Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл тэргүүтэй “Соёлыг түгээе” аяны баг Баян-Өлгий аймагт ажиллаж, нийт 2000 орчим иргэний оюунд амжилттай “Соёлыг түгээ”-лээ.
Энэ удаагийн “Соёлыг түгээе” багт МЭХ-ны “Соёлыг түгээгч”-ид болох битбокс Б.Нарандэлгэр, дуучин С.Гантогоо, ХСҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Б.Түвшин нар багтсан бөгөөд тэд Баян-Өлгий аймгийн Сагсай сумын 150 гаруй иргэн, Баян-Өлгий Эмпати сургуулийн 380 ахлах ангийн сурагч, Дарын цогцолбор сургуулийн 390 сурагч, Баян-Өлгий аймгийн 1000 ээж, эмэгтэйчүүдэд гэр бүлийн үнэ цэнэ, хүүхэд хамгааллын асуудал, үндэсний өв соёл, яаж амжилтад хүрэх, өвчин “өвддөггүй” болсон тухай сургалт, лекц, ярилцлага хийсэн юм.
Сүүлийн жилүүдэд охид, эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг хүчирхийлэл нэмэгдэж байгаатай холбогдуулан 96 жилийн түүхт Монголын эмэгтэйчүүдийн холбоо иргэдийн оюун санаанд хувьсгал хийж, хүчирхийлэгч бус хүмүүнлэг, эх оронч иргэн бэлтгэхэд онцгойлон анхаарч 2020 онд “Соёлын довтолгоо-2” төслийн хүрээнд “Соёлыг түгээе” аянг үндэсний хэмжээнд эхлүүлсэн. Тус аяны нээлт өнгөрсөн нэгдүгээр сард Эрдэнэт, Хөвсгөл, Завхан аймагт эхэлж, Сүхбаатар, Дорнод аймгуудад амжилттай үргэлжилсэн бол энэ удаад Монгол Улсын баруун хязгаар Баян-Өлгий аймагт болж өндөрлөлөө.
Соёлыг түгээе аяны багийнхан өнөөдөр Увс аймагт ажиллаж байна.