлэлтүүд өсөн, өр/ДНБ-ий харьцаа буурна гэж үзсэн байна. Харин манай улсын олон улсын санхүүгийн байгууллагуудаас авах санхүүжилтийн хэмжээ буурах, цар тахлын дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөөний тодорхойгүй байдал зэрэг нь ирээдүйд зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж үзжээ.
Дээрх нөхцөл байдалд Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?
Халдварт өвчний тархалт, хорио цээрийн улмаас аж ахуй нэгжийн бизнесийн үйл ажиллагаа зогсох, иргэдийн орлого тасалдах зэргээс шалтгаалан эрсдэл үүсэж эхэлсэн. Иймд иргэд, аж ахуй нэгжүүдийг төлбөрийн чадавх алдагдах, зээлийн муу түүх үүсэх эрсдэлээс хамгаалж ББСБ, ХЗХ-дын зээлийн ангиллыг түр хугацаанд өөрчлөлт оруулах шийдвэрийг гаргасан.
Зээлийн гэрээ нь санхүүгийн байгууллага, зээлдэгч хооронд хийгддэг учраас уг харилцаанд төрийн зүгээс шууд оролцох боломж байдаггүй. Гэхдээ хөл хорионы улмаас иргэд, аж ахуй нэгжүүдэд тулгарч буй төлбөрийн дарамтыг бууруулах үүднээс бид банк бус санхүүгийн байгууллагын салбарын төлөөллүүдтэй тогтмол уулзан, уриалга, чиглэлийг хүргүүлж ажиллаж байна. Салбарын оролцогч байгууллагууд маань ч мөн бидний гаргасан уриалгыг дэмжин зээлийн бодлогоо зөөлрүүлэх, зээлийн гэрээндээ өөрчлөлт оруулах зэрэг шийдвэрийг гарган ажиллаж байна. Тухайлбал, салбарын нийт зээлдэгчдийн 70 гаруй хувийг бүрдүүлдэг томоохон 34 банк бус санхүүгийн байгууллага зээлийн хүү, шимтгэлээ бууруулах, зээлийн хугацаагаа сунгах зэрэг байдлаар бүтээгдэхүүн, үйлчилгээний бодлогодоо өөрчлөлт оруулж буйгаа мэдэгдсэн. 2020 оны 4 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 270 ББСБ-д 74.3 мянган зээлдэгчийн 111.9 тэрбум төгрөгийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлт ирүүлсэн ба тэдгээрийн 98.6% буюу 73.3 мянган зээлдэгчийн 94.4 тэрбум төгрөгийн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулаад байна.
Үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр “үүсээд буй нөхцөл байдалд нийцүүлэн хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс хувьцаа эзэмшигчдийг нэг дор олноор цугларуулахгүйгээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг цахим хэрэгсэл, онлайн орчинд зайны технологийг ашиглан хуралдуулах, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдийн эрх, оролцоог хангуулах зэргээр ээлжит хурлыг өөрийн онцлогт тохирсон боломжтой хэлбэрээр зохион байгуулах” талаар зөвлөмж гаргасан. Мөн цар тахлын үеэр дэд бүтцийн шинэчлэлийг хийж, үнэт цаасны дараа төлбөр тооцооны T+2 горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг амжилттай нэвтрүүлсэн бөгөөд үүний үр дүнд цаашид гадаад, дотоод хөрөнгө оруулагчдын манай хөрөнгийн зах зээлд оролцох идэвх нэмэгдэх, цаашлаад тус зах зээлийн хөрвөх чадвар сайжрах эерэг үр дүнгүүд хүлээгдэж байна.
Даатгалын салбарын зарим нэр бүхий компаниуд онцгой нөхцөл байдалд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд, онцгой, мэргэжлийн хяналт, цагдаа зэрэг төрийн албан хаагчдад зориулсан “Ковид-19 амь нас, хөдөлмөрийн чадвар алдалтын даатгал”-ын бүтээгдэхүүн шинээр гараад байна.
