Монгол Улсын Хүүхэлдэйн театр, Гүүд нэйборс ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран 4-13 насны хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх, улмаар тэдний дундах шүдний өвчлөлийг бууруулах зорилгоор “Миний хөөрхөн шүдний аялал” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
Төслийн хүрээнд хоёр тал хамтран зорилтот насны хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон 1 жүжгийн уран бүтээл, телевизийн 20 ангит хүүхдийн нэвтрүүлэг, цахим болон хэвлэмэл комик номыг бүтээж байгаа бөгөөд “Миний хөөрхөн шүдний аялал” нэртэйгээр хүүхдийн жүжгийг өнөөдөр нээлээ.
“Миний хөөрхөн шүдний аялал” төслийн хүрээнд бүтээгдэж буй хоёр контент буюу 20 ангит телевизийн нэвтрүүлэг, цахим болон хэвлэмэл комик ном нь хүүхэд багачууд төдийгүй эцэг, эхчүүдэд хүлээлт үүсгэсэн уран бүтээл болох гэнэ.
“Миний хөөрхөн шүдний аялал” төслийн хүрээнд бүтээгдэх уран бүтээлүүдийн зохиолчоор Н.Мандал, найруулагчаар Улсын Хүүхэлдэйн театрын ерөнхий найруулагч М.Ариунтуяа, зураачаар 2019 оны тайз, дэлгэцийн шилдэг зураач Мөнгөн мод шагналын эзэн С.Энх-Од нар ажиллажээ.
Зорилтот насны хүүхэд багачуудын амны хөндийн эрүүл мэндийн мэдлэг боловсролыг театр, дэлгэцийн урлагаар дамжуулан олгох “Миний хөөрхөн шүдний аялал” төслийн хүрээнд бүтээгдсэн шинэ хүүхэлдэйн жүжиг 2020 оны 09 дүгээр сарын 25, 26, 27-ны өдрүүдэд 11:00, 13:00, 15:00 цагаас тус тус тоглох тул хүндэт эцэг эхчүүд, хүүхэд багачууд та бүхнийгээ хүрэлцэн ирэхийг урьж байна.