“Хүрээ цам-2020” шашин соёлын ёслолын гол үйл ажиллагаа цам харайх ёслол Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганы өмнөх талбайд эхэллээ.
“Хүрээ цам-2020” энэ сарын 26-28-нд Жахар цамын хурал хурж, дотоод цам харайсан. Харин өнөөдөр Хүрээ цам харайж буй юм. Энэ удаагийн Хүрээ цам нь Батцагаан дуганд бясалгал бүтээл үйлдэн, гадаах талбайд цам цамнаж байгаагаараа онцлог юм. Мөн цар тахал дэгдсэн, цам харайх талбай хангалтгүй зэрэг шалтгаанаар номын дагуу дэгийг хураан, Хүрээ цамын зарим номыг тэтгэгч сахиусын дүр гарахгүй юм. Тодруулбал, Очирваань хийгээд түүний нөхөр сэлт, Гонгор, Намсрай зэрэг номын сахиусын дүр цам харайхгүй. Харин хурал номыг бүрэн хурж, жахар хот мандал, лянга шоглон эвдэх, сор залах зан үйлийг үйлдэнэ.
Энэ үеэр Хүрээ цамын онцлогийн талаар Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд, “Анхлан Монгол орноо IV дүгээр Богд Жавзандамба хутагтын зарлиг тааллаар Хүрээний хамба Номун хан Агваанхайдав “Шашин сахиусын далайн бүжиг” бүтээлийг туурвисан. Уг горим дэгийн дагуу 1811 оноос хойш цам харайж байна. Их хөлгөний урсгал дэлгэрсэн орнууд дундаа Хүрээ цамын онцлог байдал маш их. Гадаад дүр байдлаас харвал, номыг тэтгэгч сахиус, ядам бурхдын хувцас өмсгөл, баг чимэглэл сүр жавхлантай, машид үзэсгэлэнтэй, ур хийцтэй байдаг. Дотоод бясалгалын хувьд адил зан үйл үйлдэх боловч зарим цамын дүр бусад оронд гардаггүй. Жишээ нь, Очирваань бурхны цам зөвхөн Хүрээ цам харайдаг. Мөн номын сахиусууд, өглөгийн эзэн, урт наст зургаагийн төрөл, араатан амьтны хаан, Улаанбаатар хотын дөрвөн савдаг гэх мэт онцлог дүр бий. Зарим улсын цамд хөлийн хөдөлгөөн их чухал байдаг бол зарим оронд гарын хөдөлгөөн их үүрэгтэй. Харин Хүрээ цам гар, хөлийн хөдөлгөөн зэрэг хийдгээрээ ялгаатай. Бид “COVID-19” халдвар түргэн амирлахын тухайтад ном хурж, Монгол орны төр төвшин, түмэн олон амгалан оршиж, төр шашны үйл саадгүй бүтэхэд цамын үйл, хурлыг зориуллаа” хэмээв.
Хүрээ цамын талаар сүсэгтэн Ц.Сарантуяа, “Өнөөдөр Хүрээ цам сайхан болж байна. Би буян номын үйлд сэтгэлээсээ сүсэглэн, зорьж ирлээ. Үзвэр соёлын үйл ажиллагаа биш номын сахиус биечлэн бууж ирлээ хэмээн сүсэглэж байна” хэмээв.
“Хүрээ цам-2020” шашин соёлын ёслол энэ сарын 30-ны өдөр Гомбо, Чойжоо, Лхам сахиусын тахилга хурлаар өндөрлөнө.