Санхүүгийн зохицуулах хороо нь зөвшөөрөл, бүртгэлийг цахимаар явуулах, Хорооны хуралдаан, уулзалт, салбарын оролцогчдод зориулсан сургалт, семинарыг онлайн хэлбэрээр явуулах зэргээр үйл ажиллагаагаа бүрэн цахимжуулж байгаа нь хорио цээрийн дэглэмийг ягштал мөрдөхөд туслахаас гадна цаашид төрийн байгууллагын үйл ажиллагааг шуурхай, хүнд сурталгүй, хүртээмжтэй болгох, дижитал хэлбэрт амжилттай шилжүүлэхэд чухал алхам болж байна.
Мөн одоогийн байдлаар Хороо гэнэтийн эрсдэл тохиосон үед санхүүгийн салбарт баримтлах бэлэн байдлын стратеги, төлөвлөгөөг боловсруулсан бол Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс хамтран хямралын удирдлагын санамж бичгийг батлахаар ажиллаж байна. Энэхүү баримт бичгүүд нь онцгой нөхцөл байдал үүссэн, хямрал тохиосон үед хэрэгжүүлэх арга хэмжээнээс гадна, онцгой нөхцөл байдал үүсэхээс өмнө урьдчилсан бэлтгэлийг хангах, хямрал нэгэнт тохиосны дараагаар хэвийн горимдоо шилжих, үйл ажиллагаагаа амжилттай сэргээхэд баримтлах бодлогын томоохон арга хэмжээ болно гэж үзэж байна.
Түүнчлэн Улсын Их Хурлаас 4 дүгээр сарын 29-ний өдөр Коронавируст халдварын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Энэхүү шийдвэрийн арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд мөнгө хүүлэлтийг тодорхойлж, хязгаарлах, санхүүгийн хэрэглэгч, зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хууль тогтоомжийн төслийг боловсронгуй болгох санал бэлтгэх, Зээлийн батлан даалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, батлан даалтын сангийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр зохицуулалтын бодлого, журамд өөрчлөлт оруулах ажлуудыг эхлүүлээд байгаагаас гадна “Монгол Улсын санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх төлөвлөгөөг батлан ажиллаж байна.
Хөрөнгийн зах зээлийн талаар сүүлийн үед онцлох ямар арга хэмжээнүүдийг авч эхлээд байна вэ?
2020 он гарснаас хойших хугацаанд хөрөнгийн зах зээлийн хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, дэд бүтцийн байгууллагуудын уялдаа холбоог хангаж, төлбөр тооцооны дараа төлбөрт горимд шилжүүлэх, шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр хэд хэдэн чухал арга хэмжээнүүдийг авч ажиллалаа. Тухайлбал, холбогдох байгууллагуудтай хамтран Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, нэмэлт өөрчлөлтийн хүрээнд бусад хууль тогтоомжид орох өөрчлөлтийн төслийг бэлтгэлээ. Өмнө дурдсан үнэт цаасны төлбөр тооцоог дараа төлбөр Т+2 горимд шилжүүлж, төлбөрийн эсрэг нийлүүлэлт буюу DVP 3 зарчмыг хөрөнгийн зах зээлд 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн нэвтрүүлээд байгаа ба үүнтэй холбоотойгоор үнэт цаасны номинал дансны тогтолцоог бүрдүүлэх, үнэт цаас зээлдэх, зээлдүүлэх харилцааг бий болгох, зах зээл үүсгэгчийг хөгжүүлэх шаардлага тулгарч байгаа тул холбогдох журамд оруулах нэмэлт өөрчлөлт, журмын төслийг боловсруулаад Захиргааны ерөнхий хуулийн дагуу хэлэлцүүлэгт бэлтгэхээр ажил хангагдаад байна. Ногдол ашгийг “ҮЦТХТ” ХХК-аар дамжуулан хуваарилах, хувьцаа эзэмшигчдийг мэдээллээр хангах талаар шийдвэрийг 2020 оны 1 дүгээр сард гаргасан бөгөөд энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК ногдол ашгаа “ҮЦТХТ” ХХК-иар дамжуулан тараахаар шийдвэрлэж, иргэдийн үнэт цаасны данстай холбогдсон арилжааны банкны дансанд нь байршуулж эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор иргэдийн зүгээс үнэт цаасны дансаа нээлгэж, өөрийн өмч хөрөнгөө баталгаажуулж цаашид тухайн баталгаажуулсан дансаараа ногдол ашгаа авах боломжтой болж байгаа юм.
