Б.Нандин-Эрдэнэ: Taekwon-Do-гоор хичээллэж эхэлснээс хойш Жет Ли, Жеки Чан нар шиг алдартай жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй болсон

Америк, Солонгосын кино урлагийн салбарт Монголын залуус хүч сорих болсон. Тэдний нэг бол Болдбаатарын Нандин-Эрдэнэ юм. Түүнийг “Өглөөний зочин” ярилцлагын буландаа урилаа.

Тэрбээр Монгол Улсад энэ сарын 4-ний өдөр албан ёсоор нээлтээ хийсэн “Уолт Дисней- Walt Disney” кино компанийн бүтээл “Мулан” уран сайхны кинонд Хааны дүрийг бүтээсэн алдарт жүжигчин Жет Лигийн бие хамгаалагч жанжны дүрд тоглосон билээ.

Орлон тоглогч, жүжигчин Б. Нандин-Эрдэнэ БНСУ-ын “Jump performance ” театрт ажилладаг бөгөөд түүнтэй цахимаар холбогдож ярилцлаа.

https://www.instagram.com/p/B4bqXGIBNgg/?utm_source=ig_web_copy_link

-Сайн байна уу. Сайхан намаржиж байна уу. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Баярлалаа. Та бүхэн ч бас сайхан намаржиж байна уу. Өглөө.мн сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Болдбаатарын Нандин-Эрдэнэ гэдэг.

Би Дорнод аймагт төрсөн. Анх 4-р ангид байхдаа ITF Taekwon-Do-гоор хичээллэж эхэлснээс хойш тулаантай кинонд дурласан. Яг л Жет Ли, Жеки Чан, Донни Йен нар шиг алдартай жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй болсон.

Тэгээд 10-р ангиа төгсөөд оюутан болсон ч суралцахынхаа хажуугаар Taekwon-Do-гийн спортоо орхилгүйгээр өдөр болгон бэлтгэл хийж байсан. Анх 2007 онд Ace entertainment-ийн хийсэн Монфрешийн рекламд тоглосон. Тэгээд удалгүй тухайн ондоо М.Наранбаатар, А.Лхагвасүрэн хоёр найзынхаа хамт “ACTION “гэдэг нэртэй баг байгуулж орлон тоглогчоор ажиллаж эхэлсэн. Анхны тоглосон кино гэвэл 2008 онд “Цагдаагийн Тангараг” УСК кинонд багийнхаа хоёр найзын хамт гол дүрд нь тоглоод кино гэж ямар зүйл байдгийг анх мэдэрч, дурлаж эхэлсэн.

https://www.instagram.com/p/BtjEVn3n431/?utm_source=ig_web_copy_link


-Таныг Өмнөд Солонгос Улсын “Jump performance ” театрт ажилладаг гэж сонссон. Анх Өмнөд Солонгос улсыг зорих болсон тухайгаа яривал?

-Оюутан байхад хамт сурч байсан н.Сүрэнжав гэдэг найз маань хоёрдугаар курст байхдаа Солонгос улс руу суралцахаар явсан. Тэгээд нэг өдөр надтай холбогдоод “Солонгост “Jump performance ” нэртэй театр байдаг юм байна. Миний найз нэг шалгуулаад үзэхгүй юм уу, чи чадна даа” гээд надад санал тавьсан.

Найзынхаа хэлсэн саналын дагуу 2012 онд WTF Taekwon-Do-гийн Hanmadang олон улсын Taekwon-Do-гийн үзүүлэн тоглолтын тэмцээнээр Солонгос улсыг зориод тухайн тэмцээндээ амжилттай оролцоод Мөнгөн медаль хүртсэн. /инээв/. Тэмцээнээ дуусгаад н.Сүрэнжав найзынхаа хамт одоо ажиллаж байгаа “Jump performance ” театртаа ирж найруулагчтай нь уулзаад сонгон шалгаруултанд оролцож тэнцсэн. Тэгээд буцаад Монгол Улсдаа ирээд визинд ороод 2012 оны 11-р сараас эхлэн “Jump performance ” театртаа ажиллаж эхэлсэн.

