Маркетингийн стратеги төлөвлөгөөнд сошиал медиа гэх орон зай нэгэнт чухал байр суурийг эзлэх болжээ. Өнгөрч буй 2019 он сошиал медиа болон дижитал орчинд багагүй өөрчлөлтийг бий болгосон. Жишээ дурдвал “Харилцааны маркетинг буюу conversational marketing дэлхий даяар маркетингийн хамгийн халуун сэдэвт тооцогдох болсон” , “Бот зөвхөн мэдээлэл өгөхөөс илүү өөрийн гэсэн ойтой, хэрэглэгчийг таних болсон”, “Хэрэглэгчийн дата улам үнэ цэнэ бүхий мэдээлэл болсон” гээд олон олон өөрчлөлт шинэчлэлт бий болсон байна.
Ийнхүү байнга хувьсан өөрчлөгдөж буй маркетингийн нэг гол суваг болох сошиал медиа орчин ирэх 2020 онд ямар чиг хандлагатай байгааг мэргэжилтнүүд хэрхэн тодорхойлж байгаа талаар энэхүү нийтлэлээр хүргэж байна. Ихэнх хүмүүс өдрийн талыг сошиал ертөнцөд өнгөрөөдөг гэхэд хилстэхгүй.
Нийгмийн сүлжээний хэрэгсэл нь хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болсон бөгөөд ихэнх хүмүүс өглөө сэрэнгүүтээ л хамгийн эхэнд facebook, Instagram, twitter, linkedin гэх зэрэг өөрийн сошиал сувгуудыг шалгадаг гэх судалгаа ч бий.
Сошиал медиа платформуудын хөгжил дэвшил, өөрчлөлт, хэрэглэгчдийн зан төлөвийн хувьсал, шинэ чиг хандлага нь маркетеруудыг илүү их өөрчлөлт-рүү хөтөлсөөр байгаа юм.
Ингээд 2020 оны “Сошиал медиа” трендүүдээс хамтдаа сонирхоцгооё!
1. “Story” илүү түгээмэл болно.
24 цагт л харагдах боломжтой уг контент нь 2020 онд илүү их хүчээ авч байна. Хүмүүсийн үзэх дуртай контент нь богино, анхаарлыг нь татахаар, ойлгомжтой байх ёстой гэж үздэг. Өөрөөр хэлбэл таны оруулсан story богино, сэтгэл татам, хэрэглэгчээ донтуулдаг байх шаардлагатай юм. Өөр нэг давуу тал бол танай Story-г үзсэн хүмүүс reaction болон санал хүсэлтээ шууд илгээж болдог тул та үүн дээр хангалттай тоглолт хийж болох юм. Мөн story-гоо “Highlights” болгон хадгалж болно. Тиймээс маркетерууд “Story” хийхээ бүү мартаарай.
Үүнийг доорх үзүүлэлтээр харах боломжтой. Instagram Story-ийн өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо их хэмжээгээр нэмэгдсэн нь харагдаж байна.
Hootsuite-ийн саяхан хийсэн тайланд дурдсанаар маркетеруудын 64% нь аль хэдийн Instagram Story-г өөрсдийн стратеги төлөвлөгөөндөө оруулсан, эсвэл хийхээр төлөвлөж байгаа гэжээ.
2. Цөөн тооны, жижиг зорилтот хэрэглэгчтэй сошиал платформууд хүчээ авна.
Фэйсбүүк, Инстаграм нь олон нийтийн сүлжээнд хамгийн том, хамгийн түгээмэл платформ болсоор ирсэн. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд бусад нийгмийн сүлжээний платформууд хүч түрэн гарч ирээд зогсохгүй алдар нэрд хүрээд байгаа юм. Жишээлбэл, ТикТок бол 2016 онд эхэлсэн даруйдаа залуусыг байлдан дагуулж нэлээдгүй алдартай болж чадсан платформын нэг билээ. Одоогоор дэлхий дээр 500 сая идэвхтэй хэрэглэгч байна. Үүний 41% буюу 16-24 насны залуу үеийнхэн эзэлж байна хэмээжээ.
Мөн ТикТок нь дэлхийн хамгийн их татагдсан апп-уудын нэг болж чадсан бөгөөд ихэнх видео нь 15 секундын хугацаатай байдаг ч 60 секунд-р Stories маягаар видеог үүсгэж, хуваалцах боломжтой.
Та TikTok-г дараах үнсэн гурван арга барилаар ашиглах боломжтой.
- Өөрсдийн ТикТок суваг үүсгэж, үүн дээрээ холбогдох видеог байршуулах
- Influencer-үүдтэй хамтран ажиллаж, контентоо илүү өргөн хүрээнд тараах
- TikTok дээр зар сурталчилгаа хийлгэхэд мөнгө төлж болно. Гэхдээ энэ нь YouTube шиг хангалттай сайн үр нөлөөтэй байж чадахгүй ч маш ирээдүйтэй платформ гэж үзэж байгаа юм.
