Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд Ли Ё Хунийг хүлээн авч уулзлаа. Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд улсын чухал салбарыг удирдах болсонд баяр хүргээд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байгааг тодотголоо.
Хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт өргөжиж байгаагийн дотор эрчим хүчний салбарт түлхүү байр суурь эзэлж буйг тэмдэглээд, хамтран хэрэгжүүлж буй “10 аймгийн төвд дулааны цахилгаан станц барих төсөл” амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр орон нутагт агаарын бохирдлыг бууруулаад зогсохгүй иргэд, аж ахуйн нэгжүүд халуун усанд холбогдох болон дулааны чанарт дэвшил гарах юм. Одоогоор төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээ хийгдэж байна.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх сэргээгдэх эрчим хүч тэр дундаа усан цахилгаан станцын чиглэлээр хамтран ажиллах боломж нээлттэй байгааг тэмдэглээд БНСУ-д боловсрол эзэмшсэн залуус Эрчим хүчний салбарт амжилттай ажиллаж байгааг онцлов.