Таныг Өмнөд Солонгос Улсын адал явдалт таван кинонд орлон тоглогчоор ажилласан тухай Монголчууд тэр бүр мэдэхгүй байх. Энэ тухайгаа ярихгүй юу? Хэдэн оноос эхэлж орлон тоглогчоор ажиллах болсон бэ?

-Солонгос улсад ирсэн хоёр дахь шалтгаан бол мэдээж тухайн улсын кино урлаг. Яагаад вэ гэвэл миний хүүхэд насны мөрөөдөл нөгөө л тулааны мастерууд болох Жет Ли, Жеки Чан, Донни Йен шиг жүжигчин болох мөрөөдөлтэй байсан. Мөн Азид адал явдалт киногоороо дээгүүрт ордог Солонгос улсын кино урлагт орох мөрөөдөл, зорилго бас байсан. Тэгээд энд ирээд эхлээд Солонгос хэлийг сурч, хажуугаар нь театртаа жүжиглэх уран чадварт суралцаж кино урлаг руу нь орох аргаа хайж эхэлсэн.

Удалгүй Солонгост 20 гаруй жил орлон тоглогчоор ажилласан ах нартай танилцаж 2018 онд нээлтээ хийсэн “REVENGER” нэртэй киноны гол дүрийн орлон тоглогчоор анх ажилласан. Тэрнээс хойш нийт Солонгосын адал явдалт тулаантай таван киноны хоёрт нь гол дүрийн орлон тоглогчоор ажилласан. Хамгийн сүүлд хоёр сарын өмнө “Busan international film festival”-д зориулсан 3D адал явдалт богино хэмжээний кинонд ажилласан байгаа.

Өмнөд Солонгосын алдартай жүжигчидтэй мөр зэрэгцэн кинонд тоглосон талаараа сонирхуулахгүй юу. Тухайлбал, ямар жүжигчидтэй ямар уран бүтээл дээр хамтарч ажиллаж байсан бэ?

-“REVENGER” кинонд БНСУ-ын А зэрэглэлийн жүжигчид болох Park Hee-Soon болон Монголчуудын сайн мэдэх “Old boy” кинонд тоглодог Yoon Jin –seo, Kim In Kwon, “REVENGER” киноны гол дүр болох Bruce Khan нартай хамт ажилласан. Мөн 1990-ээд оны Хонг конгийн тулаант кинонуудад гол болон туслах дүрүүдэд тоглож байсан Kim Wong jin нартай хамт ажиллаж үзсэн.

Одоо хоёулаа ярилцлагаа Монгол Улсад нээлтээ хийгээд удаагүй байгаа “Walt Disney” кино компанийн бүтээл “Мулан” уран сайхны киноны талаар үргэлжлүүлье .MONGOL STUNT Team-ийн 54 гишүүд тус кинонд тоглосон гэж сонссон.

-“Мулан” уран сайхны киноны хувьд өмнө хийгдсэн “Netflix” кино компанийн “Marco Polo – Season 2” –т манай Монголын орлон тоглогчдын холбооноос ажилласан. Тэр үед тухайн киноны морины мастертай танилцсан байсан юм. Тэр морины мастер маань дахин “Мулан” төсөл дээр ажиллах болсон. Урьд нь “Marco Polo” кинонд манай MONGOL STUNT Team-ууд маш сайн ажилласан болохоор “Мулан” төсөлд ажиллах саналыг бидэнд тавьсан. Тэгээд бид 2018 оны намар хоёр сар гаруй хугацаанд ажиллаад ирсэн.

Анх Монголд манай багт энэ мэдээ ирээд удалгүй надруу яриад “ чи ажлаасаа чөлөө аваад ирж чадах уу” гэж хэлэхэд мэдээж маш их баярласан. Тэгээд “ажлаас чөлөө өгөхгүй ч байсан би энэ кинонд явна гэж шууд шийдсэн./Инээв/. Удалгүй нэлээн итгэж ядан Монголд буугаад багийнхантайгаа уулзаад Хүй 7 худаг дээр байрлаж нэг сар гаран бэлтгэл хийсэн. Бэлтгэлийн хугацаа дуусах үед “Walt Disney” компаниас уриалга болон Шинэ Зеланд улсын визийн хамт ирэхэд бүрэн итгэж маш их баярлаж билээ. /Инээв/.