Бас нэг давуу тал бол ТикТокт тодорхой микро нөлөөлөгчид бий болсон. Өөрөөр хэлбэл хүн бүхэнд нээлттэй уг платформ-д хэн ч өөрийн сувгаа үүсгэн контентоо бүтээн олны танил болж чадах юм. Ийм учраас л залуу үеийнхний таашаалыг хүртээд байгаа юм шүү дээ.
2020 он гэхэд маш олон брэндүүд өөрсдийн сувгуудаар контентыг илүү том цар хүрээнд үзэгчдэд түгээх зорилгоор ашиглахаар төлөвлөж байгаа юм. Та ч бас туршаад үзээрэй.
3. Цахим худалдаа илүү өргөжин тэлэх болно.
Инстаграм, Пинтерест, Фэйсбүүк гэх мэт нийгмийн сүлжээний платформууд өөрсдийн бүтээгдэхүүнийг борлуулахын тулд олон жилийн турш ашиглан туршсаар ирсэн.
Цахим худалдаа нь брэндүүдийн худалдааны шинэ цэг болсон бөгөөд энэ хандлага улам л хүчтэй болох болно. Вэбсайт болон офлайн store гэх мэт бусад хэрэгслүүдтэй нэгэн зэрэг худалдааны гол суваг болох бөгөөд брэндүүд болон маркетерууд эдгээрийг ашиглаж, “social commerce”-г өөрсдийн борлуулалтын стратегидаа тусгах шаардлагатай биз ээ.
4. Видео контент илүү их ноёрхлыг авчирна.
Видео контент бол хамгийн сэтгэл татам агуулгатай контентийн нэг бөгөөд сошиал медиа хэрэгслээр бусад бүх төрлийн контентийг бодвол илүү ирээдүйтэй төрлөөр шалгараад байгаа юм.
Cisco-ийн хийсэн судалгаагаар 2022 он гэхэд бүх сошиал агуулгын 82% нь видео контент байх болно хэмээжээ. Энэ нь сошиал медиа-д видео контент ашиглаж эхлэх нь хичнээн чухал болохыг харуулж байгаа юм. Видео контентын хувьд дунджаар 44 секундээс ихгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Фэйсбүүкт илүү богино видео амжилт олох бол Youtube сувагт илүү түүх өгүүлсэн, үнэ цэнтэй видео ноёрхоно
Хэрвээ та видео ашигладаггүй бол одооноос эхлэн стратеги, төлөвлөгөөндөө тусгаж өгөх ёстой болж байна.
5. Нөлөөлөгчид (Influencer marketing) өсөн дэвшсээр байх болно.
Influencer маркетинг нь шинэ чиг хандлага биш боловч цаашдаа ч influencer-дын нөлөөлөл өссөөр байх болно. Өнөөдөр сошиал орчинд брэндийг сурталчлахын тулд хэт их мөнгө авдаг нөлөө бүхий хүмүүс давамгайлж байна. Энэхүү хандлагыг хоёр өнцгөөс харах боломжтой. Нийгмийн сүлжээнд нөлөөлөгч хүмүүсийн тоо огцом өссөөр байгаа, нөгөө талаас бизнес эрхлэгчдийн хувьд маркетинг зар сурталчилгааны зардлын үнэ нь нэмэгдэж байгааг харж болно.
Influencer-үүдэд хөрөнгө оруулах нь төлбөртэй зар сурталчилгааны кампанит ажил явуулахаас хамаагүй хямд бөгөөд үр дүн нь ч сайн байдаг. Тиймээс л тасралтгүй улам хүчирхэгжиж байгаа биз ээ.
Мөн “Mакро болон Микро” influencer-үүдийн ялгааг мэддэг, үүнийг ухаалгаар ашигладаг байх хэрэгтэй.
Микро нөлөөлөгчдөд “Энгийн” хүмүүс багтдаг бөгөөд ихэнх тохиолдолд тэд 10,000-аас цөөн дагагчтай байдаг. Энэ төрлийн хүмүүс ихэвчлэн гэрэл зураг авахдаа гаргууд байдаг ба таны бүтээгдэхүүнийг гайхалтай зураг даран хүмүүст хүргэдгээрээ онцлогтой.
Харин Макро нөлөөлөгчдийн хувьд нэрд гарсан алдартай хүмүүс байдаг бөгөөд тэд ихэвчлэн хэдэн арван сая дагагчтай. Тэднийг ашигласнаар таны брэнд олон сая хүмүүсийн өмнө байр сууриа эзэлдэг гэхэд болно.
Хамгийн чухал нь хүмүүс тэнэг биш гэдгийн санах нь чухал. Учир нь таны сонгосон “influencer” танай брэндийн үнэ цэнтэй нийцэж байна уу? Тэр таны бүтээгдэхүүнийг өдөр тутмын амьдралдаа ашигладаг уу? Тэд чин сэтгэлээсээ найз нөхөд, гэр бүлдээ санал болгодог уу? гэх асуултын хариултыг заавал өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Өөрөөр хэлбэл таны бүтээгдэхүүн, брэндэд тэд чин сэтгэлээсээ хандаж чадсан тохиолдолд бусад хүмүүст хүргэж чадна шүү дээ.