Манай улсыг ФАТФ-аас 2019 онд “Саарал жагсаалт”-д оруулжээ. Үүнээс гарах, үнэлгээг ахиулах ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна вэ?
ФАТФ-ын Ази, номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 2017 онд Монгол Улсын мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд үнэлгээ хийж, Харилцан үнэлгээний тайланг хэвлэн гаргасан. Тус тайлангаар Монгол Улсыг эрсдэлтэй, үндэсний бодлого стратегигүй, банкнаас бусад санхүүгийн салбарт эрсдэлийн үнэлгээ хийгээгүй, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлээгүй, эрсдэлийн талаарх ойлголт туйлын чамлалттай түвшинд байна гэж дүгнэсэн. Түүнчлэн ФАТФ-ын техникийн зөвлөмж, Шууд хэрэгжилтийн үзүүлэлтүүдийг хангалтгүй хэрэгжүүлсэн гэж үзсэн тул Монгол Улсыг өргөтгөсөн эрчимтэй хяналтад 2017 онд оруулсан.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улс 2019 оны 7 дугаар сард Ажиглалтын дараах тайланг ФАТФ-ын Үр дүнтэй байдлын шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтүүдийн хувьд тайлагнасан бөгөөд харин эрсдэлд суурилсан хяналт шалгалт, хэрэг шалган шийдвэрлэх, хөрөнгө хураан авах, санхүүгийн хориг арга хэмжээ зэрэг шалгууруудын үнэлгээг хангалтгүй гэж үзэж ФАТФ-аас 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хурлаараа стратегийн дутагдалтай орнуудыг жагсаалт буюу “саарал жагсаалт”-д оруулж, 4 шууд хэрэгжилтийг хангалтгүй гэж үзэн эдгээрийн хүрээнд 6 хугацаатай үүрэг даалгаврыг 2021 оны 5 дугаар сар гэхэд биелүүлж дуусгахаар өгсөн.
Монгол Улс “Саарал жагсаалт”-аас гарахад төрийн байгууллагуудын оролцоо, хүчин чармайлт чухал. Тэгвэл Санхүүгийн зохицуулах хороонд ямар төрлийн чиг үүрэг нэмэгдэх болсон бэ?
ФАТФ-аас өгсөн үүрэг даалгавруудыг биелүүлж ажиллахад төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа нягт, уялдаа холбоо хамгийн чухал байсан бөгөөд үүний үр дүнд бид өмнөө тавьсан зорилтоо биелүүлээд байна. Санхүүгийн зохицуулах хорооны хувьд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл, Хамтын ажиллагааны зөвлөл, Терроризмтой тэмцэх зөвлөлийн гишүүнээр ажилладаг.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбоотой зохицуулалтын орчинг боловсронгуй болгох, хяналтыг сайжруулах, хэрэгжилтэд хяналт тавих чиглэлээр Хороонд нэлээдгүй ажил, чиг үүргүүд нэмэгдсэн. Тухайлбал, УИХ-аас 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, үл хөдлөх эд хөрөнгө зуучлагч, үнэт металл, үнэт чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийг Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалт, хяналтад оруулж, тэдгээрийг тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхлэхээр зохицуулсан. Түүнчлэн ФАТФ-ын стандарт, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд заасан шаардлагуудыг биелүүлж ажиллах тухай хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн.