Нэг зүйлийг хэлэхэд MONGOL STUNT Team-ууд 2020 оны хоёрдугаар сараас эхлэн Австрали улсад зураг авалт хийгдэж байгаа Marvel-ийн кинонд ажиллаж байгаа.

-Та “Мулан” уран сайхны кинонд ямар дүрд тоглосон бэ?

-“Мулан” уран сайхны кинонд MONGOL STUNT Team-ийн нийт 54 хүн ажилласан. Бидний хувьд Муланы эсрэг тулалдаж байгаа “Bori khan”-ийн цэргүүдийн дүрд тоглосон. Мөн Жет Ли-гийн найман бие хамгаалагч жанжны нэг болсон. Ер нь орлон тоглогч гэдэг хүн нэг кино нь дээр нэг болохоор манайхан болоод эсвэл дайсан болоод л явж байдаг шүү дээ./Инээв/. Бүхэл бүтэн киноны туршид харагдах хүнд эрсдэлтэй зүйлүүдийг хийдэг. Олон дүрд хувирах шаардлага гардаг.

Жет Ли, Донни Йен зэрэг алдартай жүжигчдийг ойроос харж, тоглож буй кинонд нь орлон тоглогчоор оролцох ямар байв. Сэтгэгдлээ хуваалцаач?

-Маш гоё үгээр илэрхийлэмгүй мэдрэмж төрж байсан. Бидний хувьд биширч хүндэлж явдаг дэлхийн одод шүү дээ. Эхлээд Донни Йенг ойроос харсан. Зураг авалтын үед ариун цэврийн өрөө орох гээд Донни Йенийн асрын хажуугаар явсан чинь хувцасны баг түүний хувцсыг өмсгөж байсан. Тэгээд шууд харц тулгарч өөрийн эрхгүй инээд хүрээд мишээсэн санагдаж байна.

Донни Йен бас надруу хараад инээсэн тэгээд толгой дохиод өнгөрч билээ. Дараа нь Жет Литэй яг хамтдаа зураг авалтанд орсон. Яг хажууд нь хамтдаа алхаж, морь унасан. Бид бас нэг талаараа Монгол хүн, морьтон Монгол гэдгээрээ бахархах хэрэгтэй юм. Яагаад гэхлээр Морины stunt- ууд хэрэг болсон. Жет Ли морио унаад хамгаалагчид болох жанжнуудтайгаа явах scene-д орох болсон. Тэгээд биднээс “хамгаалагчдад тоглох боломж байна уу? Ажиллах хугацааг чинь сунгаж болох уу”гээд production-аас асуусан. Удалгүй хүмүүс сонгож манайхаас 9 хүн сонгогдож Жет Литэй хамт scene-д орсон.Нэг зүйлийг нэмж хэлэхэд Жет Лигийн морины орлон тоглогчоор манай багийн гишүүн А. Лхагвасүрэн гэдэг залуу ажилласан.

-“Мулан” уран сайхны кинонд тоглосон Жет Ли, Донни Йен нартай киноны зураг авалтын үер ярилцах боломж тохиосон уу?

-Хөгжилтэй зүйл хэлэхэд ордон руу Хааны дүрд тоглож буй Жет Ли морьтон хамгаалагчидтайгаа орох scene байлаа. Ордны хаалгаар оронгуут “Bori khan” хааны цэргүүд Хаанаас бусад бид наймыг харваж унагах зураг авалт эд дундаа явж байтал Жет Ли над дээр ирээд Хятадаар баахан юм асуудаг байгаа. /Инээв/. Яагаад тэгсэн бэ гэхлээр намайг JC academy-ийн орлон тоглогч гэж ойлгоод Хятадаар ярьсан юм байна лээ. Уучлаарай би Монгол орлон тоглогч гээд хэлэх гэсэн чинь амнаас нэг ч үг гарахгүй таг гацсан. /Инээв./JC academy нь Жэки Чаны орлон тоглогчийн баг.

-Жет Ли, Донни Йен нартай киноны зураг авалтын үер гар барих зураг авахуулах боломж олдсон уу?