Эцэст нь хэлэхэд алдартай байх нь бусдад илүү их нөлөө үзүүлдэг гэсэн үг биш юм шүү.
6. Зохицуулалт болон хууль эрх зүйн хяналт чангарна.
Сошиал медиа хэрэгсэл нь олон давуу талтай боловч сүүлийн жилүүдэд тодорхой сөрөг талууд нэлээдгүй ихсэж байгаатай холбогдуулан мэдээллийн нууцлал ба аюулгүй байдлыг нийгмийн сүлжээнд чангалаад байгаагийн бодит жишээ Фэйсбүүк билээ. Цахим ертөнцөд хэн нэгний тухай мэдээллийг цуглуулж, буруугаар ашиглахад хялбар байдаг. Зарим байгууллагууд ч гэсэн өөрсдийн хэрэглэгчийн мэдээллийг бусад компаниудад зардаг гэсэн яриа ч бий. Тийм учраас “Сошиал платформууд”ын контентын хяналт улам сайжрах болно. Энэ нь бодлогын хүрээнд зөрчилтэй контент орох болон түгээгдэх боломжгүй болж байгаа юм.
Үүнтэй холбогдуулан нийгмийн сүлжээ, зохицуулах хороо, байгууллагууд нормоо чангатгаж, илүү олон бодлогыг хэрэгжүүлж эхлэхээр зорин ажиллаж байгаа юм.
7. Байршлаар зорилтот зах зээл-рүү илүү их тархах болно.
SEO буюу хайлтын системийн оновчлол болох түлхүүр үгнүүд дээрээ анхаарах цаг болжээ. Өнөө үед маш олон брэндүүд газар зүйн тодорхой байршлаас хэрэглэгчээ олж, сонирхлыг нь татахын тулд байршилд суурилсан сурталчилгааг ихээр хийж байгаа. Хэрэв та сошиал медиа контент дээрээ байршил нэмбэл энэ нь тодорхой байршлын хэрэглэгчид-рүү автоматаар хүрэх болно. Тиймээс энэ боломжийг ч төлөвлөгөөндөө тусгаад өгөхөд илүүдэхгүй.
8. Маркетингийн дараах үе буюу GEN Z:
2020 онд та удирдлагыг гартаа авахыг хүсэж байвал GEN Z үеийнхнийг хэрхэвч орхигдуулж болохгүй. Тэдний юу хүсэж байгааг анхаарч төлөвлөгөөндөө тусгах хэрэгтэй. Тэд голдуу ямар сувгийг ашиглаж байгааг, хэзээ, яаж, яагаад ашиглаж байгааг олж мэд.
9. Сошиал медиа болон харилцагчийн үйлчилгээ:
Дижитал эринд таны санал болгож буй харилцагчийн үйлчилгээ нь онлайнаар бүх хүнд хүртээмжтэй байх болно. Энэ нь хэрэглэгчийн санал сэтгэгдлээс гадна үйлчлүүлэгчдийн гомдол, асуудлыг урьтаж мэдэх цаашлаад төлөвлөгөөгөө сайжруулахад тань тусална.
Сошиал медиа хэрэгслээр дамжуулж хэрэглэгчид тухайн өдөр нийгмийн сүлжээн дэх асуулт эсвэл гомдлын хариуг 37% нь 30 минутын дотор хариу өгөхийг хүсдэг бол 6% нь огт хариу ирүүлдэггүй, 31% нь 2 цагийн дотор нэгийг нь авахыг хүсэж байгаа бол 26% нь 4 цагийн дотор дахин сонсохыг хүсэж байгаа нь нийгмийн мэдээллийн хэрэгслээр үйлчлүүлэгчдэд сайн үйлчилгээ үзүүлэх хүлээлт өндөр байгааг харуулж байгаа юм. Тэгэхээр хэрэглэгчдэд зөв хариултыг хурдан өгөхийн тулд зөв зохион байгуулалттай БОТ-с хийгдэх боломжтой.
Дээр дурдсан зүйлс энэ онд сошиал медиа маркетингийн трендэд давамгайлах болон давамгайлж буй зарим чиг хандлага боловч хамгийн чухал зүйл бол танай брэнд бусдаас ялгарах өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгон, онцлог байр сууриа бататгах, хэрэглэгчиддээ мэдлэг олгох, тэдэнд туслах контент өгөх явдал юм шүү.
Та эдгээр чиг хандлагыг давуу тал болгон ашиглаж, өрсөлдөгчдөөсөө түрүүлж алхаарай. Бидний бэлдсэн бяцхан зөвлөгөө ирэх оны тань бизнесийн амжилтад тусална гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: https://influencermarketinghub.com/social-media-trends/ |