Эдгээр 2 салбарын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхлэх, холбогдох нөхцөл, шаардлагыг тодорхойлсон журам, зааврыг Хороо баталж, тухайн салбарыг бүртгэлжүүлэх, зөвшөөрөл олгоод зогсохгүй тэдгээрийн салбарын эрсдэл, үндэсний эрсдэлийн үнэлгээ болон мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлийн үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт шалгалт хийх, сургалт семинар, соён гэгээрүүлэх ажил гээд цаг хугацаа шаардсан их ажлууд хийгдэж байна.
Санхүүгийн зохицуулах хороонд ямар үүрэг өгсөн, үүргийг хэрэгжүүлэх талаар ямар арга хэмжээг авч, ямар үр дүнд хүрээд байна вэ?
Дээрх 6 үүрэг даалгавраас Санхүүгийн зохицуулах хороонд Шууд хэрэгжилт 3-ын хүрээний 2 үүрэг даалгавар болох 1) Санхүүгийн зохицуулах хороо болон бусад Санхүүгийн бус бизнесийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн зохицуулагчид байгууллагын эрсдэлийг ойлгож, эрсдэлийн түвшинд тохируулж хяналт шалгалтын давтамж, хамрах хүрээг тодорхойлох, 2) Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд тохирсон, давтан үйлдэхээс сэргийлсэн шийтгэл ногдуулахыг 2021 оны 5 дугаар сар гэхэд биелүүлэхээр үүрэг өгөгдсөн.
Санхүүгийн зохицуулах хорооноос ФАТФ-ын өгсөн даалгавруудыг нэн даруй хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хэрэгжилтийг шуурхай хангаж ажиллалаа.
Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс дээрх үүргийн хэрэгжилтийг шуурхай зохион байгуулах талаар холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн анхны явцын тайлан, тодруулгыг ФАТФ-ын Олон улсын хяналтын бүлэгт 2019 оны 12 сар, 2020 оны 01 дүгээр сард хүргүүлж, БНХАУ-ын Бээжин хотод хийсэн хамгаалалтын үр дүнд “Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд тохирсон, давтан үйлдэхээс сэргийлсэн шийтгэл ногдуулах” даалгаврыг амжилттай биелүүлж, үнэлгээг ахиулж, гүйцэтгэлийг хангасан. Энэхүү авч хэрэгжүүлсэн арга хэмжээг ФАТФ-ын Хамтарсан бүлгээс өндрөөр үнэлж, ФАТФ-ын 02 дугаар сард Франц улсын Парис хотноо болсон өндөр дээд хурал дээр богино хугацаанд амжилттай ажилласныг цохон тэмдэглэн бөгөөд үнэт металл, үнэт чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтыг банкнаас бусад санхүүгийн салбаруудад хийсэн түвшинд хүргэх даалгаврыг авсан. Уг даалгаврыг биелүүлэхтэй холбоотой Хорооноос шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлж, ФАТФ-ын Хамтарсан бүлэгт 2020 оны 5 дугаар сард тайлан, тодруулгыг хүргүүлж, Санхүүгийн зохицуулах хороо болон бусад холбогдох байгууллагууд өгсөн даалгаврын биелэлтээ 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр цахимаар тайлагнаж, амжилттай хамгаалсан.
ФАТФ-аас 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр албан ёсны мэдээг ирүүлж, Монгол Улсыг “саарал” жагсаалтад оруулах болсон шалтгаан буюу 6 үүрэг даалгаврыг бүрэн биелүүлснийг мэдэгдэв. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны хувьд 2019 оны 10 дугаар сарын 18-наас хойш 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл буюу 6 сарын хугацаанд шуурхай ажиллаж, өгсөн үүрэг даалгаврыг боломжит хамгийн богино хугацаанд бүрэн биелүүлж дууслаа. Өмнө нь Монгол Улсыг ФАТФ-ын саарал жагсаалтад 2011 онд оруулж, 2014 онд гарч байсан билээ. “Саарал” жагсаалтаас гарах нөхцөл бүрэн хангагдсан учир Санхүүгийн зохицуулах хорооноос ФАТФ-ын Хамтарсан бүлгээс ирэх газар дээрх шалгалтад бэлтгэх ажилд бэлтгэж ажиллаж байна.