-Ер нь бол гаднын том төслүүд яг хамтран тоглогч жүжигчин биш л бол зургийн талбай дээр гар барьж, зураг даруулах нь хориотой байдаг. Тэр бүү хэл гэрээ нь дээр хүртэл энэ тухай цохон тэмдэглэсэн байдаг.Бидний очихын өмнө нь Донни Йенийн шүтэн бишрэгч хамт зураг авахуулах гэж оролдож байгаад ажлаасаа халагдсан байсан.

“Walt Disney” кино багтай ажиллах үед шинээр харсан, мэдэрсэн зүйлсээсээ хуваалцвал?

-Цагийн хуваарь, төлөвлөгөөний дагуу няхуур ажиллаж байсан. Хүн бүр оногдсон ажлаа маш чадварлагаар гүйцэтгэж байгаа энэ байдлуудыг харж суралцсан даа.

-Та “Мулан” киногоо үзэж амжсан уу?

-Үзэлгүй яахав үзсэн.

Үзээд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Яг л бидний хүүхэд байхдаа үзэж байсан “Walt Disney” бүтээлийн нэгэн адил сургамжтай, гайхалтай хийцтэй сайхан бүтээл болсон байна лээ.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-“REVENGER” киноныхоо багийнхантай хамт арван сард киноны ажилд орох байсан боловч covid -19 болоод ирэх жил хүртэл хойшилсон. Театрын маань тоглолт түр хугацаагаар зогссон боловч Солонгос дотроо бусад хотоор аялан тоглолт хийж байгаа. Удахгүй энэ муухай өвчин арилж буцаад хүн бүхэн хүссэн ажил мөрөөдлийнхөө төлөө алхах байх гэж найдаж байна.

-Хамгийн сүүлд эх орондоо хэзээ ирсэн бэ?

-Би ер нь зун болгон Монголдоо очдог. Монголын маань зуны улирал үнэхээр сайхан шүү дээ. Энэ жил л өнжиж байна. Сovid -19 -ийн улмаас Монгол маань хилээ хаасан болохоор Монгол явах боломжгүй.

Монголынхоо уран бүтээлчдийн хийсэн киног үздэг үү?

-Монгол кинонуудаа үзэлгүй яахав. Монголд байхдаа кинонуудад хамт ажиллаж байсан уран бүтээлч найзууд ах, эгч, дүү нарынхаа бүтээлийг гарах болгонд шимтэн үздэг. Бас монгол уран бүтээлчид киногоо Солонгос Улсад ирж гаргадаг. Тэр болгонд уран бүтээлчидтэйгээ очиж уулзаж киног нь шимтэн үздэг.

https://www.instagram.com/p/B4xbQd-BoXn/?utm_source=ig_web_copy_link

Монголын кино уран бүтээлчдээс хамтран ажиллах санал тавьж байсан уу?

-Хэд хэдэн удаа санал ирж байсан. Тухайн үед цаг зав, театрын гэрээнээс болоод очиж чадаагүй. Удахгүй Монголдоо очин гэж бодож байгаа.

-Таны ирээдүйн зорилго, хүсэл мөрөөдөл

-Миний хийхийг хүсэж байгаа зүйл бол Монгол, Солонгосын уран бүтээлчдийг хамтарсан уран бүтээл хийхэд нь гүүр болох. Мөн Монголын кино урлагт яагаад гаднынхан шиг үзэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн тулаантай кино байж болохгүй гэж.Тийм уран бүтээл хийхийг хүсэж мөрөөдөж явна даа.

Цаг зав гарган бидний урилгыг хүлээн авч, ярилцсанд  баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд өндөр амжилтыг хүсэн ерөөе.

-Tанай хамт олонд маш их баярлалаа. Намайг  “Өглөөний зочин” ярилцлагын буландаа  урьсан явдалд. Мөн энэхүү завшааныг ашиглаад “Мулан” төсөлд урьж оролцуулсан Mongol Stunt холбооны  ерөнхийлөгч Болдбаатар, Удирдах зөвлөлийн гишүүд болох Наранбаатар, Золжаргал нартаа талархсанаа илэрхийлье.

https://www.instagram.com/p/BrAtPLInq-x/?utm_source=ig_web_copy_link

Г.Нараа

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …