Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2020.10.07/ хуралдаан 10 цаг 24 минутад 61.1 хувийн ирцтэй эхэллээ.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2019.04.06-ны өдөр өргөн мэдүүлсэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Соёлын сайд С.Чулуун танилцуулав.
Монгол киног дэлхийн зах зээлд өрсөлдүүлэх, кино үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, кино урлагийн салбарыг эдийн засгийн хөгжилтэй уялдуулан хөгжүүлэх эрх зүйн орчин бий болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулсан бөгөөд төрөөс кино урлагийг хөгжүүлэх талаар бодлогын чиглэл, зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын эрх үүргийг болон кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх, кино урлагийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх асуудлыг зохицуулахаар тусгажээ.
Хуулийн төслийг дагалдуулан Соёлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан байна.
Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Г.Амартүвшин, Г.Мөнхцэцэг, П.Анужин, Н.Учрал нар асуулт асууж, гишүүдийн асуултад Засгийн газрын гишүүн, Соёлын сайд С.Чулуун хариулт өгөв.
Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг Кино урлагийг дэмжих сангийн үйл ажиллагааг ямар бодлогоор хэрхэн авч явж байгаа талаар болон тус санд төвлөрүүлэхээр тусгасан 10 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаар тодруулж асуусан бол Улсын Их хурлын гишүүн П.Анужин цирк, кино үйлдвэр, кино театруудын менежментийн хувьчлалыг дагаад үйл ажиллагаа нь доголдсон учир тэдгээрийг сэргээх талаар ямар бодлого, чиглэл баримталж байгааг тодруулав. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал ашиг олох зорилгоор арилжааны кино хийдэг ч өв соёл, түүхээ харуулсан кино хийгдэхгүй байна гээд өв соёл, түүхийг таниулсан киног захиалж хийлгэх, Кино урлагийг дэмжих санг хөндлөнгийн удирдлагатай болгох талаар болон тус сангийн менежменттэй холбоотой цаашид авч хэрэгжүүлэх асуудлын талаар тодруулсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат уран бүтээлчдэд тулгардаг хамгийн том бэрхшээл нь киноны дэд бүтцийн асуудал байдгийг дурдаад төрийн сан хөмрөгийг кинонд ашиглах зэрэг кино үйлдвэрлэлийн шатанд дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулж асуув.
Соёлын сайд С.Чулуун гишүүдийн асуултад хариулахдаа, Кино урлагийг дэмжих сангийн үйл ажиллагааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн дагуу зохицуулдаг, цирк, кино үйлдвэр, кино театр зэрэг менежментийн хувьчлалаар хувьчилсан газруудын үйл ажиллагааг хэвийн явуулах нь шинэ яамны өмнө тулгамдаж байгаа бодлогын асуудал болоод байгаа, мөн Кино урлагийг дэмжих сангийн үйл ажиллагааг хөндлөнгийн төлөөлөл, мэргэжлийн зөвлөлд хариуцуулах, тус санг хөрөнгөжүүлэхэд анхаарч байгаа гэдгийг онцлов.
Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин, П.Анужин, Г.Мөнхцэцэг нар үг хэлж байр сууриа илэрхийллээ. Гишүүд кино урлагийг хөгжүүлэх бодлогын асуудалд төрийн дэмжлэг зайлшгүй байх шаардлагатайг онцолж байв.
Ингээд Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэнээр Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.