Үндсэндээ Санхүүгийн зохицуулах хороо ФАТФ-аас өгсөн үүрэг даалгаврыг 100 хувь хэрэгжүүлж, саарал жагсаалтаас гарах боломжийг бүрдүүллээ.
Дээрх үр дүнгээс харахад та Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилогдоод удаагүй ч богино хугацаанд нэлээдгүй ажлуудыг амжуулаад байгаа юм байна. Та саарал жагсаалтад орсноос хойш мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр ямар арга хэмжээ авч ажилласан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.
“Санхүүгийн зохицуулах хорооны дарга миний бие 2019 оны 12 дугаар сард Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ФАТФ-ын стратегийн дутагдалтай орнуудын жагсаалтаас Монгол Улсыг гаргах талаар холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажлыг уялдуулан зохицуулж, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах чиг үүрэг бүхий ажлыг хэсэгт ажилласан.
Хорооны зохицуулалтын хүрээний банкнаас бусад санхүүгийн 4 салбар, санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчийн 2 салбар буюу нийт 6 салбарт мөнгө угаах эрсдэлийн үнэлгээг амжилттай хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооноос Үндэсний статистикийн хороотой 2019 оны 12 дугаар сард хамтын ажиллагааны гэрээг байгуулж, үнэт металл, үнэт чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх, бизнесийн регистрийн санд бүртгэх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлийг үнэлэх ажлыг Монгол Улсын бүх аймаг, сум, дүүрэг, нийслэлийг хамруулан улс орон даяар авч хэрэгжүүлээд байна. Үнэт металл, үнэт чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгч этгээдүүдийг илрүүлэх, эрсдэлийг үнэлэх, шинэ зохицуулалтын талаар мэдээлэл түгээх зорилго бүхий уг ажлыг Үндэсний статистикийн хорооны 175 гаруй албан хаагчдын бүрэлдэхүүнтэйгээр анх удаа авч хэрэгжүүлээд байна.
Мөн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлийн ажлыг хариуцсан тусгай алба болон Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч, үл хөдлөх эд хөрөнгө зуучлагчдын бодлого зохицуулалт, бүртгэл зөвшөөрөл, хяналт шалгалтыг хариуцсан газар байгуулсан. Хорооноос Азийн хөгжлийн банкны Техникийн туслалцааны хүрээнд мөнгө угаах болон терроризмтой тэмцэх чиглэлээр арга зүйн туслалцаа дэмжлэг, зөвлөмж авах, зохицуулалттай санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдэд зориулсан анхны сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Хорооноос хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхээр үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангуулахаар нэр бүхий 4 журмуудыг баталж, тусгай зөвшөөрөл олгох ажлыг эрчимжүүлж ажиллаж байна. 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөр байдлаар нийт 170 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагаас тусгай зөвшөөрөл хүссэн баримт бичгээ Хороонд ирүүлсэн бөгөөд 61 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагад тусгай зөвшөөрөл олгож, 109 материал хянагдаж байна. Үнэт металл, үнэт чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийн хувьд одоогийн байдлаар нийт 139 хүсэлт ирсэн бөгөөд 38 этгээдэд тусгай зөвшөөрөл олгож, 101 материал хянагдаж байна.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, санхүүгийн системийг уг гэмт хэрэгт өртөх эрсдэлийг бууруулахад санхүүгийн салбарт орж ирэх оролцогчдыг хянах ажлыг эрчимжүүлэх, гарал үүсэл нь тодорхойгүй, хууль бус үйл ажиллагаанаас олсон орлого, мөнгө угаах зорилготой этгээдийг санхүүгийн системд нэвтрүүлэхгүй байхтай холбоотой зохицуулалтыг хийж тохиромжтой этгээдэд тавигдаг шаардлагыг журамласан, Хорооноос баталсан Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр зайны болон газар дээрх хяналт шалгалтын тухай журмуудад холбогдох нэмэлт өөрчлөлтүүдийг оруулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг ажлуудыг хийсэн.
Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн болон санхүүгийн бус 6 салбарыг тусгай зөвшөөрөл, бүртгэл, бодлого зохицуулалтаас гадна мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зайны болон газар дээрх хяналт, шалгалтыг эрсдэлд суурилсан хэлбэрээр хэрэгжүүлж байна.
Төр, хувийн хэвшлийн түншлэл, тусгай зөвшөөрөлтэй этгээд болон олон нийтийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Санхүүгийн зохицуулах хороо хэрхэн ажиллаж байна вэ?
Хорооны зохицуулалтын этгээдүүдийг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, чадваржуулах зорилгоор зохицуулалтын салбарын нэр бүхий 10 гаруй мэргэжлийн холбоодтой хамтын ажиллагааг өргөжүүлж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр сургалт зохион байгуулах, сургагч багш бэлтгэх, олон нийт болон зохицуулалттай этгээдүүдэд зориулсан мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх чиглэлээр энэ төрлийн гэмт хэрэгт өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх видео бичлэг, шторкуудыг бэлтгэж, олон нийтэд хүргэж ажилласан.
Үүнээс гадна төрийн эрх бүхий байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээллийн урсгал, уялдаа холбоог сайжруулахаар Үндэсний статистикийн хороотой хамтран ажиллаж, улс орон даяар үйл ажиллагаа явуулдаг үнэт металл, үнэт чулуу, тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдийг илрүүлэх, ФАТФ-ын стандартад хамаарах этгээдийг эдгээрээс тодорхойлох, МУТСТ чиглэлээр хүлээх үүргийг таниулах арга хэмжээг авч хэрэгжүүллээ.
Монгол Улс 2020 онд Үндэсний эрсдэлийг үнэлэх ажлыг Дэлхийн банкны аргачлалд суурилан зохион байгуулж байна. Уг ажилд Хороо өөрийн зохицуулалтын бүх салбаруудыг хамруулан идэвхтэй ажиллаж байгааг дурдах нь зүйтэй.
Саяхан Санхүүгийн зохицуулах хороо нь Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллахаар“Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг байгуулсан. Энэ талаар та дэлгэрэнгүй танилцуулаач.
Санхүүгийн зохицуулах хороо, Олон Улсын Санхүүгийн Корпораци (ОУСК)-тай “Ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх”, “Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх” төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр цахим хэлбэрээр үзэглэлээ. Ногоон санхүүжилтийг хөгжүүлэх санамж бичгийн хүрээнд Монгол Улсад ногоон санхүүжилтийг хөгжүүлэх, ялангуяа ногоон бонд гаргахад чиглэсэн заавар, зөвлөмжийг боловсруулах, банк бус санхүүгийн байгууллага болон хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд байгаль орчин, нийгэм болон засаглалын шаардлагыг нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй төсөл, бизнесийн үйл ажиллагааг дэмжих санхүүжилтийг нэмэгдүүлэх, уур амьсгалтай холбоотой эрсдэлийг үнэлэх, бодлого боловсруулах үйл ажиллагаанд техникийн туслалцаа үзүүлэх юм. Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх санамж бичгийн хүрээнд Монгол Улсад өртгийн буюу нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх замаар бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилт авах боломжийг нэмэгдүүлэх, факторингийн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн талаар мэдлэг, мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл авах боломжийг нэмэгдүүлэх юм.
Эдгээр төслүүдийг хэрэгжүүлсний үр дүнд Монгол улсын санхүүгийн салбарт байгаль орчинд ээлтэй ногоон санхүүжилтийн зах зээлийг хөгжүүлэх, банк бус санхүүгийн байгууллагууд хөдлөх хөрөнгө барьцаалсан санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх чадавх дээшилж, тэдгээрийн зээлийн багц төрөлжих, жижиг дунд бизнес эрхлэгчдэд олгох санхүүжилт нэмэгдэх, санхүүгийн хүртээмжийг сайжирч, нийлүүлэлтийн сүлжээний үйл ажиллагаа хөгжих боломж бүрдэх юм.
Цаашид Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийн хөгжүүлэх чиглэлээр дунд болон урт хугацаанд ямар бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар товч мэдээлэл өгнө үү.
Сайхан асуулт байна. Хорооноос хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, олон улсын жишигт нийцүүлэн, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татах, тэдний сонирхолд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, нэн тэргүүний бидний анхаарч байгаа ажил бол хөрөнгийн зах зээлийн одоогийн нөхцөл байдлыг сайжруулж, хөрөнгийн зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэх юм.Үүний хүрээнд зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудынхаа үйл ажиллагааг сайжруулах, одоо байгаа бүтээгдэхүүнүүдээ чанаржуулах ажлуудыг хийж хэрэгжүүлж эхлээд байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэх үүднээс биржийн бүртгэлийн шаардлагыг хангаагүй компаниудыг бүртгэлээс хасах ажиллагааг эрчимжүүлж, тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагааг үнэлэхдээ тоон үзүүлэлтээс гадна гүйцэтгэлд үндэслэдэг болгох ажлуудыг хийж байна. Мөн тайлагнал, ил тод байдал, засаглалыг сайжруулах чиглэлээр хууль, холбогдох журамд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлуудыг хийж байгаагийн зэрэгцээ энэ оны 2 дугаар сард Санхүүгийн зохицуулах хорооны бүтцэд Компанийн засаглал, комплайнсын хэлтсийг байгуулан ажиллуулж байна.
Нөгөөтэйгүүр хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд зайлшгүй энэ зах зээл дээр санал болгож буй бүтээгдэхүүнүүдийн нэр төрлийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах шаардлагатай. Үүнтэй холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооноос компанийн бондын зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр холбогдох зохицуулалтыг хялбаршуулж, уян хатан болгох, санхүүжих чадавхын зэрэглэл тогтоох байгууллагыг бий болгох, биржийн бус зах зээлийн зохицуулалтын орчинг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байгааг дурдах нь зүйтэй байх.
Дараагийн анхаарах асуудал бол хөрөнгийн зах зээлийн гол оролцогч буюу хөрөнгө оруулагчид юм. Сүүлийн 5-6 жилийн хугацаанд буюу засгийн газрын үнэт цаасыг хөрөнгийн бирж дээр арилжаалж эхэлснээс хойш мөн сүүлд хувьцаагаа нийтэд нээлттэй санал болгосон /IPO/ компаниудтай холбоотойгоор иргэд, олон нийтийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, мэдээлэл эрс сайжирч, уг зах зээлийг сонирхох сонирхол нэмэгдэж байна. Хэдийгээр тийм боловч зах зээлд урт хугацаанд хөрөнгө оруулах мэргэжлийн хөрөнгө оруулагчид болох хөрөнгө оруулалтын сан, тэтгэврийн сангууд дутагдсаар байна.
Цаашид гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголын зах зээлд хөрөнгө оруулахад таатай орчныг бүрдүүлэх зорилгоор олон улсын туршлагад нийцсэн арилжааны горимд шилжих, төлбөр тооцооны дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Судалгаагаар манай улсын хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцоход төлдөг шимтгэл хураамжууд нь бусад улс оронтой харьцуулахад харьцангуй өндөр гэж гарсан байдаг. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, түүний дэд бүтцийг сайжруулах хүрээнд арилжааны шимтгэл, хураамжийг хөрөнгийн зах зээлийн хөгжлийн түвшингээр манай улстай ойролцоо улс орнуудын хэмжээнд хүргэх чиглэлээр Сангийн яам болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, тодорхой ахиц гараад байна.
Ярилцлага өгсөнд танд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.